Б.Дашпүрэв: Газрын тосны хайгуулын 25 талбайд 21 гэрээлэгч компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна

: 77 өдрийн өмнө / 2017-07-04 17:14:22

“ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН  ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ӨВӨРХАНГАЙ  АЙМГИЙН АРВАЙХЭЭР  ХОТНОО 2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР  БОЛСОН. УУЛЗАЛТЫН ТАЛААР АЖЛЫН ХЭСГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВТЭЙ ЯРИЛЦЛАА.

-Энэ удаагийн Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан уулзалтын талаар тодруулж ярилцах гэсэн юм. Агентлагийн зүгээс  зохион байгуулсан энэ ажлыг орон нутийнхан хэрхэн хүлээж авав? 

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, үүрэгтэй холбогдуулан газрын тосны хайгуулын Онги V талбайнууд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийх орон нутгийн уулзалтыг орон нутгийн удирдлагын байгууллагууд болон гэрээлэгч компанитай хамтран Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 

Уулзалтаар АМГТГ-аас “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв”, Капкорп Монголиа ХХК-иас 8 жилийн хугацаанд хайгуул болон байгаль орчны талаар хийсэн ажлууд мөн орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, орон нутгаас оролцогчдоос БХГ-ний талаар тавьсан асуултуудад тайлбар өгч, зарим саналын талаар хэлэлцлээ. Уулзалтыг зохион байгуулснаар  гэрээлэгч компани, орон нутгийн уялдаа, холбоо сайжирч, хайгуулын ажил үр дүнтэй явагддаг.  Уулзалтад УУХҮЯ, АМГТГ,МХЕГ, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Төгрөг, Гучин–Ус сумдын удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцлоо.

-Газрын тосны хайгуулын Онги V талбай нь тухай танилцуулна уу. Капкорп Монголиа ХХК-ны  хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээ болон энэ онд хийгдэхээр төлөвлөсөн  ажлын талаар мэдээлэл өгнө үү? 

-Онги-V талбай нь засаг захиргааны нэгжийн хувьд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Гучин-ус, Богд, Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын нутаг дэвсгэр  хамрагддаг. /Онги-V талбай орших нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийг Зураг 2-д үзүүлэв/  “Капкорп Монголиа” ХХК нь “Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед” компанийн охин компани бөгөөд эх компанийн өмнөөс Монгол дахь үйл ажиллагааг хариуцан ажилладаг гүйцэтгэгч компани юм.“Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед” компани нь 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай  газрын тосны хайгуулын Онги V талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” /БХГ/ байгуулсан.

Газрын тосны хайгуулын БХГ-т Онги-V талбай нь Монгол орны баруун урд хэсэгт, Улаанбаатар хотоос баруун урагш 450 орчим километрт орших бөгөөд нийт талбайн хэмжээ 32030 км2 байснаас БХГ-ний 7.1 –ийн а/ заалт болон “Газрын тосны тухай хууль”-ийг(хуучнаар) хэрэгжүүлэх журмын 14.1 заалтуудыг үндэслэн 2011 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй талбайн хэсгийг буцааж өгснөөр нийт хайгуулын талбай 21100 км2  болсон байна.                    

Хөрөнгө оруулалт: БХГ-ний дагуу 8 жилд хайгуулын ажилд доод хэмжээ нь 19,5 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаас 2016 оны эцсийн байдлаар нийт 12,2 сая ам.доллар зарцуулж, үүнээс санхүүгийн шалтгалтаар 7,6 сая ам.доллар баталгаажсан.

2017 онд тус талбайд буюу  Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумдын нутагт хайгуулын цооног өрөмдөх, 3 хэмжээс чичирхийллийн судалгаа хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

-Ер нь манай орны хувьд газрын тосны хайгуулын хэдэн талбайд хэдэн гэрээлэгч компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай улс газрын тосны хайгуулын 33 талбай ялгаж, 27 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/ байгуулснаас 2 талбайн гэрээ дуусгавар болж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч компани БХГ-ний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Шинээр хайгуулын 3 талбайд БХГ байгуулах шатанд, хайгуулын 1 талбай нээлттэй, 2 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна. Мөн  АМГТГ-аас газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр эрлийн ажлыг хувийн хөрөнгөд тулгуурлан гүйцэтгүүлж байна. 2017 оны эхний улирлын байдлаар, эрлийн 18 /үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3/ гэрээ хэрэгжиж байна. 

-Энэ онд хийгдэх газрын тосны хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээг хэлнэ үү?

2017 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байна.

-Энэ  онд хэдий хэмжээний газрын тос олборлож, экспортлох вэ, улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна?

Одоогоор Тосон-уул XIX, Тамсаг XXI, 1997БХГ-т талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна   1.1 сая тонн тос олборлож экспортлон  улсын төсөвт 233.5  тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих