Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг ДАХИН АШИГЛАНА


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт дунджаар 170 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай ч Улаанбаатар хотын хэрэглээ 180-200 мянган шоо метр ус байгаа юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авна. Хоёр байгууламж нийт 400 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай болж, тавин хувиар ажиллах боломж бүрдэх юм. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт бохир усныхаа 25 хувийг дахин ашиглаж, III, IV цахилгаан станц руу нийлүүлж, энэ хэрээр Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд хэмнэлт гарна. Барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сард эхэлсэн. Гэрээгээр ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын хоёр компани ажиллаж байна. 25 хятад инженер, техникийн ажилтан, 400 гаруй монгол хүн ажиллаж байгаа. Барилгын ажил дуусахад 2000 орчим монгол хүн ажиллах гэнэ. Гэрээний дагуу барилгын материалын 35 хүртэлх хувийг Монголоос авч байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахын тулд гурван том ажил хийх ёстойг танилцууллаа. Нэгдүгээрт, шинэ төв цэвэрлэх байгууламжтай бохир усны хоолойг холбох ёстой. Гачуурт тосгоноос Дүнжингарав хүртэл 20 км газрын шугам угсралтын ажил хийгдсэн. Дүнжингараваас Төв цэвэрлэх байгууламж хүртэлх 10 км газарт 89 нэгж талбарын газар давхацсан. Үүний газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын захиргаа сайн зохион байгуулж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 оны наймдугаар сард ашиглалтад оруулах учраас 2022 онд багтаан энэ ажлыг хийж дуусах хэрэгтэй байгааг албаныхан танилцууллаа.  Хоёрдугаарт,  төв цэвэрлэх байгууламжийн цахилгааны дэд станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэх ёстой. 2018 оноос хойш үүнийг Улсын төсөвт суулгахаар ажиллаж байгаа ч одоог хүртэл чадаагүй тул үүнд анхаарахыг Ерөнхий сайдаас  хүссэн юм. Гуравдугаарт,  ирж байгаа лагийг хатааж, шатаах үйлдвэр байгуулна. ТЭЗҮ, зургийн ажил хийсний дараа төсөв нь тодорхой болно гэлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх бүх Засгийн газрын хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлыг үргэлжлүүлж, төрийн залгамж халааг хадгалж явна гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна