Контактгүй хэрэглээ буюу QR кодыг өргөн ашиглая

2020 оны 07 сарын 30

Бөөгнөрөхгүй байх, зай барих, нэг зүйлийг дамжуулан хэрэглэхгүй байх шаардлагатай болсон 2020 оны эхний долоон сар дууслаа. Техник технологи хөгжлийнхөө оргилд хүрсэн гэж хэлж болохоор цаг хугацаанд энэ хүнд үе тохиож байгаа нь нэг талаар азтай ч юм шиг. Бидний өдөр тутмын хэрэглээнд алхам тутам хийгддэг төлбөр тооцооны шийдэлд халдвар дамжихаас сэргийлэх онцгой дэглэм хэрэгтэй. Аль болох бэлэн мөнгөний дэвсгэртээс татгалзаж, банкны картаар төлбөр тооцоогоо хийхийг холбогдох байгууллагууд уриалсаар байгаа. Гэвч энэ нь бас л учир дутагдалтай. Картаа худалдагчид өгнө, буцаагаад авна, худалдагч миний картыг барьсан гараараа дахиад өөр хүнээс картыг нь авна, буцааж өгнө. Карт уншуулах пос машин дээр ээлжлэн нууц кодоо хийцгээнэ. Ер нь вирус тархаж эхэлснээс хойш нэг хүний картыг уншуулаад араас нь машиндаа ариутгал хийж арчиж цэвэрлэж байгаа байгууллагыг лав нэг ч олж харсангүй. 
Уг нь бол картаараа биш утсаараа тооцоогоо хийх шилжүүлэхийг уриалах ёстой юм л даа. Ухаалаг утсыг дагалдан хөгжсөн хамгийн хялбар шийдэл бол QPay үйлчилгээ. Энэ нь “Quick Response” буюу "түргэн хариулт" гэсэн утгатай ямар ч мэдээлэл, өгөгдлийг хадгалж болдог дахин давтагдашгүй QR кодыг төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан үйлчилгээ.  Манай улсын арилжааны бүх банкууд энэ үйлчилгээг ашиглаж байна. Цахим аппликэйшнүүд нь бүгд QR код уншаад төлбөр шилжүүлэх боломжтойгоор хийгдсэн. Гар утасныхаа камераар дохих төдийд л шилжүүлэг хийгдчихэж болж байна. “Дансны дугаар чинь хэд вэ” гэж асуух, тогтоож аваад тоо бүрчлэн бичих ямар ч шаардлагагүй. 
Харин банкны дансны дугаарынхаа QR кодыг хэвлээд лангуун дээрээ эсвэл хоолны ширээн дээрээ наасан үйлчилгээ, худалдааны байгууллага тоотой цөөхөн байх юм. Нөгөө л карт асуудаг, эсвэл дансны дугаарыг нь асууж шилжүүлдэг уламжлалт гэсэн ангилалд хэдийнэ орчихсон болхи аргаа хэрэглэсээр. Энэ уг нь тийм хэцүү зүйл ердөө ч биш. Банк болгон данс болгоныг QR кодоор кодлосон байдаг. Интернэт банк руугаа ороод л цаасан дээр, даавуун дээр ер нь юун дээр ч хэвлээд, хаана ч байршуулчихад болно. 
Жишээ нь би такси үйлчилгээ эрхэлдэг байлаа гэж бодоход үйлчлүүлэгчдээ дансны дугаараа хэлээд шилжүүлэг хийхийг нь хүлээж суухаар урд талын суудалныхаа ард хэсэгт дансныхаа QR кодыг хэвлээд наачихмаар байгаа юм. Нэг талаас хялбар шуурхай, нөгөө талаас таны дансны дугаарыг нууцласан аюулгүй үйлчилгээ. Цар тахлын энэ хүнд цаг үед аль болох бэлэн мөнгө болон картыг гараас гарт дамжуулахгүйн тулд иймэрхүү хялбар шийдлүүдийг банкууд сайтар сурталчилмаар байна. Баяр хүргэмээр нэг үйл явдал өчигдөр болсон нь Нийгмийн даатгалын ерөнхий газар QPay үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. 
    Уг нь ухаалаг утас хүн бүрт бий. Харин хэрэглээ нь зураг авах, фэйсбүүк орох төдийхнөөр хязгаарлагдаад байгаа нь харамсалтай. 
Ердөө л хар дөрвөлжин цэгүүдээс бүрддэг QR кодыг IOS, андройд аль ч системийн гар утасны камераар уншуулах боломжтойгоор зохион бүтээсэн нь худалдааны салбарт өргөн ашигладаг баркодоос үнэмлэхүй давуу талыг үүсгэсэн. Манайд л төлбөр тооцоонд түлхүү хэрэглэгдэж байгаагаас дэлхийн бусад оронд QR кодны хөгжил оргилдоо хүрээд байна. Хамгийн ойрхны жишээгээр Хятад улсыг нэрлэж болно. Тэнд энэ кодыг ашигладаггүй байгууллага, шошгон дээрээ хэвлээгүй бүтээгдэхүүн гэж үгүй. Бүр “Ковид-19” вирусээс сэргийлэх зорилгоор хүн бүрийн мэдээллийг код болгож хувиргаад гудамжаар явахад нь камераар халууныг нь хэмжээд, өөрт нь мэдэгдэхгүйгээр бүртгээд хяначихаж байна. Учир нь QR кодны ард маш их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой. Зөвхөн дансны дугаар биш тэкст, мессеж, видео, хөгжим, вэб сайтууд (Youtube, Facebook, Instagram, Homepages), холбоо барих мэдээлэл, утасны дугаар, имэйл мессеж, WiFi нэвтрэх мэдээлэл, гео болон бусад олон зүйлийг агуулж болно. 
Жишээлбэл, дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүйг олж мэдэхийн тулд шошгон дээрх жижигхэн QR кодыг нь утсандаа уншуулахад л тэр бүтээгдэхүүний видео танилцуулгаас эхлээд бүгдийг нь үзэх боломжтой. Бизнес эрхлэгчдийн маркетингдаа хамгийн өргөнөөр ашиглаж байгаа нэг хувилбар нь энэ. Манайд ч ашиглаж байгаа газрууд мэр сэр байгаа. Өнгөрсөн сонгуулиар ганц нэг нэр дэвшигчийн сурталчилгааны сэтгүүлд QR кодыг ашигласан нь харагдаж байсан. 
Цаг хугацааны л асуудал болохоос удахгүй бид дэлхийн энэ жишигтэй утгаар нь хөл нийлүүлэх нь тодорхой. Харин цаг хугацаа алдахгүйгээр  хэдийнэ нэвтэрсэн QPay үйлчилгээг өргөнөөр хэрэглэж хэвшье. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.