Ижил бизнес эрхэлдэг жирэмсэн эмэгтэйг ''Оспринг Монголиа'' компани дарамталж, ХҮҮХЭД НЬ ЭНДЭХЭД хүргэлээ гэв


Монгол улсад цайрын савх худалдаалдаг хувь хүмүүсийн тоо сүүлийн үед өссөн. Төмөр, хуванцар гэртэйгээрээ үнийн хувьд ялгаатай байдаг уг савхыг хэрэглэгчдийн тоо ч үүнийг дагаад өссөн. 
Тэгвэл албан ёсны борлуулагч хэмээн өөрсдийгөө нэрийдсэн Оспринг Монголиа компани ижил бүтээгдэхүүн худалдаалдаг нэгэн эмэгтэйг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн дарамталж, үүнээс болж хэвлийд бойжиж байсан үрээ алдахад хүргэлээ хэмээн иргэн Оюун өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрбээр, ''Би эрүүлдээ өмнө нь хоёр удаа жирэмслээд хэвийн төрж байсан. Танайхаас /Оспринг Монголиа/ болоод би үнэхээр их сэтгэл санааны дарамтад ороод, ийм байдалд хүрч байна. Та нар ямар аймаар хүнийг дарамталдаг, яасан сонин ёс зүйгүй газар вэ?

Би зүгээр л хувиараа бизнес эрхэлдэг, онлайн шоп ажиллуулдаг, гэрээсээ ажилладаг эмэгтэй хүн. Та нар намайг удаа дараа дарамталсан. Яагаад Монголд том компани нь илүү эрх мэдэлтэй байдаг юм бэ? Би өнөөдөр ийм байдалд хүрсэн, та нараас болж. Үнэхээр их гомдолтой байна. Өчигдөр шөнө надруу есөн цагт ''чамайг шүүхийн байгууллагад өгч шоронд хатаана, хүүхдийг чинь хэн өсгөх вэ'' гэж хэлсэн. Түүнээс хойш би шөнө унтаж чадахгүй, зүрх өвдөөд, шөнө түргэн дуудаад эм ууж арай хийж хоёр гурван цаг унтсан. Эмнэлэгт цус алдаад хэвтэж байна. Оспринг би та нарт үнэхээр гомдолтой байна, хүнийг та нар ийм болтол дарамталлаа. Хэлэх үг ч алга. Та нар намайг өнгөрсөн нэг сараас эхэлж дарамталсан. Би зүгээр л онлайн шопоо хийгээд гэрээсээ ковидын үед гэртээ орлого олоод хүн шиг л амьдрахыг хичээж байгаа.

Би та нараас гуйсан шүү дээ, ''зүгээр л мөрөөрөө би ажлаа хийгээд явмаар байна, намайг тайван орхиод өгөөч'' гэхэд та нар ''болохгүй, бүтэхгүй, чамайг ижил бизнесээ зогсоотол бид хэзээ ч зогсохгүй'' гэж хэлсэн. 

Та нар ингэж хүний бие, сэтгэл санаагаар тоглож, бизнес хийж болдог юм уу? Яагаад шударгаар зүгээр тус тусдаа ямар ч хамааралгүй, одоо би ямар ''Оспрингийн юмыг зарж байна'' гэсэн үү? Би өөрийнхөө брэндийг үүсгээд Олон Улсын бүтээгдэхүүнийг, Олон Улсад нээлттэй зарагддаг бүтээгдэхүүнийг авч ирээд зарж борлуулсныхаа төлөө ийм байдалд хүрч байгаа нь үнэхээр хэцүү байна.''  гэв




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна