Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах АЮУЛТАЙ


Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус штабын дарга Д.Ганзориг "Бид сүүлийн үед болсон цэргийн албан хаагчдын амь насыг хохироосон, хороондоо ёс зүйгүй харьцсан зэрэг гэмт хэрэг зөрчлийн шалтгааныг тогтоож, таслан зогсоохоор ажиллаж байна. Зэвсэгт хүчин бол аливаа улс төрийн үйл ажиллагаанаас ангид байдаг Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож олон нийтэд сөрөг мэдээ мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхийг бууруулах, төр засаг, зэвсэгт хүчиндээ итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад гаднын улс орнуудын өгөөш болох эрсдэлтэй байдлыг бүрдүүлж байна. Зэвсэгт хүчнээ улстөржүүлэх, улс төрийн хямралдаа цэрэг армийг татан оролцуулснаар иргэний дайн дэгдэж, улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олон бий. Ийм гашуун түүх манай улсад битгий бий болоосой гэж хүсэж байна. Намайг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдоход УИХ-ын гишүүд зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгахыг захиж байсан. Тухайн үед "Үндэсний фронт" гээд хөдөлгөөн бий болсон байсан. Тэр хөдөлгөөнд бэлтгэл офцерууд багтаж байсантай холбоотойгоор цаашид ийм байж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Өнөөдөр эргээд харвал Бүх цэргийн нэгдсэн холбоо гэж байгуулагдсан байна. Энэ холбоо анх байгуулагдахдаа цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангана гэсэн үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэж байсан. Энэ холбооны дүрмээр бол уг холбоог Ерөнхий сайд ахлах ёстой. Одоо энэ холбоог МАН-ын дарга ахалж байгаа. Энэ асуудлыг хууль сахиулах байгууллагууд шийдвэрлэх байх гэж бодож байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын Ёс зүйн дэд хороо зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг хэлэлцсэн. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэхээр ажилласан нь сайн. Бид ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүндэтгэж явдаг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцэж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах алхам хийсэн гэж үзэж байгаа. Улс төрийн тоглолт хийж улс орны батлан хамгаалах хүчин чадалтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх нь төрийн болон албаны нууц алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Эрхэм улстөрчид маань зэвсэгт хүчний үйл ажиллагааг улстөржүүлэхгүйгээр шийдвэрлэж байх нь улсын эрх ашигт нийцнэ гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Зэвсэгт хүчин хариуцлагаас зүгтээгүй төр, эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа бид үнэн ч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэрийг зэвсэгт хүчин хүндэтгэн биелүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабад хүрэлцэн ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар байгуулсан ажлын хэгсийн ажлыг дүгнэж холбогдох шийдвэрүүдийг гаргах үүрэг өгсөн.

Хоёрдугаарт, зэвсэгт хүчний 100 жилийн ойн арга хэмжээнүүдээс хойшлуулсан арга хэмжээг хэзээ зохион байгуулах боломжтой талаар санал солилцсон.

Гуравдугаарт, Бүх цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.

Өчигдөр МАН мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийн Зэвсэгт хүчний жанжин штабад ажилласан үйл явдлыг улс төрийн зорилготой мэтээр мэдээлсэн. Үүнийг албан ёсоор няцааж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.