Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

С.Гандэлгэр
2021/05/29

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар урилгаар оролцсон юм. Тэрбээр энэ үеэр “Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлууд ус, агаар шиг хэрэгтэй байна. Бизнесийн эрхлэгчид хүнд нөхцөлд орсон. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцаж, Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бизнесийг хэрхэн, яаж үе шаттай босгох талаар санал солилцсон. Үйлдвэрлэл манай улсад төдий л өндөр хэмжээнд хөгжөөгүй учраас эдийн засгийн 60 орчим хувийг худалдаа, үйлчилгээний салбарынхан бүрдүүлдэг. Улаанбаатар хотод дорвитойхон бодлогын шийдэл, арга хэмжээнүүд авч, нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргаж, эрх зүй, засаглалын чадамжтай болгох, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт оруулах зоригтой шийдлүүд хийе гэж санал солилцсоны үр дүнд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдлаа.

1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуультай жишихүйц, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн гол зохицуулалтыг хийх хууль байсан ч өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үр дүн гараагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, нийслэлийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх гол хэд хэдэн заалт орсон. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлийн эдийн засгийн бие даасан байдал, засаглалын чадамжийг бий болгох эрх зүйн шинэтгэлийг хийхээр зорьж байгаа.

1990 оноос хойш Улаанбаатар хотод дорвитой суурь өөрчлөлт хийгээгүй, косметик засвар, үйлчилгээ л хийсээр ирсэн. 30 жилийн хугацаанд хотод хуримтлагдсан зам, барилга, байгууламж, төлөвлөлт, газар олголт, нийтийн тээвэр гэх мэт асуудал нь санхүү дээр очоод гацдаг. Үүний ард эрх зүйн зохицуулалт, суурь хууль байж хот өөрөө чадамжтай болно. Засгийн газраас 420 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүгээр зөвхөн зам тавих гэж байгаа мэтээр хүмүүс ойлгож байна, тийм биш. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг үе шаттай бууруулах, төсөв, санхүүгийн бие даасан байдлыг бий болгох, татварын эрх зүйн зохицуулалтыг зөв, чадамжтай хийх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж ярьдаг ч амьдрал дээр төдий л хэрэгжүүлж чаддаггүй. Үүнийг хийж, хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн чадамжтай болгох хуулиудаа оруулж, энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтрах бололцоонуудыг бүрдүүлэх ёстой гэж бодлого боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо хотын төсөв, санхүү, нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн чадамжийг бий болгоход ихээхэн түлхэц болох томоохон өөрчлөлт авчирна. Хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь эргэлдэж байгаа том зах зээлийг эрх зүй, эдийн засгийн чадамжтай болгож, дараагийн ажлуудыг явуулах ёстой. Том ажлуудыг хийхийн тулд сайн боловсон хүчин, чадварлаг, чадамжтай, мэргэжлийн хүмүүсийн баг хэрэгтэй.

s1-12-1024x512 Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

Метро барина гэхээр иргэд итгэхээ больсон. Энэ нь аргагүй, хэдэн ч жил ингэж ярив. Харин энэ удаа Засгийн газар бодит дэмжлэг үзүүллээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ, хэлцэл хийх эрх зүйгээ бий болгох ёстой. Засгийн газар, УИХ, нийслэл, дүүргийн түвшинд нэгдсэн ойлголт, нэгдмэл байр сууринд бодлого боловсруулж ажиллаж чадвал Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зоригтойгоор, үе шаттайгаар шийдэж, бодит ажил хийнэ. Ойлгомжгүй байдал нь хөгжлийн гол садаа. Энэ цаг үе шиг Улаанбаатар хотыг бодитоор нь дэмжсэн шийдлийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэн ч гаргаагүй. Дэлхийн хотууд инновацлаг болж, технологи руу тэмүүлж байна. Худалдаа, эдийн засгийг өөр түвшинд авч үзэж байна. Бүс нутгийн хэмжээнд хотын хөгжлийг харж байна. Энэ хөгжлийн концепц руу бид явах ёстой. Энд хувийн хэвшил та бүхний оролцоо туйлын чухал. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх гэж байгаа томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшил, үндэсний компаниудаа өргөн хүрээнд оролцоосой гэж хүсэж байна. Гэхдээ ажлыг нь хийлгэчихээд мөнгийг нь өгөхгүй байж болохгүй. Тэгэхээр эргэн төлөх санхүүгийн загвар, схемийг гаргах ёстой. Аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тасалдуулж, өр ширэнд оруулж болохгүй. Эрх зүйн чадамж, суурь өөрчлөлтийг бий болгох нь хамгийн чухал. Хотын даргын хувьд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Хот томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд хувийн хэвшилтэйгээ үе шаттайгаар хамтарч ажиллана. Үндэсний компаниуд олон болж, том компаниуд дунд болон жижиг компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтад орж, үндэсний, их хотын бүтээн байгуулалтад оролцоосой гэж хүсэж байна. Та бүхний өмнө Улаанбаатар хотын үүд ямагт нээлттэй байх болно. Хотын удирдлагын баг цаашид бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, Хотын захиргааны хүнд суртал, дарамтыг багасгах, зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг эрс цөөлнө. Эрүүл, аюулгүй байдлыг л хангаж байвал аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой. Шат шатандаа бизнес эрхлэгчдийн хүсэл зоригийг мохоодог байж болохгүй. Төр иргэнээ, бизнесийн байгууллагуудаа дэмждэг, хамтын ажиллагааны үр дүн бодитой бий болох ёстой. Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудын орлого үргэлж нэмэгдэж, үйл ажиллагаа нь цэцэглэн хөгжих болтугай” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.80
    2021/06/04

    Тэгээл нээх ярих юм. Хэрэгжиж бгаа, хөрсөнд буусан юм л алга!

    Хариулах
  • 122.201.21.73
    2021/05/30

    Улсын нэг зам, нэг сургууль барих гэж бүтэн жил болгож удаадаг хойшлуулдаг, шалтаг шалтгаан тооцоод бдаг, чанар муутай барьдаг компаниудаар бүтээн байгуулалт хийлгээд хэрэггүй.

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/05/29

    Horoolol hoodondiin zamuud chini hodoogiin undui sundui zamaas ch MUU bolchihloo 11 r horooliin bairnuudiin hoorondoh Zamiig chi ooroo ireed neg harchihdaa !!!!!!

    Хариулах