МХЕГ: Haribo зэрэг 5 төрлийн чихрийг худалдаанаас татсан

2020 оны 05 сарын 27

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хүргэлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: "Ковид-19-тэй холбоотойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн УОК-ын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу МХЕГ хяналт тавьж ажиллана. 
Баяртай холбоотойгоор томоохон худалдааны төв супермаркетууд хүүхдийн багц бэлгийг боож ард иргэдэд худалдаалдаг. Чанар аюулгүйн байдлыг хангаж байна уу, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн байгаа эсэхэд урьдлчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн.  

Хяналт шалгалтын үеэр Алтан жолоо импекс ХХК-ны Сансар найт сүлжээ дэлгүүрт хүүхдийн бэлгийн багцад орсон Haribo чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй, Home Plaza ХХК-ны бэлгэнд боосон 5 төрлийн чихэр хаяг шошгын зөрчилтэй, Нано ХХК-ны нэг төрлийн чихэр шошгын зөрчилтэй байсан.  Шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, урьдчилан сэргийлэлт хийж ажилласан. 

Түүнчлэн 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73.4 хувийг газар дээр нь арилгуулсан. 

Мөн хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгасан. 65 ААН-д 37 сая 550 мянган төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан байгаа. 

ААН-үүд эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллахгүй, зөрчлүүд илэрч байна. Мөн хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн багцалж боосон бэлгэнд хийж байна.

Мөн он сар өдрийг хуурамчаар хийж байна. Нялх хүүхдийн бэлгийг багцалж боохыг хориглосон байдаг. Энэ журмыг зөрчсөн тохиолдлууд илэрлээ" гэсэн юм. 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.