Токиогийн Олимпыг цуцалж магадгүй нөхцөл байдал үүсчээ

С.Гандэлгэр
2021/04/17

2020 оны зун Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан зуны Олимпын 32 дахь Наадам нь коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас нэг жилийн хугацаанд хойшилсон билээ. Гэвч 2021 оны байдлаар зохион байгуулагч Япон улс болон дэлхий даяарх Ковид-19 цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан, хэрэв цаашид асуудал улам хүндэрвэл Олимпын наадмыг цуцалж болзошгүй талаар тус улсын эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай мэдээлсэн байна.

Тэрбээр хэдий шууд цуцлах талаар мэдэгдээгүй ч, дараах сонголт байж болох талаар нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан нь олон нийтийн дунд болгоомжлол үүсгээд байгаа юм. Тошихиро Никай нь Японы улс төрд олон жил хүчин зүтгэсэн хүний хувьд эрх баригчдын түвшинд яригдаж буй асуудлын талаар бүрэн мэдээлэлтэй байх боломжтой гэсэн таамаглалын дагуу түүний энэхүү яриа нь эрчээ авахад хүрчээ.

Харин үүний дараагаар Олон Улсын Олимпын Хорооны дэд тэргүүн Жон Котэсийн зүгээс наадмыг цуцлах талаар ямар ч яриа гараагүй гэдгийг олон нийтэд мэдээлсэн байна. Японы улсын зүгээс өнгөрсөн хугацаанд тус наадмыг зохион байгуулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй бөгөөд, сүүлийн үеийн байдлаар тэмцээнийг гадаадаас хүрэлцэн ирсэн үзэгчидгүйгээр явуулах шийдвэр гаргасан билээ. Түүнчлэн 7-р сарын 23-ны өдөр Олимпыг эхлүүлэх тов хүртэл гаргаад байна.

Ойролцоогоор 100 орчим хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед Япон улсад халдварын нөхцөл байдал эргээд хүндэрч байгаа нь Олимп зохион байгуулагдах эсэх эргэлзээг ард иргэдийн дунд дахин төрүүлэхэд хүргээд байгаа юм.

Эх сурвалж: DW



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна