Өндрөөс унасан багш эмэгтэй хагалгаанд орж чадалгүй нас барсан


Нийслэлийн 97-р сургуулийн гурван давхраас тус сургуулийн багш унаж нас барсан хэрэг өчигдөр гарсан юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төсвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нас барсан 43 настай эмэгтэй нь сургуулийнхаа гурван давхрын аваарын шатнаас унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч хагалгаанд орж амжилгүй таалал төгссөн. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс явуулж байгаа. Камерын бичлэг зэргийг нотлох баримтаар хураан авсан” гэлээ.

Мөн Булган аймагт салсан эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 16-нд гарсан. Тус хэргийн талаар “Задлан шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байгаа. Тухайн үед хүүхэд нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтоохоор Булган аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхдүүдийг нь ар гэрийнхний хамгаалалтад өгсөн. Хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна