ЖДҮ-чдийн золиосонд явуулсан Б.Батзоригийг 40 саяар торгожээ

2020 оны 08 сарын 04

Өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм.  

Түүнийг  есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.