Хариуцлагын гэрээг 2510 ААН, иргэнтэй байгуулж эхэллээ


Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар ресторан зоогийн газар эрхлэгчдийн холбооныхонтой уулзалт хийж харилцан ойлголцож, хариуцлагын гэрээ байгуулж байна. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах “Зөвлөл”-өөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ГҮТББ болон аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж байна. 

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар хязгаарлагдсан хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ГҮТББ-аар дамжуулан дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлсэн болно. 

Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, тухайлбал “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй, ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм. 

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулах юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна