​Гар утастайгаа алхахад зориулсан “гурав дахь нүд”

С.Гандэлгэр
2021/06/19

Мэдээлэл, технологийн эрин зуунд гар утас хэрэглэгчдийн тоо хэмжээ хурдацтай өсөн нэмэгдсээр хүн төрөлхтний зайлшгүй хэрэглээний нэг болтлоо өргөжжээ. Харин үүний хэт их хэрэглээнээс үүдэж олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомж алдан, осолд өртөх хүмүүсийн тоо ч мөн үлэмж ихэссэн билээ.

Тэгвэл гудамжаар алхаж явахдаа гар утсаа хэрэглэж буй хүмүүст зориулсан нэмэлт төхөөрөмжийг Өмнөд Солонгос улсад зохион бүтээсэн байна. “Гуравдагч нүд” хэмээн нэрлэгдэж буй уг мэдрэгч бүтээгдэхүүнийг духандаа байршуулсанаар, утсаа ширтэн явахад урд буй зүйлсээ чөлөөтэйгээр харах боломжийг олгох ажээ.

Үүнээс гадна, тухайн хэрэглэгч ямар нэгэн хана хаалт болон эд зүйлсийн өмнө 1-2 метрийн зайд ойртож, мөргөх аюултай болох үед дохио дуугарч, анхааруулга илгээх үүрэгтэй юм.

Нүдээ гар утасны дэлгэцээс хором ч салгаж чадахгүй яваа хүмүүс нэмэгдсээр байгаа тул ирээдүйд нэмэлт “нүд” шаардлагатай болох магадлалтай талаар зохион бүтээгч Пэн Мин-вүк дурджээ. Тиймээс цаг үеийн нөхцөл шаардлага, хэрэгцээнд үндэслэн энэхүү санааг хэрэгжүүлсэн хэмээн тэрбээр онцолсон байна.

Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийн толгой доош тонгойсноор шууд ажиллаж эхлэх бөгөөд тусгай мэдрэгчүүдийг суулгасан аж. Тухайлбал, хэрэглэгчийн хүзүүний хөдөлгөөн болон орчин тойрны эд зүйлс хоорондын зайг хэмжигч эд ангиуд үүн дотор багтсан байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна