С.Баярцогт нарын хэргийн шүүх хуралдаан хойшиллоо


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн өнөөдөр 10.00 цагт хянан хэлэлцсэн.

Гэвч нийт шүүгчдийн шүүх хуралдаан хойшиллоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо. Одоогоор хэзээ хүртэл хойшилсон нь тодорхойгүй байна. 

Сануулахад, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.

Харин Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэсэн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна