Б.Оюу-Эрдэнэ: Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн нууцыг хугацаагүй хамгаалахаар хуульчилсан


Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдоод хагас жил гаруй болж байна. Тэрбээр “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Би 17 жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан. 2016-2020 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Өмгөөллийн тухай хуулийг боловсруулах Дэд ажлын хэсэгт орж, орон нутгаар явж үзэл баримтлалыг танилцуулж, өмгөөлөгчдийн санаа бодлыг сонсох зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн. 2020 онд ерөнхийлөгчөөр сонгогдож Өмгөөллийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд надад бэрхшээлтэй зүйл байгаагүй. 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Өмгөөллийн тухай хууль батлагдсанаар тухайн хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэн хариуцлагатай бөгөөд цаг хугацаа шаардагдсан ажлыг Өмгөөлөгчдийн Холбооны шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй хийж эхлүүлээд хагас жил өнгөрч байна. 93 жилийн түүхтэй өмгөөлөгчдийн байгууллага түүхэндээ дөрвөн удаа хууль батлуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хууль юм. Ийнхүү анх удаа төрийн мэдэлд байсан чиг үүргүүдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлснээр төрөөс болон улстөрчдөөс хараат бусаар ажиллах өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулж өгсөн. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн 13.1.10-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх, хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах”, 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх” зэрэг өмгөөлөгчийн эрх үүргийг хуульд тодорхой болгож өгсөн. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч буй иргэн, хуулийн этгээдийн нууцлалыг хугацаагүй тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн баталгааг хангасан зохицуулалт болсон. Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн дараах гурван тохиолдолд үйлчлүүлэгчийн нууцыг задалж болохыг заасан. Нэгдүгээрт, тухайн үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх гэж буй тохиолдолд, хоёрдугаарт мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй холбоотой, гуравдугаарт шүүх дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний маргаан гарсан тохиолдолд нууцыг задалж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд хугацаагүй үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаалах учиртай” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.125
    2021/04/23

    гэрээний маргаан гарсан нууц задална гэж юу байхав дээ зүгээр маргаанаа л хоорондоо ярина шүү дээ

    Хариулах