Б.Жагзмаа “Би олон сэтгэл зүйн дайралтад өртөж байлаа”

2020 оны 07 сарын 09

“MNTM” 2017 шоу тэмцээний  шилдэг оролцогч,  “Pose Photo Model” агентлагийн менежэр, “Андра” академийн гэрээт загвар өмсөгч Б.Жагзмаатай ярилцлаа. 
 
-Загвар өмсөгчийн тань анхны гараагаар яриагаа эхлэе. Анх яаж загварын салбарт орж байв? 
- Загвар өмсөөд зургаан жил болж байна. Хамгийн анхны маань тэмцээн дунд сургуулийн загварын тэмцээн байсан. Тэнд “Андра” академийн моделиуд ирж тайзан дээр алхахад тэр байгууллагад оръё гэж шийдсэн. 15 настай тэр үеэс загварын гараагаа эхэлсэн. Ер нь багаасаа мисс, модель болохыг хүсдэг байлаа. 


-Ямар тэмцээнүүдэд орж амжилт гаргасан бэ?
- Ерөнхийдөө улсын болон олон улсын олон тэмцээнүүдэд орж байсан. Хамгийн анхны тэмцээн маань “MNTM” 2017 байсан. Түүний дараа “Miss World Mongolia” 2017 шилдэг 9-д үлдсэн. Мөн “Үнсгэлжин” 2018, “Хүслэн” гэх мэт улсын чанартай тэмцээнүүдэд тэргүүн байрнуудыг эзэлж байлаа. 
Гэхдээ жижиг тэмцээнүүдийш нээх их яриад байдаггүй. “Miss Mongolia”2017-д мөн шилдэг оролцогч, хамгийн сүүлд Солонгосоос албан ёсоор зохион байгуулагддаг “Shinhanryu Super Model Contest” 2020 Азийн моделийн тэмцээнд Монголд 2-дугаар байранд, Азид “Олны хүндэтгэлийг хүлээсэн модель” шагнал хүртэж ирсэн байгаа. 

 

Jagzmaa Bayar-н зураг.


-Орчин үед олон өсвөр насны охидууд модель болох хүсэлтэй болсон байна. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Одоо модель, мисс болох хүсэлтэй маш олон охид, залуучууд байдаг болсон байна. Миний бодлоор гараагаа зөв эхлэх хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн. Зөв агентлагт сайн багштай хамт эхлэх нь маш чухал. Олон нийтийн дунд янз бүрийн буруу хэвшмэл ойлголт байдаг л даа. Тийм буруу ойлголт өгсөн агентлагууд ч байдаг. Анхны гараагаа зөв эхэлвэл цаашдаа чадварлаг, цэвэрхэн, мундаг модель болж чадна гэж боддог. 


- Тэгвэл ямар ямар агентлагуудыг санал болгох вэ? 
- Зургаа дах жилдээ харъяалагдаж буй “Андра” академийг санал болгоно. Мөн “Pose Photo Model”-ыг санал болгож байна. Бусдад нь орж үзээгүй болохоор мэдэхгүй байна. 

 

Jagzmaa Bayar-н зураг.


-Моделиуд дотроо маш олон төрөл болж хуваагддаг. Чиний хувьд фото моделиос гадна өөр төрөлд хамаарагддаг уу? 
- Хамаарагддаг. Би өргөн мөртэй болохоор runway модельд орж болдог. Үүнээс гадна бикини модель, өмнө нь фитнес моделийн төрөлд байсан. 


- “Runway” модель байхын тулд  ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? Биеийн харьцаа, өндөр, царай гэх мэт. 
- Өндөр 170см-ээс дээш, жингийн хувьд 55 кг-аас хэтэрдэггүй, харин биеийн харьцааны хувьд жижиг хөхтэй байх ёстой.  Царай төрхний хувьд өвөрмөц байх тусам илүү давуу талтай.

 

Christine Huang-н зураг.


-Ямар чиглэлээр суралцдаг вэ? Ер нь ирээдүйн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ? 
- МУИС-ийн Сэтгэл судлалын ангид суралцдаг. Одоо гуравдугаар курс. Моделийн чиглэлээр насан туршдаа ажиллахгүй гэж боддог. Ирээдүйд сэтгэл судлалын хүрээлэнтэй болохыг хүсдэг. Мөн багаасаа олон зүйлийг хийж, сурах хүсэлтэй байсны  нэг нь хувцас загвар гаргах, тэрийгээ оёох. Тэр үүднээсээ дизайнер болохыг бас хүсдэг. Эсвэл хувь хүний дотоод сэтгэл зүйд тааруулж хувцас загвар гаргах гэх мэт олон зүйлсийг төлөвлөсөн байгаа. Хамгийн ойрын зорилго бол сургуулиа амжилттай төгсөх, цаашдаа олон гоё, сонирхолтой зүйлүүд хийнэ. 


-Та фото модель чиглэлээр ажиллдаг. Аль нэг брэндийн нүүр царай болсон уу 
- Хамтарч ажилладаг олон байгууллага байгаа. Одоогоор “BOJSS cosmetic”-ийн нүүр царайгаар гурван жил, “Алтжин бикини” шоуны нүүр царайгаар нэг жил ажиллаж байна. Өмнө нь мөн олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан. 

Sukhbaatar Tungalag-н зураг.


- Монгол брендүүдийн нүүр царайгаар ажиллахад, тогтоосон цалин гэж байдаг уу. Нэг зураг авалтанд ороод цалин хэдийг авдаг вэ? 
- Миний хамтарч байсан байгууллагуудын хувьд зураг авалт бүртээ цалин өгдөг. Модель болгон өөрийн гэсэн карьертэй, туршлагатай байдаг болохоор цалингийн хэмжээ өөр өөр байдаг. Миний хувьд зургаан жил загвар өмссөн, 500.000-1.000.000 төгрөгийн хооронд цалин авдаг. 

Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй-н зураг.

 -Олон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилласан байх. Хамгийн их нийцтэй нь хэн бэ? 
- “Алтжин бикини”-ийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажиллахад их таатай байдаг. Мөн дизайнер Намуун найзтайгаа их нийцтэй, санаа нийлж хамтардаг.  


-MNTM -ийн анхны дугаарт оролцсон шүү дээ. Тэр үед хамгийн сургамжтай зүйл юу байсан бэ? 
- Тэр үед би 16 настай байсан болохоор маш их шантардаг байсан. “Чадахгүй юм байна” гээд уйлж байсан олон тохиодол бий. Гэхдээ яг хасагдах мөчдөө өөрийгөө бүрэн дайчлаагүй гэдгээ мэдсэн.Шантарч байсан үеүддээ харамсаад илүү их хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. 


Утас, зурагт байхгүй олон охидуудтай нэг сарын хугацаанд юм яриад л, хоолоо идээд л зургандаа ороод л байж байдаг байлаа. Маш хэцүү байсан ч тэр үеэс миний моделийн карьер эхэлсэн болохоор нөгөө талаар баярлаж явдаг. 

Edutainment TV-н зураг.


-”Miss mongolia” 2018-ийн шилдэг 19, “Miss World Mongolia” 2017 оны шилдэг 9  гоо бүсгүйн нэгээр шалгарсан.Энэ үед хамгийн хэцүү зүйл юу байсан бэ ? 
- “Miss World Mongolia” тэмцээний хувьд ачаалал бага байсан тул надад тийм ч хүнд санагдаагүй. Хамгийн гол нь ягаан үстэй байсан болохоор хүмүүст их шүүмжлүүлсэн. Харин “Miss Mongolia”-ийн хувьд ачаалал маш их, ядаргаанд ороод арьс барзайгаад, өөртөө итгэх итгэлээ маш их алдаж байлаа. 

 

Jagzmaa Bayar-н зураг.


-Хувийн амьдрал, хобби сонирхдог зүйл рүү чинь орцгооё. Хосуудын харилцаанд хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ ? Ер нь найз залуутай юу?
- Найз залуутай. Хосуудын харилцаанд бие биендээ итгэх итгэл, хүндлэл хоёр юу юунаас илүү чухал. Хайртай хэрнээ бие биенээ хүндлэхээ больчихсон хүмүүс байнга хэрэлдээд л, муудалцаад байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор хоорондоо ярилцах цаг гаргаж байх хэрэгтэй. 

Jagzmaa Bayar-н зураг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Багаасаа л спортоор хичээллэдэг байсан. Гар бөмбөгийн дэд мастер цолтой. Хувцас загвар гаргаад өөрөө оёх дуртай. Ер нь шинэ жилийн даашинзаа худалдаж авч үзээгүй. Дандаа өөрөө оёчихдог. 


- Сэтгэл судлалаар сурдагийн хувьд асуухад модель охидууд хэр их  сэтгэл санааны хямралд ордог вэ. Сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал юм шиг санагддаг. Хүмүүсийн шүүмжлэл, дарамт шахалтаас үүссэн хямрал, гутралыг хэрхэн даван туулах хэрэгтэй вэ? 
- Би олон сэтгэл зүйн дайралтанд өртөж байлаа. Сэтгэлээр унах үе маш их байдаг ч тэр болгонд өөрөө өөртэйгөө ярилцаж, дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Ийм үеүдэд өөрийгөө гоёж, гангалж тайвшруулдаг охидууд ч байдаг. Миний хувьд би нэг сайхан уйлаад, хүн намайг юу ч гэж хэлсэн ч би хэзээ ч тийм хүн болчихгүй болохоор шууд хаячихдаг. Чадах, чадахгүй эргэлзэх үеүддээ “Хэн нэгний хийж чаддаг зүйлийг би яагаад хийж чадахгүй гэж” гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг.  


Т.Номин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.