Ж.Амгалан: Хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийж, хөл хориог илүү чангатгана

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 05 минут

Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улс дэлхийн жишгийн дагуу "ногоон", "шар", "улбар шар", "улаан" түвшинд шилжин ажиллаж байгаа. Энэ удаа "улаан" түвшинд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад "улаан" түвшингийн үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэхдээ үүнийг дагаад машин болон явганы хөдөлгөөн их байгаа тул дахин зохицуулалт хийх шаардлага үүссэн.

Иргэд өмнөх хатуу хөл хорионы түвшин шиг энэ удаагийнхыг төсөөлж байсан байх. Гэтэл өмнөх шиг түвшинд хүрэхгүй байгаа болохоор халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм. 

Иймд холбогдох судалгааг дахин хийж, "улаан" түвшингийн үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаашид хөл хориог нэлээд хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ.

Цар тахлын үед тангараг өргөсөн төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөгддөг цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллагынхан гурван ээлжээр явж байгаа байх. Мөн төрийн албан хаагчдыг татаж оролцуулах ажил зохион байгуулагдахгүй. Энэ талаарх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.