Орхон гол осол болсон газраас 5-6 километрийн зайтай учир асгарсан түлш голд ХҮРЭЭГҮЙ гэв


Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан осол зургадугаар сарын 25-нд буюу өнгөрсөн баасан гарагт гарсан.

Тэгвэл Цистерн вагоноос асгарсан түлш Орхон гол руу урсан орж байгаа талаарх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд тархсан юм. Тодруулбал, “Асгарсан түлш Орхон гол орчмын  хөрсийг бохирдуулж байгаагийн улмаас тариаланчид бухимдалтай байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн төвд цаг тутамд усны шинжилгээ авч байна” гэсэн агуулгатай мэдээлэл гараад буй юм. Энэ мэдээлэл үнэн эсэх, түлш асгарсан газар ямар арга хэмжээ авсан талаар холбогдох газруудаас тодрууллаа.

Орхон аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатар: -Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт усархаг бороо орж замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан талаарх дуудлагыг энэ сарын зургадугаар сарын 24-ны 21.30 минутад хүлээж авсан. Тухайн үед бороо ус их орж, зам шавар, бартаа ихтэй байсан учир 01.00 цагийн орчимд осол болсон газар очсон. Биднийг очиход зургаан вагон замаас гарсан байсны гурваас нь түлш шүүрч байсан. Гэхдээ бүх түлш газарт асгараагүй, вагоны таг хэсгээр шүүрч байсан. Улмаар түлшийг өөр вагонд юүлээд, арга хэмжээ авсан. Цахим орчинд цацагдаад буй мэдээлэл худал. Ойролцоогоор 4-9 метр квадрат хөрсөнд шатахуун нэвчсэн. Харин орхон гол осол болсон газраас 5-6 километрийн зайтай. 

Сэлэнгэ аймгийн Гал түймэр унтраах аврах 61 дүгээр ангийн захирагч Б.Болдбаатар: -Асгарсан түлш “Орхон” гол руу урссан гэх мэдээлэл худлаа. Тийм их хэмжээний шатахуун асгараагүй. Дунджаар хааш хаашаа 2-4 метр газар л түлш асгарсан. Мөн түлш асгарсан газрын хөлсийг нь хуулж аваад, элс хайрга асгасан. Одоо бол эдвэрсэн төмөр замыг засварлаад, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн болсон. 48 орчим цагийн дотор вагоноос түлшийг юүлж, унасан вагонуудыг босгож, Салхит өртөөнд хүргэсэн. Байгаль орчинд үүссэн хор хохирлыг хэмжээг тодруулахаар Байгаль орчны газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байна.

Орхон гол руу түлш урссан талаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас тодруулахад, мөн л Орхон гол руу түлш асгарч, хөрс, ундны усанд хор хохирол учирсан асуудал үүсээгүй гэсэн юм. Тодруулбал, "түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 километр зайтай учир асгарсан түлш голд хүрээгүй. Гэхдээ ослын газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас үүсэн тогтоолд түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байгаа" гэлээ. 

Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дараах мэдээллийг гаргасан байна.

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол гарсан.

Дизель түлш ачсан долоон вагон, элс ачсан нэг вагон явж байсан бөгөөд нэг вагон масло тээвэрлэж байсан юм. Ослын улмаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100 тонн, түлш асгарсан талбай гурван гэж тогтоогоод байна.

Ослын газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 сантметрийн гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай авах юм. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна