Ц.Энхжин: Олон эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтад өртсөөр байна

2020 оны 07 сарын 28

Сүүлийн үед  сошиал ертөнцөд хандалт аваад буй  “Аймар Влог”-ын хөтлөгч, жүжигчин Ц.Энхжинтэй түүний сонирхол, үзэл бодол, нийгмийн зарим асуудлыг хөндөн ярилцлаа. 

-    Таны тоглосон кинонуудыг үзэхэд урамтай байдаг. Мэрэгжлээрээ ажиллаад хэдэн жил болж байна вэ? 
-    СУИС-ын кино жүжигчний ангийг 2018 онд төгссөн. Анх 4дүгээр курсээсээ хойш мэргэжлээрээ ажиллаад 3 жил болж байна. Хамгийн анх “One night” кинонд  туслах дүр бүтээж байсан. Дараа нь “Love and sex”,”Насан туршдаа”, “Aldar and Jerry” олон ангит цуврал гэх мэт. Мөн богино хэмжээний контентуудад оролцож байсан. Одоо  хоёр киноныхоо нээлтийг хүлээж байна даа. 

-    Манай улсад жилд 40-50  бүрэн хэмжээний кино амжилттай нээлтээ хийдэг гэсэн судалгаа бий. Харин та яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон бэ? 
-    Яг үнэндээ багаасаа жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Эмч мэргэжилтэй болох л мөрөөдөлтэй байсан. Гэхдээ цэцэрлэгт байхаасаа бүжиглэдэг, дуулдаг урлагт ойр өссөн болоод ч тэр үү урлагаас маш их эрч хүч мэдэрч дуралж өслөө. Тэгээд ахлах ангидаа загварын агентлагт ороод жүжигчний хичээлд сууж үзээд мэргэжлийнхээ гол мөн чанарыг захаас нь ойлгосон. Яг тэр үеэс өөрийгөө олсон юм шиг онцгой мэдрэмж төрсөн. Өөрөөр хэлбэл би жүжигчин л болох ёстой юм байна гэдгээ ойлгосон. Хамгийн гоё санагдсан зүйл нь жүжигчин хүн бүх талд хувирч чаддагаараа онцлог. Эмч, цагдаа гэх мэт бүх л зүйлд хувирч болно. Кино зохиол дээр янз бүрийн зан характертай дүр ирнэ. Тэр утгаараа надад маш сонирхолтой санагдаж байсан. 

-    Одоо ямар уран бүтээлд төвлөрөн ажиллаж байна вэ? 
-    Яг одоогоор “Аймар Санаа” контентод хөтлөгч хийж байна. Мөн нэг бүрэн хэмжээний кинонд тоглох гээд төлөвлөчихсөн байна. Гэхдээ зураг авалт маань хараахан эхлээгүй байна. 

-    Жүжигчин хүн тасралтгүй суралцсаар байдаг гэж сонсож байсан юм байна. Таны хувьд жүжигчний гол уран чадварыг юу гэж боддог вэ? Өөрчлөгдөх чадвар уу, орчноо мэдрэх үү эсвэл авьяас уу? 
-    Миний хувьд жүжигчний мэргэжил тухайн хүнээсээ төгс байхыг шаарддаг. Дуулдаг, бүжиглэдэг, орчноо мэдэрдэг, авьяастай байх, хамтрагчаа  маш сайн мэдрэх гэх мэт хүнээс бүх л олон талын чадварыг шаарддаг өндөр шалгууртай содон мэргэжил л дээ. Хүссэн хүн бүр жүжигчин болох боломжгүй. 

-    Монголоос таны хувьд хүндэлдэг, арга барилын хувьд сэтгэлд тань хүрсэн жүжигчин хэн бэ? 
-    Уртнасангийн Уранчимэг эгчийг хүндэлж явдаг. “Шөнө дундын бүжиг” жүжигт ойролцоогоор гурван сарын хугацаанд хамтарч ажиллаж байсан. Энэ курсынхээ ажилаар маш их юм сурч авсан. 

-    Монголын өнөө цагийн кино хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?  
-    Монголын кино урлаг Холливууд, Солонгосын хэмжээнд хараахан хүрээгүй байгаа ч хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Кино багийнханы техник, жүжигчдын ур чадвар зэрэг сайн хөгжиж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг  ашгийн төлөө юу ч хамаагүй хийж байгаа хүмүүс ч байна. 

-    Одоо төгсөж байгаа залуу жүжигчдэд мэргэжлээрээ ажиллах боломж хэр байдаг вэ? 
-    Яг үнэнийг хэлэхэд боломж маш бага. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах ажлын байр маш хомс байдаг. Сошиал орчин хөгжсөн үед өөрсдөө шинэлэг санаа гарган контент бэлтгэдэг ч юм уу өөрсдөө л шинийг эрэлхийлвэл илүү хөгжих дэвших боломжтой . Би жүжигчин гэсэн болгон  аль нэг кинонд эсвэл драмын театрд оролцох  боломжгүй. 

-    Та ямар дүрд өөрийгөө сорихыг хүсдэг вэ? 
-    Монгол хатан ч юмуу түүхэн дүрд өөрийгөө сорихыг хүсч байсан дүрүүддээ оюутан байхдаа ажиллаж байсан. Гэхдээ одоо бол адал явдалтай кинонд, эршүүд, хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсдэг. Өмнө нь би өөрөөсөө аль болох тэс өөр дүрийг бүтээхийг хүсч байсан харин одоо нээлтээ хийх “Шүүдэрт ургасан цэцэг” кинонд яг тэр дүрийг бүтээсэн байгаа. 

-    Шинэ уран бүтээлийнхээ талаар тодруулахгуюу? 

-    “Шүүдэрт ургасан цэцэг” кино маань ерөнхийдөө ЛГБТ хүмүүсийн амьдрлаас эхлээд нийгмийн тал талын асуудлуудыг хөндсөн. Хөл хорионы улмаас олон асуудлууд байгаа хэдий ч найман сард багтаад нээлтээ хийчих байх гэж тэсэн ядан хүлээж байна. 

-    Кино нээлтээ хийхэд ямар ямар шалгууруудыг хангасан байх ёстой вэ? Жишээ нь гэмт хэрэг, ёс бус үйлдэл сурталчилсан үгүйг хэн хэрхэн шалгадаг юм бол? 

-    Нээлтээ хийхээс өмнө киноны найруулагч, зохиогч, продюсер гэх мэт  арын албаныхан, кино театрын төлөөллүүд нийлээд кино үзвэр хийдэг. Тэндээс тухайн кино нээлт хийх үгүй нь шийдэгдэнэ дээ. 

-    Сошиалд залуучуудаас хэр их найзын хүсэлт, зурвас ирдэг вэ. Хэрхэн хүлээж авдаг вэ? 
-    Сүүлийн үед манай зарим  залуучууд хэтэрхий бүдүүлэг байна. Гадуур тааралдахад ч тэр, инстаграм, фэйсбүүкээр ч тэр ёс бус үг хэллэгтэй зурвасууд, өөрсдийнхөө янз бүрийн зургийг явуулна. Хувийн орон зайд хэт халдсан, эмэгтэй хүнийг хүндлэх чадваргүй, соёлгүй байгаад нь нилээн бухимддаг. Ер нь би ч гэлтгүй, олон эмэгтэйчүүд ийм бэлгийн дарамтад өртдөг. 

-    Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ? 
-    Ерөнхийдөө өөрөө өөртэйгээ сайн ярилдаг. Өөрөө өөрийгөө л зоригжуулдаг. Жишээлбэл нэг чадахгүй зүйл гараад ирвэл цаашид энэнээс илүү зүйл гарч ирнэ одоо л хийе гэж өөрийгөө зоригжуулдаг. Мөн мэргэжлээрээ ажиллах тэр мөч надад маш их эрч хүчийг өгдөг л дөө. 

-    Чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? 
-    Коффе уугаад ном уншаад суух дуртай. Дуулах, бүжиглэх дуртай. Харамсалтай нь манай бар хаачихсан. /инээв/ Жазз хөгжим сонсох, ээжтэйгээ ярилцах дуртай. Сэтгэл судлалд сонирхолтой болохоор янз бүрийн хүмүүстэй ярилцаж өөр ертөнцүүдийг таньж мэдэх таалагддаг. 

-    Жүжигчин хүн бүрт өөрийн бүтээсэн сэтгэлд хоногшсон дүр гэж байдаг. Таных ямар дүр вэ? 
-    “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүр миний хувьд хамгийн үнэ цэнэтэй дүр. Учир нь энэ дүрийг бүтээж байх явцад надад маш олон зүйл тохиолдсон. Би хамгийн анх удаа тайцан дээр нүцгэн гарч байлаа. Тайцан дээр нөхөртэйгөө хурьцах гэх мэт маш их зоригийг шаардсан.  Өөрийгөө олоход түлхэц болсон дүр л  дээ. Одоо хүртэл жүжгийнхээ дууг сонсохоор уйлчихдаг. 



-    Таны  гуалиг  биений нууц юу вэ?  Жингээ хэрхэн барьдаг вэ? 
-    Ажилгүй, төлөвлөгөөгүй, завтай үедээ ёстой хүссэнээ л иддэг. Яг шаардлагатай үед зөв хооллодог. Гэхдээ энэ нь жаахан буруу л даа. Үргэлж л зөв хооллох хэрэгтэй. Шар тостой кофе, жимс, ногоог  түлхүү идэхэд долоо хоноод л нормдоо орчихдог ер нь таргалж турах маань их хурдан төрлийн хүн дээ. 


-    Ойрын болон хэтийн төлөв зорилго тань юу вэ? 
-    Ойрын зорилго бол гадаадад сэтгэл судлалаар сурах хажуугаар нь сэтгэл судлалааар сурах байна.  Хэтийн зорилго бол их том юм бий. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө их зүйл хийхийг хүсдэг. Өнөөдрийн энэ нийгэмд эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг. Жишээлбэл гудамжинд богино даашинзтай явахад эрэгтэй хүмүүсийн бэлгийн дарамт ямар их байдаг билээ. Тэгтэл тэдний төлөө дуугарч байгаа зүйл алга байна.  Хэдий тийм ч олны танилууд тэдний төлөө юу ч хийдэггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нөлөөлөл бүхий байгууллага үүсгэн байгуулна. Сэтгэл зүйн зөвөлгөө өгөхөөөс эхлээд эрүүл хооллох  эмэгтэй хүн бүрд асуудал болдог тэр зүйлсийг шийдвэрлэхэд нь тусалдаг цогц зүйл хийхийг хүсдэг. Эмэгтэй хүн бүр аз жаргалтай байгаасай гэж боддог. 

-    Өсвөр насныхан, оюутан залуучуудад ямар зөвөлгөө өгөх вэ? 
-    Мэргэжил, өөрийнхөө хүрээллийг зөв сонгох хэрэгтэй. Буруу хүнтэйгээ нөхөрлөөд буруу замаар орох нь байдаг л үзэгдэл болсон байна. Тийм болохоор нөхөрлөх хүнээ сайн таних хэрэгтэй. Өөрийнхөө ертөнцийг сошиалаар хязгаарлалгүйгээр ном их уншаарай. Одоо л тархиа задалж илүү их мэдлэг мэдээллийг сурч авдаг цаг шүү дээ. Хүмүүст эерэг энерги түгээдэг хүн хаана ч хүндлэгддэг. Ихэнхи дүү нар маань цагаа зөв боловсон өнгрөөж байгаа нь их сайшаалтай санагддаг. 

-    Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе.

Т.Номин 
 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.