Ц.Ишдорж: Нойр булчирхайн өвчлөл баяр наадмын дараа эрс нэмэгдлээ

2020 оны 07 сарын 29

Манай улсад хоол ундаа зохицуулж хэрэглэхгүйн улмаас нойр булчирхайн өвчинөөр нас барах тохиолдол сүүлийн үед эрчимтэй ихэсчээ. Ялангуяа баяр наадмын үеэр архи согтууруулах ундааг, хорхог, шорлогтой хавсран хэрэглэж байгаа нь уг өвчнийг даамжруулахад хүргэж байна. Энэ талаар сэрэмжлүүлэг яриа, мэдээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий Мэс заслын их эмч, профессор Ц.Ишдорж мэдээллээ. 


-Нойр булчирхайн үхжилт, үрэвсэлт өвчин үүсэх гол шалтгаан юу вэ? 
Нойр булчирхайн цочмог үхжилт, үрэвсэлт өвчин гэдэг бол зөвхөн хоол ундтай холбоотойгоор үүсдэг нь тогтоогдсон. Уг өвчний 95 хувь нь архи дарс хэтрүүлэн хэрэглэх, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөх тостой хоол буюу хорхог, шорлог, шарсан мах мэтийг олон хоногоор зохисгүй хооллосны улмаас  үүсч байна. Энэ өвчин бол анагаах ухаанд маш хүнд өвчинд тооцогддог бөгөөд   эмчлэхэд маш их хугацаа, зардал, хүч хөдөлмөр ордог. Үүнтэй холбоотойгоор өвчтөн, түүний ар гэр, төрөл төрөгсөд нь хүчээ шавхдаг. Нэг удаагийн бус олон удаагийн мэс заслаар нийт өвдсөн хүмүүсийн 20 хувийн амийг авардагт уг өвчний хүнд уршигтай нь харагдаж байгаа юм. 


-Өвчнийг эмчлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг вэ? 
- Уг өвчлөлөөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэс заслын тасагт 20-80 насны арван зургаан хүн эмчлэгдэж байна. Тэгэхээр нойр булчирхайн үхжилт үрэвсэлт өвчин хэдэ хэдэн янзаар, эмгэг голомт нь хаана байрлаж байгаагаас шалтгаалан ангилдаг. Халдварлагдаагүй байгаа бүх тохиолдолд дотрын эмч нар удаан хугацаанд эмчилнэ. Халдварлагдсан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. Практикаас харвал 2-10-14 хүртэлх давтан угаалга хийж байж мэс заслын аргаар өвчтөн амьдрах боломжтой болдог. 


-Сүүлийн шатанд орохоосоо өмнө илэрэх боломж хэр байдаг вэ?
-Нойр булчирхай гэдэг эрхтэн бол бидний идэж буй махыг нойр булчирхайны шүүс, ходоодны шүүс, цөс, арван хоёр нугалаа гэдэсний шүүс,нарийн гэдэсний шүүс зэрэг нийлж махыг шингэн төлөвт ортол хайлуулдаг. Нойр булчирхай үхжилт, үрэвслийн үед нойр булчирхайнаас ялгарч буй шүүс нь өөрөө нойр булчирхайгаа болон зэргэлдээх эрхтэнүүд, түүний судсууд, сэмж зэргийг  хайлуулаад уусгаад нэгэн төрлийн эд болгон хувиргаж байгаад хэргийн учир бий. Ийм айхтар өвчин учираас заавал урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Тэр шүүс бол анагаахын шинжлэх ухаанд “Амилаза” гэдэг элементээр цусны шинжилгээгээр тодорхойлно. Хэвийн үед байдаг үзүүлэлт энэ нойр булчирхайн үрэвслийн үед арав, хорь зарим тохиолдолд зуу дахин өссөн хэмжээгээр илэрдэг. Үүнээс гадна нэгэнт ингээд шүүс гарч байгаа учраас хэт авиан шинжилгээ, компьютерийн шинжилгээ болон бусад дүрс оношилгооны шинжилгээгээр хэвлийн хөндийд нойр булчирхайн шүүс сул байгаа нь тодорхойлогддог. Түүнтэй холбоотой тэр хайлуулсан эрхтнүүдийн эмгэг өөрчлөлт нь заавал эмч нарт илэрнэ. Тэгэхээр оношилоход энэ нь хялбар гэж үзэж болно. 


-Өмнөх оныхоос хэдэн хувиар өссөн бэ? Тоо баримтаар мэдээлэл өгөөч? 
-Нойр булчирхайн үхжилт, үрэвсэл гэдэг бол байнга л тохиолдож байдаг. Гэхдээ урьд нь тохиолдож байсан нь тохиолдлын чанартай байсан. Харин одоо сард нэг, хоёр, жилд арван хэд тохиолддог байсан бол энэ жилийн баяр наадмын дараа нэг дор арван тав ба түүнээс дээш  хүн нойр булчирхайн үхжилт, үрэвслээр өвдөж эмнэлэгт хандаж байгаа нь харамсалтай байна.


  - Уг өвчин залуужаад байгаа нь ямар шалтгаантай вэ? Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой юу?
- Залуу өвчтөнөөс яагаад энэ өвчин үүссэн талааар асуумж судалгаа авахад сар орчмын хугацаанд өдөр бүр 750 мл-ийн 2-3 шил архийг тогтмол уулаа гээд бахархан ярьж байгаа нь үнэхээр харамсалтай. Уг өвчин ОХУ-д маш их байдаг. Намайг 2005 онд ОХУ-д суралцаж байхад нэг мэс заслын тасагт 40 гаруй нойр булчирхайн үхжилт, үрэвсэлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байдаг. Энэ янзаараа байвал манай улс тийм байдалтай болох магадлалтай. 


-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 
- Архи, шарсан мах, шорлогоо багасгаж эрүү хооллолтын үндсийг баримтлах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин шүү дээ. 

-Шаардагдах эм бэлдмэл хэр хүрэлцээтэй байдаг вэ? 
-Монголын болон бусад эмнэлгүүд уг өвчнийг эмчлэх боломжтой. Шаардагдах зүйл нь байхгүй бол энэ хүн нас барлаа гэсэн зүйл одоогоор бидэнд алга. Гагцхүү мэс заслын эмчилгээ хийлгээд эхлэх үед тухайн мэс заслыг мэргэшсэн, туршлагатай, дадлагатай эмч хийх хэрэгтэй. Тийм учраас 21 аймаг болон Улаанбаатрын бусад дүүргээс ийм өвчтэй хүмүүс манай  эмнэлэгт төвлөрөн ирсэн учраас бидэнд их юм шиг санагдаж болох боловч энэ нь урьд жилүүдийнхээс арай дэндүү өндөр байна.  Миний хувьд өдөрт нэгээс гурван нойр булчирхайтай холбоотой  мэс засал хийж байна.


- Төгс эдгэрэх боломжтой юу?
- Зарим тохиолдолд эдгэрэх боломжтой. Гэхдээ энэ өвчнийг эмчлэхийн тулд эмнэлгийн баг, эмч хүчэээ шавхаж байна. 100-120 хоног эмчлэгдэхдээ тухайн хүнийг эдийн засгийн хувьд  замбраагүй хямрааж байна. Нойр булчирхай өвдсөн үед манай ард түмэн өөрсдөө үргэлж буруу эмчилгээ хийж байна. ШИнжлэх ухаанд нотлогдоогүй, тарваганы мах, янз бүрийн амьтны мах идэх нь маш буруу. Жишээ нь өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарсан үеэр нас барсан хоёр хүн яасан бэ гэхээр, тарваганы мах нойр булчирхайд сайн гэж идсэн нь харамсалтай. 21-р зуунд бид бүгд шинжлэх ухаанлаг амьдрах хэрэгтэй. 


Эх сурвалж: Зөв.мн 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.