Сиатлд арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн жагсаал боллоо

2020 оны 07 сарын 29

Америкийн Сиатлд арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрөөр боллоо. Энэ үеэр цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон байна.

Эсэргүүцэгчид цонх хагалж, гал тавих үед цагдаа нар тэдний өөдөөс халуун чинжүү шүршжээ. Үймээний үеэр цагдаа нар 45 хүнийг баривчилсан бөгөөд 21 цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн байна.

Техас мужийн Остин хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр нэг эр амь үрэгдсэн.

Сиатлд арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн жагсаал боллоо

Остин хотын хэвлэлд гэрчийн хэлснээр, эсэргүүцэгчдийн цугласан гудамжинд нэг машин дайран оржээ. Машинд байсан нэг хүн эсэргүүцэгчдийн өөдөөс гал нээсэн байна. Бууны суманд өртсөн хүнийг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр амьсгал хураажээ. Гэмт этгээдийг баривчилсан байна. Энэ хэргийн дараа цагдаагийн газраас мэдэгдэл хийж, хохирогчийн хэн болохыг тодорхойлоогүй, гэхдээ тэрээр гар буутай байсан гэсэн мэдээлэл өглөө.

Энэ мэдэгдлийг хийсний дараа, хохирогчийн ээж нь түүнийг Гаррет Фостер  гэдэг болох талаар мэдээлэл өгсөн бол “ЭйБиСи” агентлагийн мэдээнд, түүнийг тухайн үед тэргэнцэртэй сүйт бүсгүйгээ түрж явсан гэжээ. Тэрээр сүүлийн 50 хоногийн турш арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Түүний сүйт бүсгүй нь Африк Америк бөгөөд тэрээр түүнийг дэмжихийг хүсэж байсан байна гэж онцолжээ. Мөн хохирогчийн биедээ буу авч явсан тухайд ээж нь ярихдаа, “Тэр бууны зөвшөөрөлтэй, тэр өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж мэдэрдэг учраас л буу авч явсан” гэж хариулсан байна.

Сиатл, Остин хотуудаас гадна  Америкийн Луисвилл, Кентаки, Аврора, Колорадо, Нью-Йорк, Небраска, Оклэнд, Ричмонд зэргийн хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.