Энэ жил цэцэрлэгт 3-4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ

2020 оны 07 сарын 29

БШУЯ-наас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дээр тайлбар өглөө.

Энэ жил цэцэрлэгт 3-4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ

Тэрээр "Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 309 мянган хүүхэд байгаа. 77235 хүүхэд хоёр настай. 0-3 насны хүүхэд хамгийн өвчлөмтгий байдаг. Цэцэрлэгийн хоёр настай хүүхдийн дархлаа, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг тул 9-р сарын дундаас эхлээд ханиад томуугаар өвчилдөг. Ханиад цэцэрлэгт голомтлон тархдаг учир хоёр настнууд хамгийн эрсдэлтэй байдаг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг. Тиймээс гэрт нь байлгаж, эцэг эхийн дэмжлэгтэйгээр теле хичээл үзэх замаар насандаа тохирсон боловсролын үйлчилгээг авах боломжтой.

-Анги дүүргэлт 20 хүүхдээс хэтрэхгүй байхаар зохицуулна гэлээ. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо буурах уу?

-Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүйгээр 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ.

Цэцэрлэгийн бүртгэл өмнөх  жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.