Монголын бокс 73 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй ГАВЬЯАТТАЙ боллоо


Монголын бокс 73 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй гавьяат тамирчинтай боллоо. Тодруулбал ОУХМ М.Нандинцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнагдав. Тэрбээр боксын спортоор 15 жилийн турш тасралтгүй хичээллэхдээ жилээс жилд амжилт өөд тэмүүлсэн он жилүүд байлаа.

Монгол Улсын насанд хүрэгчдийн 11, Залуучуудын хоёр удаагийн аварга, Казакстан, Индонез, Тайван, Кипр, БНХАУ, ОХУ-д улсад уламжлал болгон зохиогддог олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

Мөн БНСУ-д зохион байгуулагдсан “Инчон-2014” Азийн наадмаас хүрэл, 2015, 2017, 2019 онд зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл, 2010 онд Казакстаны Астана хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 2013 онд ОХУ-ын Хантый Мансиск хотод болсон Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль хүртсэн билээ.

Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан.

Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 15-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан X дахь удаагийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээрээ Монголын эмэгтэй боксчдоос анхны медалийг эх орондоо авчирсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна