ЭМГЭНЭЛ

6 цаг 56 минутын өмнө

  Самбалхүндэв овогтой АЛТАНГЭРЭЛ (1943-2021)

 Монгол Улсын төрийн соёрхолт, Зөвлөх инженер, геологич бидний хайртай хүн Самбалхүндэвийн Алтангэрэл 2021 оны 4 сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч бидэнд хүнд гарз тохиолоо.

Тэрээр Монгол улсын Тэргүүний геологич цол тэмдэг, ЗХУ-ын (хуучин нэрээр) Геологийн яамны Хүндэт жуух, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнагдсан ба 2010 онд  ашигт малтмалын хайгуулын судалгааны  чиглэлээр Монгол улсын Зөвлөх-инженер-геологич зэрэг зэрэг цолтой байлаа. Мөн  “Монголын геологи ба ашигт малтмал ” хэмээх 8 боть цуврал бүтээлийн “ Металл бус ашигт малтмал” хэмээх 7 дугаар ботийг зохиоход оролцож, хариуцсан эрхлэгч, зохиогчоор ажилласан болно. Энэ бүтээлээрээ 2014 онд Монголын геологийн холбооны “Шилдэг бүтээл” батламж авсан бөгөөд түүний Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг нь  өндрөөр үнэлэж 2018 онд Монгол Улсын Төрийн  соёрхол хүртээсэн болно.

Тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1943 онд төрсөн  ба 1952 онд Улаанбаатар хотын 11 болон 6-р сургуульд суралцан 1962 онд 10-р анги төгсжээ. С.Алтангэрэл нь геологич болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 1962 онд  МУИС-ийн геологийн ангид элсэн орж 1970 онд МУИС-ийг ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэрэгжлээр төгсжээ.

1974 оноос Барилгын материалын  экспедицид инженер-геологич, ангийн дарга, ерөнхий инженерээр, 1982 оноос Төвийн геологийн экспедицийн, 1994 оноос Геологи, шинжилгээний “Алмаас ХК”-д ерөнхий геологичоор, 1996-1997 онуудад Монголын геологийн алба, Геологи-эрдэс баялагийн хүрээлэнд төслийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар, 1998 оноос Геологийн судалгааны Төвд Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны “Чулуулаг ба эрдэс материалын судалгаа”, “Металл бус ашигт малтмалыг илрүүлэх, судлах” төслүүдийн  группын монголын талын удирдагч, ерөнхий геологичоор, 2001 оноос АМХЭГ-ын Геологийн мэдээллийн төвийн  Төрөлжсөн мэдээллийн сангийн группт ахлах инженерээр ажиллаж байсан.

Нийтдээ барилгын материалын хайгуул, судалгааны чиглэлээр тасралтгүй 50 жил ажиллаж иржээ. 1970 оноос эхлэн  барилгын материалын  эрдэс түүхий эдийн ба металл бус ашигт малтмалын  геологийн судалгаагаар ажиллаж ирсэн ба 1970-2016 онуудад  нийтдээ улсын ба орон нутгийн хэмжээний  үйлдвэрүүдийн  хэрэгцээг бүрэн хангаж  чадах 50 гаруй ордод эрэл-хайгуулын ажлыг гардан хийж, тэдгээрийн нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг зохиож батлуулсан болно.

Түүний судлагдсан хувийн ба улсын үйлдвэрийн ач холбогдолтой томоохон ордуудыг дурьдвал:

Сонгины элс-хайрганы хольцын, Гишүүний амны элс-хайрганы хольцын, Элстийн голын силикатын элсний, Аралтын худгийн шохойн чулуу, Хөтөл-II шохойн чулууны   Найрамдал тоосгоны шаврын ба керамик хавтанцарын түүхий эдийн, Бага нуурын районд  Нүүрэнтийн барилгын чулууны, Байдлагын элс-хайрганы хольцын, Шороотын элсний, Салхитын элсний, Баянцагааны галт уулын шаарганы, Судлын болорын 8 ба 12-р судлын, Цахиуртын гантигийн,  Хөх цавын шохойн чулууны, Хэц толгойн шохойн чулууны, Хужирт булгийн шохойн чулууны, Бөхтийн, Цагаан чулуутын шохойн чулууны, Хөх дэлийн шохойн чулууны   зэрэг ордууд болно. Үүнээс гадна орон нутгийн чанартай, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулан тэдний захиалгаар олон арван тоосгоны шаврын, барилгын чулууны, элс хайрганы, элсний ордуудын хайгуулыг хийж нөөцийг нь тогтоож ЭБМЗ-д оруулан батлуулсан болно.

Түүний ажилдаа хандах хариуцлагатай зан чанар, хүнлэг энэрэнгүй, үнэнч шудрага, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэж үлгэр дуурайлал болсоор байх болно.

Гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь гүн эмгэнэл илэрхийлье.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.127
    2021/04/25

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 66.181.191.198
    4 цагийн өмнө

    ум амгалан болтугай

    Хариулах