УИХ-ын гишүүд хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд ажиллаа

2020 оны 07 сарын 30

ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээлэл зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамны зүгээс боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талуудын харьцуулсан судалгааг дурдсан юм.

 

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажиллаж, Нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл, цаашид Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барихаар уг салбарт цогцоор нь  эрс шинэчлэл,  дэвшил гарнаа гэж найдаж гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн сан байгуулагдах ёстой. Үүнтэй уялдуулж тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц байгааг судлах тухайд санал хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ХНХ-ын сайд А.Ариунзаяад амжилт хүсэж, тэтгэврийн реформыг хийхэд санал санаачилга гарган, хамтран ажиллаж өөрчлөлтийг хийх цаг болсон хэмээлээ.

 Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой гэдэг дээр гишүүд болон холбогдох албаныхан санал нэгдэж, үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийлж байлаа. УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.