“Хувь хүн хүсвэл нэг жилийн дотор л ийм хашаатай болох боломжтой”

: 89 өдрийн өмнө / 2017-08-21 15:59:07

Амьдарч буй хашаандаа арав гаруй төрлийн жимс жимсгэнэ, 30 гаруй төрлийн мод, 30 гаруй төрлийн ногоо тарьж ургуулан, үржил шимийг нь хүртэж, өргөн олонд үлгэр дууриалал болж байгаа нэгэн айлыг зорьж очлоо. Баян хошууны тойргоос холгүйхэн, Зүүн салаа явах замд байх Ж.Бяцхандаа агрономичийн хашааг олоход амархан.. Хашааны хаяаг дагуулж барьсан төрөл бүрийн мод, төв хэсэгт нь барьсан хоёр ч хүлэмж, түүнийг тойруулаад ургуулсан эмийн ургамал , үзэсгэлэнт цэцэгс гээд гэр хорооллын дунд тодоос тод тэдний л хашаа гэрэлтэж байв.

Хашаанд нь ургасан өвс хүртэл шигүү ойд ургадаг нарийн өвс байх ба өнгө, өнгийн цэцэгсийн үнэр үнэхээр таатай. Ёстой л нөгөө ЭКО орчин гэдэг чинь л энд цогцоороо бүрэлджээ.

Өрхийн тариаланг амжилттай эрхэлж чадвал ядуурал 20 хувь буурна

Биднийг очиход Ж.Бяцхандаа гуайнх маш олон зочинтой байв. Учир нь өнөөдөр тэдний хашаанд тариаланчид цугларч, ногоо арчилгаа, эрүүл бордооны талаарх сургалтанд сууж байгаа нь энэ аж. Байнга л ногоочдын хөлд дарагдаж суудаг Ж.Бяцхандаа багагүй цаг хугацааг бидэнд гаргасан юм.

Тэрбээр өрхийн тариалан эрхлэхийг хүсэж буй хүмүүст хандаж

“Хамгийн гол нь хувь хүний хичээл зүтгэл чухал. Өрхийн тариалан гэдэг чинь идэх ногоогоо тарихаас гадна агаарын бохирдлыг бууруулах, эко орчныг эргэн тойрондоо буй болгож байгаагаараа онцлог юм. Бидний зорилго бол нэг айл хоёр айлыг тэжээгээсэй гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын өрхийн 10 хувь нь өрхийн тариалан эрхлээд өшөө нэг айлд тусалчих юм бол гэр хорооллын айлын 20 хувийн амьжиргаа шууд  дээшлээд ядуурал 20 хувиар буурах боломжтой.

Ер нь нэг өрх айл 700 м.кв талбайтай хашаанд амьдарч байгаа юм чинь түүнийхээ гуравны нэгийг ашиглахад л хүнснийхээ хэрэглээг хангаад, цаашлаад ашиг орлого олох ч боломжтой. Хэрвээ үнэт таримал тарьж чадаад мод үржүүлгэ амжилттай хийж гэмээ нь жилийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.

Ер нь хүмүүс амьдарч байгаа хашааныхаа газрыг л амжилттай ашиглаж чадвал ажлын байраа буй болгох боломжтой юм шүү дээ” гэсэн юм.

“Оролд, Төлөвлө, Тооцоол”

Мөн тэрбээр “Хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэж чадвал ногоо тарих амархан. Хүсвэл нэг жилийн дотор л ийм хашаатай болох боломжтой юм шүү дээ. Өнөөдөр манайд хашаандаа ногоо тарьж байгаа 170 гаруй өрхийн төлөөлөл ирсэн байна. Энэ хүмүүс бүгд л хашаагаа ажлын байраа болгож, ногоо тарих хүсэлтэй байгаа.  Хамгийн гол нь хүмүүст хүсэл сэтгэл байгаад байдаг ч яаж ногоо тарих, хүлэмж эрхлэх талаар мэдлэг мэдээлэл бага байдаг. Тиймээс өрхийн тариалангийн талаарх сургалтад эхлээд сууж мэдээлэлтэй болох хэрэгтэй. Дараа нь өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Гол нь оролдлого. Их энгийнээр тайлбарлъя л даа. Ямартаа ч тухайн хүн 20 кг төмсийг 200 кг болгочих. Аяндаа урамшаад ирнэ. Цаашлаад  тэрийгээ кг-ийг нь мянгаар зарчихаар 200 мянга, тэр нь хүлэмжийн мөнгө болчихно. Хүлэмжтэй болчихоор бүр л олон төрлийн ногоо тарих боломжтой гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж,  Оролд, Төлөвлө, Тооцоолоод сурчих юм бол гэр хороололд  байгаа айл бүхэнд боломж бий гэдгийг дахин, дахин хэлэх байна" гэлээ.

“Хүлэмж барихад 800 орчим мянга төгрөг шаардлагатай”

Ж.Бяцхандаа агрономич хүлэмжтэй болохыг хүссэн хүмүүст дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Ер нь бол өрхийн амьжиргааны хүлэмжид 4:8 буюу 32 м.кв хүлэмж хамгийн тохиромжтой. Ийм хүлэмж 800 орчим мянган төгрөгөнд босно. Өөрөө хямд материалаар хийе гэвэл 350 орчим мянган төгрөгөнд босчихно. Хамгийн үнэтэй материалаар хийвэл 650 орчим мянган төгрөг болно. Харин бэлэн худалдаалаад авъя гэвэл, 800 орчим мянган төгрөг болно. Ийм хэмжээтэй хүлэмжид 90 ширхэг бут тарих боломжтой. Нэг бутнаас  60 кг ногоо ургана гэж бодохоор нийтдээ 540 кг ногоо хураан авах боломжтой. Тэгэхээр 540 кг ногоог кг-ийг нь мянгаар зарахад л 540 мянган төгрөг болно. Гэхдээ мэдээж жишээ нь, өнөөдөр нэг кг огурцы гэхэд 2500 төгрөг. Тэгэхээр нэг хүлэмжнээс 1 сая гаруй төгрөг гаргаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлэмжнийхээ өртгийг өлхөн хийчихнэ гэсэн үг” гэлээ.

Гэр хорооллын айл бүхэнд боломж байна

Ж.Бяцхандаа агрономич "Гэр хорооллын айл бүхэнд боломж байгаа гэдгийг онцолж байна. Тэрбээр "Өнөөдөр гэр хорооллын айлууд 500-700 м.кв талбайтай хашаанд амьдардаг. Тэрнийхээ 4-ний нэгд л буюу 125 м.кв-т нь ногоо тарихад хангалттай. Ногоо тарих 125 м.кв –ынхаа 32 м.кв-т нь хүлэмж, үлдсэн 90 м.кв-т нь хамгийн амарханаар нь төмс тарилаа гэж бодъё: 18 кг төмс тарина. Түүнийгээ 10 дахин үржлээ гэхэд 180 кг ногоо. Тэр төмсөө кг-ийг нь 1000-аар зарахад л 180 мянга. Магадгүй лууван, манжин, байцаа гээд юугаа ч тарьж болно. Ингэхээр ногоо тарина гэдэг маш ашигтай. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын хөрсний бохирдлын талаар их ярих болсон. Иймээс бид сүүлийн хоёр жил Биологийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дарханы хүрээлэнтэй хамтраад хөрсний төлөв байдлыг шинжилгээ хийлгэж байна. Өөрөөр хэлбэл, танай хашааны хөрс үржил шмтэй байна уу, үржил шимийг нь яаж дээшлүүлэх вэ, ус, хөрсөнд нь хүнд металлын шинжилгээ хийлгэж байна. Ер нь бол бид бодохдоо л Улаанбаатарын хөрс бохир гэж бодоод байгаа болохоос бус яг мэргэжлийн шинжилгээ хийлгэхээр тийм биш юм билээ. Хүнснийхээ ногоог тарих бүрэн боломжтой” гэсэн юм.

Иймээс хүмүүс идэх ногоогоо өөрсдөө тариад эрүүл хүнсээр өрхийн хэрэглээгээ хангах бүрэн боломж буй гэдгийг Ж.Бяцхандаа гуайн жишээнээс бэлхнээ харж болох юм. Хамгийн гол нь хийе, бүтээе гэсэн чин сэтгэлтэй байхад орчноо эко болгож, эрүүл таатай амьдрах боломж хувь хүмүүст өөрсдөд бүрэн байгаа гэдгийг энэхүү сурвалжлагаараа хүргэхийг зорилоо.

С.Баяр

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Эх сурвалж: Zindaa.mn

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Д.Оюунбилэг
89 өдрийн өмнө / 202.170.71.39

Ямар сайхан ажилсаг бахархамаар хүн бэ. Сайхан хэрэгтэй мэдээ уншаад сэтгэл нэг их гоё болчихлоо. Танд баяр хүргэе.

Сайхан ажилсаг хун б
89 өдрийн өмнө / 59.153.114.63

Сайхан ажилсаг хун бн. Амжилт хусье