Монголын гурван бөх АЛТАН МЕДАЛИЙН төлөө барилдана


Казахстаны Алматы хотноо болж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай эмэгтэй бөхчүүд өнөөдөр тэмцээнээ эхлүүлж, гурван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Дөрвөн бөх тойргоор барилдаж буй 55 кг-ын жинд М.Дөлгөөн Мөнхболдын Дөлгөөн Узбекистаны Мадина Усмонжонова, Казахстаны Айша Уалишан нарыг дараалан цэвэр ялсан. Одоо БНСУ-ын Ким Хюн Жутай барилдах бөгөөд ялж, түрүүлэх магадлал өндөр байна. Учир нь манай бөхөд ялагдсан хоёр бөх хоёул солонгосыг ялсан байгаа юм. 

59 кг. /6 бөх/ Баатаржавын Шоовдор мөн түрүүлэх магадлалтай. Тэрээр Энэтхэгийн Сарита Сарита, дэвжээний эзэн орны Диана Каюмова нарыг ялж, хагас шигшээд Узбекистаны бөхийг ялсан. Алтын төлөө Энэтхэгийн Сарита Саритатай дахин барилдахаар боллоо.

68 кг. /6 бөх/ Энхсайханы Дэлгэрмаа эхлээд Энэтхэгийн Ниша Нишаг цэвэр, дараа нь БНСУ-ын Жеон Юн Суныг 4:0 оноогор хожиж, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр ялсан. Аваргын төлөө Киргизийн Меерим Жуманазароватай барилдана.

50 кг-д барилдсан Н.Анударь, 76 кг-д барилдсан Н.Загардулам нар хараахан медальд хүрсэнгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна