Онцлох сурвалжлага: Хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалт...

11 цаг 26 минутын өмнө

Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорио ням гаригт дуусах байсан ч тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгалаа. Учир нь халдварын тархалт дөрөвдүгээр сар гарснаар эрчимтэй нэмэгдэн, өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж, дунджаар 4-5 хүн цар тахлын улмаас амиа алдаж байна.  Тухайлбал, өчигдрийн 11:00 цагийн байдлаар Монгол Улсад 30483 хүн COVID-19 халдвар авч, 78 хүн нас барлаа. Иймээс манай улс COVID-19 халдварын тархалтыг зогсоохын тулд энэ сарын 23-наас вакцинжуулалтыг дахин эхлүүлээд байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 60 мянга  орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Ийн бид хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалтын явцыг сурвалжлахаар бямба гарагийн 12:00 цагийн үед III сургуулийг зорилоо. Ингэхдээ замд таарсан цагдаад үнэмлэхээ шалгуулан вакцины хоёрдугаар тундаа хамрагдах учраа хэлэн цааш явсан юм.

"Вакцинжуулалтын зохион байгуулалт сайн байна"

Тэнгэр бүрхэг, цаг агаар таагүй, салхитай байснаас үүдсэн үү биднийг очиход тус сургуулийн гадаа нэг ч хүн байсангүй. Харин сургуулийн дотор талд үүднээсээ эхлэн хоорондоо хоёр метрийн зайтай суудал дээр 10 гаруй хүн эгнэн суужээ. Тэдний ихэнх нь ахмад настан байв.

Тус сургууль дээр Сүхбаатар дүүргийн VII, VIII, X хорооны иргэд COVID-19 эсрэг вакциндаа хамрагдаж байгаа юм. Тиймээс дотогш орох үед үүдэнд суусан угтагч эмч аль хорооноос явж байгааг лавлан, улавч өмсөөд дотогш нэвтрэхийг зөвлөж байв. III сургууль дээр вакцинжуулалт хийх болон бүртгэлжүүлэх тус бүр гурван танхим, ажиглалтын нэг танхимыг вакцинжуулалтад зориулан нээжээ.

 Биднийг очих үед ээлжээ хүлээн танхимын гадаах сандал дээр сууж байсан 60 орчим насны эмэгтэй зургийг нь дарж өгөхийг гуйлаа. Учир нь хорооноос нь вакцинд хамрагдсанаа зургаар баталгаажуулахыг зөвлөжээ. Тэрбээр “Хүүхдийнхээ утаснаас зураг харсан чинь олон хүн бөөгнөрчихсөн дараалал ихтэй байсан. Тэгэхээр нь өнөөдөр бас тийм байгаа болов уу гээд эрт иртэл ямар ч дараалал алга. Ирээд хэдхэн минут хүлээж сууж байна. Зохион байгуулалт  сайн байна” гэж ярилаа. Суурин 120 цэг, явуулын 40 цэгээр дамжуулан вакцины хоёр дахь тун, эхний тундаа хамрагдаж амжаагүй 55-аас дээш насныхныг хамруулж байгаа юм. Тиймээс эхний тунтай харьцуулвал дараалал бага байлаа. Өмнө нь эхний тундаа гуравдугаар сарын 19-нд  тус сургууль дээр хамрагдахаар 12:00 цагт ирээд гурван цаг зогссоны дараагаар вакциндаа хамрагдаж байсан юм. Хүмүүсийн дараалал ч төгсгөл нь үл мэдэгдэм их байсан билээ. Мөн тухайн үед ээлжээ хүлээсэн хэд хэдэн хүн сандлаа ойртуулан буу халцгааж, түүнийг харсан эмч “Битгий яриад бай гээд сандлыг нь ар араас нь харуулаад суулгаж байхад сандлаа эргүүлээд яриад байх юм. Та нарыг яах вэ байз” хэмээн чангаар инээн хүмүүсийг баясгаж байсан юм. Харин энэ удаа хүн цөөн учир чимээгүй, нам гүм байлаа.

Түүний дараа хоёр минут орчмын дараа бидний ээлж болж эхний анги руу орж бүртгэлээ хийлгэлээ. Бүртгэл хийж байгаа эмчид регистрийн дугаараа хэлэхэд эхний тунгаа хэзээ хаана хийлгэсэн мэдээлэл гарч ирж, эмч хоёр дахь тунгийн мэдээллийг нэмж орууллаа. Ингэснээр иргэд e-mongolia аппликейшнээс вакцинд хамрагдсан гэрчилгээгээ англи болон монгол хоёр хэлээр авах боломж бүрдэж байгаа юм.

"Вакцинжуулалтадаа идэвхтэй хамрагдаж, халдвараас хурдан салахыг уриалж байна”

Үүний дараа үзлэгийн эмч дээр очлоо. Эмч даралт үзсэний дараагаар өмнөх тунгийн дараа ямар шинж тэмдэг илэрсэн, хариу урвал хэр их байсан талаар лавлаж асуулаа. Тийн дараагийн эмч дээр очиж вакциндаа хамрагдлаа. Эмч хөргүүрээс вакцин гаргаж ирээд БНХАУ-ын Синофармын Vero Cell вакцин хэмээгээд үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг нь харууллаа.

Тэрбээр хүн бүрт вакцин тарих бүртээ нэг удаагийн бээлийгээ сольж байсан нь халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгааг илтгэв. Ийн вакцинаа тарьсны дараагаар “Толгой өвдвөл парацетамол, үе мөч өвдвөл дикло денк уугаарай. Хоёр хоног ус хүргэж болохгүй. Тариулсан газар загатнах, улайх шинж тэмдэг илэрвэл хүйтэн жин тавих болон ямар нэгэн тос түрхэж болохгүй. Удахгүй зүгээр болно. Ажиглалтын өрөөнд 15-20 минут сууж байгаад яваарай” гэсэн зөвлөгөөг хүн бүрт өгч байлаа. Биднийг тариулсны дараагаар эмч “280 дахь хүн шүү” хэмээн вакцин хийсэн бүртгэгч эмчид хандан хэллээ.Манай улсын Засгийн газар БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900 мянган тун Vero Cell вакциныг худалдан авч байгаа. Эхний 300 мянган тун вакцин  энэ сарын 22-ны орой, 300 мянга нь маргааш нь ирсэн бол үлдсэн 300 мянган тун вакциныг  баасан гаригт татан авсан юм.

Дараа нь “Ажиглалтын өрөө” гэсэн бичигтэй танхимд хоорондоо 2-3 метрийн зайтай сандалнуудыг байршуулжээ. Биднийг орох үед тус танхимд хүн байсангүй. Харин энэ танхимын эсрэг талын ангид дөрвөн хүн хоорондын зай барин сууж байлаа. Ажиглалтын өрөөнд 15-20 минут болсны дараагаар хэдэн минут өөрийгөө ажигласнаа бичин, гарын үсэг зурж баталгаажуулснаар вакцинжуулалтын явц дуусаж байгаа юм. Вакцинжуулалтдаа хамрагдчхаад буцаж байгаа эмэгтэй “Би Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн. Одоо 21 настай. Санасныг бодвол маш хурдан хамрагдчихлаа. Олон хүнгүй учир айх зүйлгүй байлаа. Гэхдээ олон хүн ирсэн ч зайг сайн бариулж байгаа гэж өчигдөр вакцинд хамрагдсан танил маань хэлсэн. Эмч нарын харилцаа маш сайн байна. Вакцинжуулалтадаа идэвхтэй хамрагдаж, халдвараас хурдан салахыг залуустаа уриалж байна” гэв.Энэ бүхэн хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалтын явц зохион байгуулалт сайн, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаж байгааг илтгэнэ.

Ням гарагийн 18:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45824 иргэн вакцинд хамрагджээ. Нийт 109 цэгт 250 багийн 1733 эмч, ажилтан ажиллаж, I тунд 15315, II тунд 30509 нийт 45824 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд I тунд 523958, II тунд 204838  иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.Вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоногт дархлаа тогтоно.  Тиймээс вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусаар хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулж буй. 

Ийн ням гаригийн байдлаар Монгол Улс даяар 678 мянган хүн эхний тундаа, 212 мянган хүн II тундаа хамрагдаад байна. Вакцинд хамрагдах ёстой зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэн байгаа юм. Тэдгээрийг вакцинжуулахад нийт 4.1 сая тун вакцин шаардлагатайгаас 1.7 сая тунг хүлээн аваад байна.

Вакцинжуулалтаас биднийг буцах үед дөрөв таваараа бөөгнөрсөн хүүхдүүд, дугуйтай хүмүүс, хүүхдээ дагуулсэн эцэг эхчүүд хаа сайгүй харагдана. Масктайг эс тооцвол жирийн үеэс бараг ялгаа алга байв. Харин даваа гаригаас унадаг дугуйг хориглож, автомашинуудыг QR кодоор зорчуулж, хөл хориог чангатгахаар болсон юм.

Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй байх, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй байх, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх, эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах юм.Харин вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө авах юм. Мөн вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.84
    8 цагийн өмнө

    Орос вакцин хүлээгээд л сууж байна

    Хариулах
  • 192.82.67.86
    10 цагийн өмнө

    Орос вакцин л хийлгэмээр бна иргэдийнхээ хүсэлтийг яагаап харгалзахгүй бна

    Хариулах