ТОДРУУЛГА: Үзэгчдийн СУГАЛААГ ХАЯСАН асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

С.Гандэлгэр
2021/04/16

Өчигдөр /2021.04.15/ ТВ-9 телевизээр оройн 17:00 цагийн үед "Хиймортой 20" сугалааг шууд дамжуулсан.

Тус нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр үзэгчдийн сугалааг шидэж буй үйлдэл нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Уг үйлдэл нь тус сугалаа шударга бус явагддаг бөгөөд иргэдийн мөнгийн залилж байж болзошгүй хэмээн иргэд дургүйцээд байгаа юм. 

Шууд нэвтрүүлгийн үеэр болсон уг үйлдэлтэй холбогдуулан ТВ-9 телевизийн зүгээс мэдэгдэл гаргахдаа

 "Манай телевиз 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Сангийн яамны тусгай зөвшөөрөл бүхий “Эгнэшгүй их” ХХК-тай эфирийн цаг түрээслэх гэрээ байгуулж, сугалааны нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан. Ингэхдээ шууд дамжуулалтын явцад тухайн компанийн алдаатай байж болзошгүй үйлдэл болсон тул гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдэж байна" хэмээсэн бол "Эгнэшгүй их" ХХК-ийн зүгээс ""Сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал байхгүй. Хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учир шидсэн гэсэн асуудал гарсан. Хөтлөгч болон телевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид санал гомдолоо хүргүүлсэн болно" хэмээн мөн мэдэгдэл гаргасан юм.

Тус сугалаатай холбоотой асуудлыг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Эхлээд тус  асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй болох нь хяналтаар нотлогдвол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах заалтаар шийтгэх аж.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.70
    2021/04/20

    Монголын цагдаа сошиалын сенсацаар ажлах хийдэг болчихсон юм уу? Гадуур гэмт хэрэг чинь дийлдэхээ байлаа шүү!

    Хариулах