​Д.Хаянхярваа: Монголчууд бидэнд эв нэгдэл юу юунаас чухал байна

: 29 өдрийн өмнө / 2017-08-21 20:47:44

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдоод нэг сар гаруйн хугацааг үдэж байна. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн дүгнэх бол. Хүмүүс бол хар бараан сонгууль боллоо гэх юм?

-Сонгууль болдгоороо болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй юу ярихав дээ. Ард түмэн сонголтоо хийсэн. Гүжирдлэг, гүтгэлэг, доромжлол, маш их хууль зөрчсөн үйлдлүүдтэй иймэрхүү л сонгууль боллоо. Товчхондоо Монголын төр, хууль хяналтын байгууллагууд үнэхээр хүчгүй болсон, Монголд шударга ёс хийгээд хууль сахиулах талаар ярих нь ямар ч утгагүй гэдгийн тод жишээ боллоо. Өөр юу хэлэхэв дээ.

Үүнд төр засаг болоод улс төрийн намууд дүгнэлт хийх ёстой байх. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон асуудлыг хуульчилмаар юм шиг санагдсан. Энэ чиглэлээр улс төрийн намууд улс төрчид нухацтай ний нуугүй ярилцаж ойлголцох шаардлага байна. Сонгуулийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бид хоёр чуулганы танхимд уулзаж энэ талаар санал солилцсон. Бид хоёрын санаа нэг чиглэлд байна гэж би ойлгосон.

Нэгэнт сонгууль өндөрлөчихсөн тул одоо тэр нь хар, энэ нь цагаан гэж яриад яахав. Тэртээ тэргүй ард түмэн харсан. Харин зөв замдаа яаж орох вэ, алдаа, завхарлаа яаж засах вэ л гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Ард түмнийхээ эв нэгдлийг хангах талаар онцгойлон анхаарахгүй бол талцал хагарал, хэл ам, хэрүүл доромжлол, улс төрийн намууд болоод улс төрчдийг хагаралдуулахад чиглэгдсэн турхиралт нийгэмд арай л хэтрээд байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол монголчууд биднийг сайн юманд хүргэхгүй гэдгийг иргэн бүхэн тунгаах ёстой. 

Монгол Төрийн тэргүүн ямар бодлого явуулах вэ гэдэг нь өнөөдөр олны анхаарлын төвд байгаа. Ард түмний нэгэн адил Төрийн тэргүүний хэлсэн үг, үйлдэл бүрийг ажиглаж байна. 

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ гэдгийг мэдэгдсэн. Эдийн засгийн гадаад, дотоод орчин ямархуу байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд үетэй золгож байснаа бодоход нөхцөл байдал дээрдсэн. Засгийн газар ерөнхий ноён нуруугаа алдалгүй ажиллаж чадсан. Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн дүнд эдийн засаг сэргэх анхны өөрчлөлтүүд мэдрэгдэж байна. Эдийн засгийн өсөлт хасах байсан бол эхний долоон сарын байдлаар 5.1 хувийн өсөлттэй гарсан. Татварын орлого 300 орчим тэрбумаар давж биелсэн. Энэ бол чамлахааргүй ахиц.

Засгийн газрын ажилд алдаа оноо аль аль нь л байгаа. Шүүмжлэх амархан. Ханцуй шамлан ороод ажиллах гэдэг тийм амар юм биш. Засгийн газар илүү хурдтай, шийдэмгий ажиллаж, шийдвэрүүдээ зоригтой гаргаад явмаар байна. Засгийн газрын талаар гарч байгаа шүүмжлэл, анхааруулга гээд улстөрчдийн хэлж байгаа зүйлсийг үгүйсгэж болохгүй. 

Манай улсын хувьд гадаад орчин таатай тал руугаа явж байна. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг баталгаа нь ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирээд хөтөлбөрийн эхний үе шат амжилттай хэрэгжлээ гэдэг үнэлэлт өгөөд үүний үр дүнд Азийн хөгжлийн банкнаас Монголбанкны валютын нөөцийг зузаатгах чиглэлд 100 сая ам.долларын дэмжлэгээ үзүүллээ. Цаашид гадаад талд үүсээд байгаа таатай нөхцөл хэрхэн хадгалагдахад улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Уул уурхайн түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд өсч байгаа нь манай эдийн засагт эерэгээр тусч байна. Энэ торгон боломж, цаг хугацааг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь улстөрчдийн ухаанаа уралдуулах асуудал. Түүнээс биш бие биенийгээ хэмлээд суух цаг биш. 

2016 оны сонгуульд орохдоо эдийн засгаа өсгөж, улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэж манай намаас нэр дэвшсэн хүн бүр ярьж явсан. Саарын жишээнд АН-ын талаар ам уралдуулан ярьж байгаад ард түмний итгэлийг авч 65 суудалтай болсон. Эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтийг баталгаажуулж өсгөх асуудал манай Засгийн газар, эрх барьж байгаа манай намын бодлого үйл ажиллагаанаас шууд хамаарна. Дотооддоо эв нэгдлээ хангаж ажиллахгүй бол бүх зүйл буруугаар эргэнэ гэдгийг эрх барьж байгаа бид мэдэхийн дээдээр мэдэж, ойлгож байгаа байлгүй дээ. 

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо. Уг хурал нэлээд маргаан дагуулсан асуудлуудыг хэлэлцсэн гэх юм. Тухайлбал, 60 тэрбумын асуудлын хүрээнд Ц.Сандуйг огцруулах эсхүл огцруулахгүй авч үлдэх ч байдаг юм уу янз бүрийн яриа гарч байна. Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгнө гээд хаалга саваад гарлаа гэх юм. Та Удирдах зөвлөлийн хуралдаа суусан уу?

-Өнгөрсөн Удирдах зөвлөлийн хуралд би суусан. Үнэндээ хурлаас өмнө ямар асуудал хэлэлцэх гэж байгааг мэдэхгүй л шахам орцгоосон. Хурлын өмнө би намын даргатай уулзсан. Зарим нэг УИХ-ын гишүүнд нам шинэчлэх хөдөлгөөний зүгээс намын Бага хурлыг наашлуулах асуудал тавьсныг хэлэлцэнэ гэж ярьсан. Харин энэ хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын зүгээс манай намын дотор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихгүй юм уу гэдэг санал гаргаснаар энэ асуудлын хүрээнд хүмүүс байр сууриа илэрхийлсэн. 

Хэвлэлээр гараад байгаа шиг Удирдах зөвлөлийн хурал дээр хайрцаглаж базаад ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гээд явчихсан юм байхгүй. Тийм зүйл ч болоогүй. Хуралд суусан 20 гаруй хүн бүгд л үг хэлж саналаа солилцсон. Нэг хэсэг нь Бага хурлыг наашлуулъя гэсэн бол нөгөө хэсэг нь товлосон хугацаандаа хурлаа хийе гэсэн юм. Миний хувьд Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын хооронд үүссэн асуудлыг шийдэхийн тулд энэ хоёр хүн уулзаж ярилцдаггүй юм уу. Нэг талд нь гарч байж хурлаа хийх нь зөв байх. Хууль хяналтын байгууллагаас шийдвэр нь гарсны дараа есдүгээр сард Бага хурлаа хийгээд явахад буруу юм байхгүй. Яаруу сандруу Бага хурлаа хийгээд явах юм бол энэ үүссэн хэрүүл маргаанаа цэгцэлж чадах юм уу гэсэн санаагаа хэлсэн.

-Хайрцаглалаа гэдэг яриа хаанаас гарсан юм бол?

-Өөрсдийнх нь санал дэмжигдээгүй зарим хүн хурлыг хайрцаглалаа гэдэг яриа гаргасан. Ерөнхий сайд, Шадар сайд У.Хүрэлсүх үүссэн асуудлаараа тайлбар хийсэн. Өөрийн байр сууриа илэрхийлээд Шадар сайдын хувьд “Би Эрдэнэбаттай хамтарч ажиллаж чадахгүй. Өргөдлөө өгнө. Гарлаа” гээд хурлыг хаяад гарсан. Ийм л процесс болсон. Мөн 60 тэрбумтай холбоотойгоор Ц.Сандуйгийн талаар Ц.Нямдорж гишүүн “Сандуйг огцрох ёстой” гэдэг хувь хүний байр сууриа хэлсэн нь үнэн. 

-Та ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?

-Миний хувьд “Ер нь Сандуй сонгуулийн өмнө ярьж хэлсэн зүйл байсан бол нийслэл дээрээ асуудлаа яриад ажлаа цэгцэлбэл яасан юм бэ” гэдэг санаа хэлсэн. Хүмүүс юу гэж ойлгосныг мэдэхгүй л дээ. Мөн Ч.Улаан гишүүн эв эеэ хангах талаар, Ц.Даваасүрэн гишүүн Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэх мэт саналууд хэлж ярьсан. 

-Удирдах зөвлөлийн хуралд суусан гишүүдийн талаас илүү нь 60 тэрбумынхныг өмөөрлөө гээд хүмүүсийн зургийг эвлүүлчихсэн сошиалаар тарааж байсан. Тэдний дотор таны зураг ч байсан л даа. үнэхээр 60 тэрбумын асуудлыг өмгөөлөөд хамгаалцгаачихсан юм уу?

-Дахин хэлье. Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлыг тусгайлан хэлэлцээгүй. Зарим гишүүдийн зүгээс 60 тэрбумтай холбоотой асуудал газар авч байна гэж хэлж байсан. Ц.Сандуй сонгуулийн өмнө энд тэнд янз бүрийн сургалт, семинар болсон энд тэнд яригдаж байсан зүйлүүдийг эвлүүлсэн эвлүүлэг байсан гэдэг санааг хэлсэн. 60 тэрбум эвлүүлэг мөн биш гэж маргаад нэг хэсэг нь хамгаалаад нөгөө хэсэг нь өмгөөлөөд маргаж, мэтгэлцсэн зүйл болоогүй. 60 тэрбумыг улаан хамгаалагчид гээд сошиалд нэг юм харагдаж л байна лээ. Одоо ч яахав дээ нийгэмд таалагдаж л байвал үнэн худал нь хамаагүй сенсаац дэгдээж өөртөө оноо нэмдэг хэсэг бүлэг бий болсон. Ийм хүмүүс нь бол цэвэр ариун шударга үнэний туйл, нөгөө хэлүүлж хэмлүүлж байгаа нь бол Монголд байх ёсгүй луйварчин, хулгайч, шударга ёсыг уландаа гишгэгчид болж байгаа л даа . 

-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга 60 тэрбум үнэн байж гэж мэдэгдлээ шүү дээ. Энэ талаар санаа оноогоо хуваалцаач?

-Өнгөрөгч баасан гаригт намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сандуй хүлээн зөвшөөрлөө. 60 тэрбумыг би эвлүүлэг гэж ярьж байсандаа хүлцэл өчье” гээд яриад зогсож байгааг харсан. Гайхсан. Манай залуусын араншин, төлөвшлийг хараад арай л биш болж дээ гээд бодож сууна. 60 тэрбумтай холбогдсон асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлтээ гаргасан. Одоо ч мөн шалгаж байгаа юм билээ. Түүнээс биш 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүсийг өмгөөлж хаацайлаад байгаа юм алга. 

Харин нэг зүйлийг тодотгож хэлье. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын дарга, Ц.Сандуй бид гурав уулзахад Сандуй “60 тэрбумын асуудалтай холбоотойгоор би Нийслэлийн намын дарга, НИТХ-ын даргын ажлаа өгчихье” гээд хууль хяналтын байгууллагаар явж үнэн мөнийг нь тогтоолгоё гэж ярилцаад Сандуй тэр өдрөө 11 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон. 

Гэтэл хэвлэлийн хурлаа хийгээгүй. Сүүлд нь юу болов гэтэл сонгуулийн ерөнхий менежер, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “битгий өг” гэж хэлсэн гэж байсан. Эртээд Д.Амарбаясгалангаас энэ талаар асуусан. Сонгуулиас өмнөх байр суурь, сонгуулийн дараах байр суурь ийм байж болох уу. Сонгуулийн дараа намын генсек рүү янз бүрийн дайралт давшилт ирсэн байх. Энэ бол гэм биш зан. Ялагдлын дараах хүмүүсийн араншин. 

Гэм бурууг өөртөө хүлээхээс бултацгаах гэж ядсан арга. Намайг нэг утсаар ярихад Амарбаясгалан дарга нэлээд гундуу ярьсан. Би түүнд “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол маш том албан тушаал. Миний дүү чи том намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн. Энэ бүхнийг чи тэвчих ёстой. Наад гомдол санал, болж бүтэхгүй зүйлээ хэзээ хаана ярих вэ гэдгээ бод. Чиний ярих газар бол намын Их, Бага хурал, Удирдах зөвлөл. Би чамайг тэвчээртэй байгаарай гэж байгаа юм” гэсэн. Нэг үгээр хэлбэл тогоон дотроо асуудлаа яриарай гэсэн үг. Д.Амарбаясгалан “Баярлалаа, ахаа” гэж байсан. Гэтэл өнөөдөр тогооноосоо хэдийнэ хальчихлаа. Манай намын залуус ч гэлтгүй Монголын залуу үеийн төлөвшил, ёс зүй, хариуцсан ажлынхаа үнэ цэнийг хэрхэн ойлгодог эсэх гээд олон зүйлийн талаар юу болоод байгааг хараад сонсоод сэтгэл зовниж сууна. 

-Эрх баригч намынхан дотроо талцчихлаа. Эрх баригч намын зовлонг ард түмний зовлон болгож болохгүй. Харамсалтай нь үүнийгээ ойлгохгүй байх шиг байна л даа. Та түрүүн манай нам улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийг өсгөх тал дээр анхаарч ажиллана гэж ард түмэнд хэлсэн гэсэн дээ...

-Монголчууд “Хүний өмнөөс ичих гэдэг чинь ямар хэцүү юм бэ” гэж ярьдаг даа. Өөрсдийнхөө өмнөөс ичнэ гэдэг чинь үнэхээр хэцүү юмны нэг болоод байна. Ний нуугүй л хэлье. Ичиж үхмээр байна шүү дээ. Ер нь намын даргын төлөөх тэмцэл өрнөж байна. Одоо бүүр даамжраад засгаараа тоглож эхэллээ. Нөгөө ард түмнийхээ төлөө тогтвортой төр ажиллуулна гээд хоолойгоо хаттал орилоод байсан хүмүүс юу болсон бэ. Намын даргын сонгууль шинээр болно гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. М.Энхболд дарга “Есдүгээр сард багтаж Бага хурлаа хуралдуулна тэндээс Их хурлын товоо зарлана. Их хурлаас намын шинэ удирдлагаа сонгоно” гээд хэлчихсэн. М.Энхболд дарга “Би намын даргаа өгнөө” гэчихсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд хэн ч намын даргад өрсөлдөж болно. Манай намын одоогийн мөрдөж байгаа дүрмэнд зөвхөн Эрдэнэбат, Хүрэлсүх хоёр л намын даргад өрсөлдөнө гэсэн заалт байхгүй. 

Надаас өөр намын дарга болох хүн байхгүй гэх маягаар авирлаж намаараа, төрөөрөө тоглохоо болих хэрэгтэй. Одоохондоо тэрийг энийг намын даргад өрсөлдүүлэхгүй гэж юу ч яригдаагүй. Өөрөө нийгэмд таалагдах гэсэн увайгүй үйлдлүүд гаргаж намаа хагалаад улмаар намын даргын төлөө улайрсан амбиц албан тушаалын төлөөх шуналаасаа болж засгаа унагаж ард түмнийхээ амьдралыг уландаа гишгэхээс буцахгүй болсон хүн намаа, төрөө авч явна гэж би ердөө итгэхгүй байна. Би энэ үгийг журмын нөхөр Хүрэлсүхэд хандаж хэлж байна. Чамд ийм үйлдэл, урвалт шарвалт гаргахгүйгээр намын даргадаа өрсөлдөөд явахад ялалт байгуулах боломж нээлттэй байсан. "Энэ засгаас авлига үнэртээд байна" гэж чи ярьсан байна лээ. Энэ засгийн сайн муу аль аль нь чамд хамаатай. Энэ засгаас авлига үнэртэж байгаа бол чамаас ч ялгаагүй үнэртэж л байгаа.

Өөрийн зорилгоо бүтээхийн тулд намаа, журмын нөхдөө уландаа гишгэнэ гэж бодож зүүдэлж ч байгаагүй авир гаргаж байгаад чинь харамсаж эгдүүцэж байна. Аливаа сонгуульт албан тушаалд сонгогдохын өмнө “Намайг дэмжээрэй” гээд өөрийн танилын хүрээнд ярьж хэлдэггүй тийм хүн, улс төрийн нам гэж байхгүй. Өнөөдөр нийгэмд шударга царайлаад тийм юм хийдэггүй юм шиг ярьдаг нэг хэсэг байна. Тийм биш шүү дээ. Ингэж л явж ирсэн. Энэ тогтолцоо хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж би боддог. Ямар ч хууль дүрэм гарлаа гэсэн энэ хуульчлаагүй тогтолцоо хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эцсийн бүлэгт нууц санал хураалт бүхнийг шийднэ. Харин үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг ардчиллын шударга зарчим.

Яг үүнтэй адилхан намын даргын сонгууль ч мөн адил ингэж л явна. Би Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын тухайд үнэхээр харамсч байна. Удирдах зөвлөлийн хурал 

дээр ч гэсэн харамсч байна гэдгээ хэлсэн. Нэг кабинетын нэг хоёр дахь хүн, нэг намын хоёр, нарийн яривал улс төрийн тогоонд хатаагдсан, унаж босч, тэнцэж явсан, бага, дунд, том гээд албан тушаалуудыг хашиж явсан, намын ажил яаж явдгийг мэддэг, намын дарга байна гэдэг ямар хүнд ажил байдгийг ойлгодог хүмүүс үлгэрлэх ёстой байтал үлгэрлэхгүй байна. Нам дотроо улс төрийн тогтворгүй байдал гаргаад албан тушаалын төлөөх тэмцэл нь намаа хагалж, улс төрийн тогтворгүй байдал руу түлхэж байгаад харамсах юм. 

Тийм учраас хууль хяналтын байгууллагынхнаас хүсэх ганц зүйл байна. Энэ хүмүүсийн хууль хяналтын байгууллагад гаргасан гомдлыг шалгаад нэн даруй санал дүгнэлтийг нь гаргаж ард түмэнд ил тод болгож өгөөч. Нэг нь тагна, чагна гэчихсэн юм уу, нөгөөх нь өөрийгөө тагнаж, чагнасан юм уу гэдгийг нэг шийдчихвэл намын Их, Бага хуралд бүх зүйл тодорхой болчихсон орно. 

Үүнийг хагалахгүйгээр намын Их, Бага хурал руу орвол аль талд нь шийдвэрээ гаргах болж байна. Засгийн газрын нэг, хоёрдугаар хүмүүсийн алинд нь итгэх вэ. Үүнээс болж нам жинхэнэ утгаараа хуваагдлын замдаа орно. Өнөөдөр У.Хүрэлсүхийн амь насанд халдах гээд байна гэж байгааг арай сүржигнээд байна уу гэж харж байгаа. Арай ч дээ, өнөөдөр монголчууд бид бие биенээ алаад шудчих хэмжээнд өс хонзон байх ёсгүй. Улс төрийн увайгүй энэ үйлдэл хэрээс хэтэрч байна. 

-УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурлаа гэх юм. Засгийн газрыг огцруулах гээд байгаа шалтгаан нь юу юм бэ. Шадар сайд У.Хүрэлсүх Засгийн газар муу ажиллаж байгаа энэ тэр гэсэн байна лээ. Засгийн газрын хоёрдугаар хүн ингэж ярьж байгаа нь өөрөө ч бас муу ажилласан гэсэн үг үү?

-Засгийн газар муу ажиллаж байна гээд Т.Аюурсайхан гишүүний бланк дээр 20 орчим гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Гишүүд гарын үсэг зурах нь тэдний эрх. Гэсэн ч энэ хүмүүсээс ард түмэн “Та нар улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэсэн. Хадгалж чадаж байна уу” гэж асууна. Хоёрдугаарт, засаг төр үнэхээр муу ажиллаж байна. Үнэхээр ажил албан тушаалын төлөө яваагүй гэж байгаа бол “Бид Засгийн газрын бүтцэд орж ажиллахгүй” гэж өөрсдөө хэлэх байх. 

Манай залуус шударга ёсны тухай их ярьж байна. Бид сонгуульд өрсөлдөж явахдаа Хөгжлийн банкны хулгай луйврын тухай, төмөр замын 250 сая ам.долларын тухай, одоогийн Ерөнхийлөгчийн туслах зөвлөх байгаад гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийн тухай, мөн энэ хүний 30-40 лиценз болоод оффшор дансны тухай нийгэмд хангалттай ярьсан. Одоо энэ бүхэн яасан бэ. 

Энэ худал хуурмаг байсан бид л 60 тэрбумын хэрэгтэнгүүд гарцаагүй мөн гэж өөрөө өөрсдийгөө хуулийнхнаас урьдаж илчилсэн пялдагууд болж байгаа нь инээдтэй байгаа биз дээ.

Одоогийн Ерөнхийлөгчийн болоод өмнөх Засгийн газрын үеийн хууль бус үйлдлийн тухай айгаад ч юм уу зулгуйдаад ч юм уу ярьдаггүй юм аа гэхэд албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд гэж хүсмээр байна. Гарын үсэг зурсан хүмүүсийн ард ямар нэгэн эрх ашиг байхгүй гэх баталгаа байна уу. Гадаад орчинд бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй бол манай эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байгаа ч маш эмзэг байгаа гэдгийг мартаж болохгүй. ОУВС-д улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадна гээд амалчихсан ийм эмзэг эдийн засагтай энэ үед дэндүү хариуцлагагүй зүйл болж байна даа. Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцож болно. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Түрүүчээс нь хариуцлага тооцоод явж байгаа. 

Улс төрийн тогтвортой байдал ард түмний амьдралын баталгаа юм. Манай намд 65 суудал өгч ард түмэн амьдралынхаа баталгааг даатгаад өгч байхад бидний байж байгаа царай иймэрхүү байвал ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг би мэдэж байна. Гашуун ч гэсэн бид АН-ын алдааг давтаж болохгүй. Сургамж авах ёстой. Энэ удаа би АН-ыг доош нь хийх гэж ингэж ярьсангүй. Бид АН-ын алдсан алдааг бүүр баяжуулаад давтаж байна шүү дээ. Яагаад сургамж авдаггүй юм бэ. Улс төрийн том хүчнүүд бие биенийхээ алдаан дээр суралцаад урагшлаад байвал Монголын төрд хэрэгтэй. Хоёр том нам хүчирхэг байж бодлогын өрсөлдөөнөөр уралдаж чаддаг болсон цагт Монгол Улс улс шиг хөгжинө.

-Тэгээд эвлэрэх орон зай энэ хүмүүст үлдсэн юм уу?

-Манай нам дотор хоорондоо мэтгэлцэх, хагаралдах зүйл гарч байсан. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрыг хэл амаа ололцчих болов уу гэж хүлээж сууна. Энэ хоёр л хэл амаа ололцчихвол өөр асуудалгүй шүү дээ. Эмээлийн хоёр бүүрэг шиг урагшаа, хойшоо хараад суугаад байж болохгүй. 

-Намын даргын сонгууль болоод Ерөнхий сайд, Шадар сайд нар өрсөлдлөө гэхэд хэн нэг нь ялж таарна. Харин үүний дараа энэ хүмүүс учир зүйгээ олоод явж чадах уу?

-Намын даргын өрсөлдөөнд орж энэ хоёр хүний хэн нэгэн нь ялдаг байж гэж бодъё. Энэ хоёр хүн өнөөдөр эв зүйгээ олоод орох юм бол хэн нь ч намын дарга болсон намаа зөв аваад явж чадна. Хэрвээ энэ хоёр байр суурин дээрээ хагаралдаж намын даргын өрсөлдөөнд орвол хагарал цаашаа улам гүнзгийрнэ. Эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Тиймээс хамгийн чухал нь энэ хоёр хүний эвлэрэл. Хоёрдугаарт, засаг унаснаар сайн зүйл болдоггүй. Засгийн газрыг унагаая гэж байгаа залуу гишүүдийн шударга царайлсан үгний ард ямар эрх ашиг нуугдаж байгаа вэ гэдгийг би ч гадарлаад л байна. Ажил, албан тушаал, бизнесийн эрх ашиг байнга явж ирсэн л дээ. Тэр бүхнийг яаж хангаж ажиллах вэ. Манай намын гишүүд 20-25 хүн гарын үсэг зурж сөрөг хүчинтэй нийлж засаг огцрууллаа гэхэд тэднээс 4-5 хүн нь л сайд болно. Үлдсэн нь өөрийн эрх ашгийг тулгаж эхэлнэ. 

Тодорхой ажил албан тушаал дээр өөрсдийн хүнээ шахах, бизнес гээд янз бүрийн эрх ашгийг хангаж чадахгүй болоод эхлэхээр дахиад энэ зөрчил үүснэ. Ард түмэнд энэ үнэнийг л хэлэх ёстой. 

Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж байсан хүмүүс өнөөдөр Хүрэлсүхийг дэмжээд явж байна. Хүрэлсүх, “Херо”-гийн Баатар хоёрын дөрвөн минутын гар утсаар ярьсан бичлэгийг өнөөдөр ил болгочихсон байгаа юм. Ямар ч тэнэг энэ яриаг сонсоход Хүрэлсүхийг зориуд хатгаж яриулаад байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл дараа нь хэвлэлд тавих зорилготойгоор хийсэн гэж бодогдохоор. Энэ намыг хагалах гэсэн тодорхой хүчин байна. Энэ урхинд манай хоёр орчихсон юм биш биз, та хоёр бодоорой.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд даргыг дэмжээрэй гээд явж байсан нөхөд сонгуулийн дараа зүхээд эхэллээ. Танай намын залуусыг хоёр нүүртэй бууны ноход хэмээн цоллож байна шүү дээ...

-Сошиалаар харж байхад манай зарим залуу гишүүнд “Энхболдоо чи зайл” гэх маягаар элдвийн юм бичсэн байгааг хараад хүний төлөвшил, ёс зүй, хүн чанар гэдэг эрхэм зүйлүүд энэ хүмүүсийн хувьд юу ч биш юм даа гэж бодож байна. Би Энхболд хэмээх нөхрийгөө хамгаалж хэдэн үг хэлье. Бодвол бөгс долоогч л гэх байх. Энхболд дарга руу дайрч давшлаад байгаа залуус өндөр боловсролтой, УИХ-ын гишүүд хэдий ч Энхболдын төрд ч, намд ч хийж бүтээсэн зүйл ажил албаны болоод амьдралын дадлага туршлага нас намбыг нь бодсон ч энэ бол та нарын ёс зүй, төлөвшил, зан араншингийн доголдол гэж хэлмээр байна. Товчхондоо бол Энхболд дарга хийсэн бүтээсэн юмтай хэлэх үгтэй төрийн зүтгэлтэн. Яахав ээ, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үгтэй дээ. М.Энхболд даргын хувьд олон сайн чанартай хүн. Тэр ч утгаараа хүний өөрийн нам гэлтгүй тэгш сайхан харьцдаг.

Амьдралд мөнхийн юм гэж байдаггүйтэй адил ажил албан тушаал мөнхийн биш. Намын дүрмийн хүрээнд хоёр сар орчмын дараа албан ёсоор ажлаа өгнө. Энхболдтойгоо эргээд уулзах нүүртэй бай дүү нар минь гэж хэлье. Энэ сонгуульд ялагдсан бүх бурууг энэ хүнд тохох гэж бодож байгаа бол уучлаарай. Та бидний хариуцсан тойрог ямар үр дүн үзүүлсэн нь нэгийг хэлэх байх аа. 

-МАН-д шинэчлэл хийнэ гэсэн залуус гарч ирдэг л дээ. Гэхдээ өмнө нь Т.Аюурсайхан гишүүн Шинэчлэлийн хороо гэж байгуулаад намаа шахаж байгаад хамтарсан засагт ШӨХТГ-ын дарга болж байсан. Танай нам боловсон шантаачдаасаа салахгүй юм уу хэмээн гадуур ярьдаг л даа?

-Намд боловсон хүчний бодлогын шинэчлэл хийх ёстой гэдэгтэй санал нэг. Намын дүрэм журам, үзэл баримтлал тодорхой. Намаа шинэчилье гэх хүмүүс нам хүнд үед үргэлж гарч ирдэг. Намд ямар нэмэр болж байсан бэ гэмээр хүмүүс гарч ирдэг нь нууц биш. Таны хэлсэнтэй санал нэг байна. Зарим нэг нь иймэрхүү зүйлсээр шантааж хийгээд ажил алба аваад амаа тагладаг зүйл манай намд байдаг. Одоо янз бүрээр орилж дуулаад байгаа залуусыг битгий тийм байгаасай гэж хүсч байна. Үнэхээр зөв зүйлийг бол хүлээн зөвшөөрнө. 

-М.Энхболд дарга ажлаа өгөөгүй байгаа ч зарим хэсэг нь үл тоогоод эхэллээ л дээ...

-Намын даргынх нь хугацаа дуусах, ажлаа өгөх үед, сонгуульд унаж тусаад ирэхээр ингэж нэг нуруугаа харуулдаг хүмүүс бий. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуульд ялсны дараа УИХ-ын даргын өрөөний үүдэнд дээхнэ үеийн сүүний очер шиг л баахан хүн дугаарлаад зогссон харагддаг байсан. Өрөө рүү нь орох гэж тэмцэлдээд, магтаж сайшаагаад л. Яахав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд уналаа. Гэтэл “Чи зайл, чи яв” гээд барьж идэх нь. Би дахиад хэлье, энэ сонгуулийн ялагдлыг намын дарга руугаа чихээд өшиглөх гэж байгаа бол уучлаарай. Тэгж болдоггүй юм. Ямар ч үед хүнд хүн чанар байх ёстой. Өндөр албан тушаал хашихгүй ч гэсэн дадлага, туршлагыг нь ашиглах хэрэгтэй. Ямар нэг сонгуулийн ялалтын дараа сүү долоосон гөлөг шиг бөөнөөрөө шавчихдаг. Энэ сонгуулиар би тэгсэн, манай энэ ингэсэн гээд баахан зүтгэгчид, бараг л би байгаагүй бол ялахгүй байсан гэх маягтай. Энэ үеэс л зөрчил эхэлдэг. Ажил авч чадаагүй нь зүхдэг. Өнөөдөр өмнөх ажлаа хийгээд чимээгүй явж байгаа нэгэн нь үнэлэгдэх үнэлэмжгүй болж, орилж хашгирч, попорч байгаа нь шударга болж харагддаг ийм л гашуун цаг болж дээ хө. Эцэст нь хэлэхэд зөвхөн намд ч биш Монгол Улсад эв нэгдэл юу юунаас чухал байна.

Эх сурвалж: Өдрийн сонин, ярилцсан сэтгүүлч Э.Энхболд
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
28 өдрийн өмнө / 202.9.42.204

Худлаа ярьсан хулгайч байгаан. Дарханыг худалдаж идсэн хөгийн луйварчин да наадах чинь.

Зочин
28 өдрийн өмнө / 202.9.42.214

Энэ хаянхярваа хэзээний архаг хулгөйч шүү дээ. Өөрөө хор найруулж явдаг.хогийн амьтан

Зочин
28 өдрийн өмнө / 66.181.160.42

MANiinhaan negniihee bulhaig nuudag hubaaj eddeg archaagui ta nar shig zabaan uymnuud eb negdel gej yardaggui yum.eb negdeld shudarga zan bagtdag .bitgii soliorood baigaach. Ew nedel gej humuusiin durgui hurgeed bai.Luiwarshidaa

иргэн
28 өдрийн өмнө / 103.229.122.54

Хаянхярваа бол яаж ч юу ч гэж хэлж ярьж чаддаг хүн Хонгорын иргэдийг хог шороотой хольж улстөрд орж ирсэн чимээгүй иддэг хүн яаж хөрөнгөжсөннь нууц эв нэгдэлийн төлөө бус эрх мэдэл албан тушаалд дуртай хүн гэж боддог нэг им ярьсан Элбэгээгийн хойд дүр хорчин доо

60 ТЭРБУМ
29 өдрийн өмнө / 203.91.115.45

МАНТУУ ЭНХБОЛДОО ЗАЙЛУУЛАА? ТАНЫ НАЙЗ ДОРЖЗОДОВ Л АНХ ЭНЭ БУЛАЙГ ДЭЛГЭСЭН БИШҮҮ ХАЯН ГУАЙ?

ЗОЧИН
29 өдрийн өмнө / 103.212.117.172

М.ЭНХБОЛД ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР НАМЫН ЭВ НЭГДЭЛ , ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХЭМЭЭН ДОНГОДОЖ ЭХЭЛЛЭЭ!!! 60-Н ТЭРБУМЫН БИЧЛЭГТ МАН - АА , УЛС ЭХ ОРНОО ГЭСЭН НЭГ ҮГ ӨГҮҮЛБЭР БАЙХГҮЙ ШҮҮ!!! ТЭНД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ХЭРХЭН МАФИЙН СХЕМД ОРУУЛАХ ТҮҮНЭЭ ХЭРХЭН ЗАРАХ , ЗАРАГДАХ АЛБАН ТУШААЛ ХИР УНАЦТАЙ БАЙХ , ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ХЭРХЭН ХУУЛИЙНХНААР ЦАЙРУУЛАХ ТУХАЙ Л НОЦТОЙ ГЭМТ ҮЙЛДЛҮҮДИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЯРИГДДАГ

solior
29 өдрийн өмнө / 27.123.214.106

Hongoriin mafiig darsan hun dee Ed tegej chadahgui n gej uu

Зочин
29 өдрийн өмнө / 103.229.120.160

Эхлээд улсын эрх ашиг тэгээд намын эрх ашиг байдаг та нар улс орныг сүйрүүлэх зүйл хийж байхад намынхаа эрх ашгийг л яриад суух юмаа

Зочин
29 өдрийн өмнө / 66.181.179.84

Тэр Ганбаатар гэдэг пялдага чинь намынхаа залуусыг 60 тэр бумыг хэлэлцэхэд хамт байсан гээд бухсан шүүдээ. Тэхээр наад залуус чинь арьсаа хамгаална биздээ. Бүгд хурлыг хүлээгээд чимээгүй байсан бол 60 тэрбумын хамсаатан болно биздээ. Дээрээс нь АТГ юу шуурхай юм Ганбаатарын хэвлэлийн хурлын дараах нь байцаагаа биздээ. Хаянхярваа гуай таныг тэр хэлэлцүүлэгт байсан гэсэн бол одоо бас өөрийгөө хамгаалж юу гэж ярих байсан болдоо. Анхнаасаа Дарханаас хэл амтай гарч байсан хүн шүүдээ. Эв нэгдэл гэдэг чинь энэ арай л бишээ

Зочин
29 өдрийн өмнө / 203.91.112.6

Яасан хэрүүл хийдэг юмбэ Комит бичээд байгаа хүмүүийг шудрага ариун гэж хэн дүгнээд байгаа юм Төр засгаар оролдоод зориуд хагарал үүсгээд байна уу өөрөө ийм мундаг хүмүүс байна уу гэдгийг шалгах хэрэгтэй.Одоо өвөл болж ажил ид ундарч байна . Ард түмнийг төөрөлдүүлээд байгаа хүмүүст хариуцлага тооцдог газар байна уу Хүний эрх чөлөө гэдгээр бие биеэ арай дэндүү муухай хэлэх юм

ард
29 өдрийн өмнө / 27.123.214.114

цагаан цаас чи жорлонгын цаас жинхэн жижигхэн малдаа

Зочин
29 өдрийн өмнө / 139.5.217.220

Хаянхярваа гэж энэ хүнийг би уг нь их дэмждэг юм. Гэхдээ энэ удаагийн ярилцлага бол харин ёстой буруу ярьж байна. Ард түмэн наад Энхболд,Эрдэнэбат нарыг чинь үзэн ядаж байна шүү дээ. Адгалж хужаа гаралтай хамаатан садан хоёр хүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сууж болдог юм уу. 60 тэрбумаар төрийн албыг худалдсан авилгачид төрд байж болдог юм уу? Ардын намын даргад ах дүү садангаараа үе дамжуулан сууж болдог юм уу? Авилгал хээль хахуулын уул уурхай болоод байгаа наад засаг чинь тэгээд зөв юм уу. 200 мянган долларын үнэтэй гурван цаг зүүдэг Мөнхбат гэдэг сайд чинь хаанаас ийм их мөнгөтэй болчих воо гэнд асуугаад байвал зөндөө зүйл байна. Хачнхярваа даргаа та арай энэ авилгалчдын нэг нь болчихоод байгаа юм биш биз.

Boeko
29 өдрийн өмнө / 103.212.117.16

Unen l helsen bndag urvaach sharvaach es zuigui boljee gej...Hayan gishuunee uneheer demjij yavdag shuu...Darkhan luu tavigdaj bgaa zam bol uneheer byuantai ajil bolj bgaa...mash olon hunii ami nasiig avrah nuhtsuliig bii bolgosnooroo uneheeriin gaihaltai munhkiin buteel munhkiin gavya shuu tanii

hulgaich hulgaichaa
29 өдрийн өмнө / 202.9.43.121

omno hiisen buhen ni il bolno geed tevdej bna soo

зочин
29 өдрийн өмнө / 202.21.117.6

Хаянхярваа чи өөрөө тийм ёс суртахуунтай энхийн цагаан тагтаа юу хүн чанартай хүн үү чиний өмхий ам арай л өөрийн чинь хэлсэнээр пялдага ярилцлага өгөөд байгаа биш юм уу хүн чанартай хүн өвчтэй эхнэрийнхээ араар залуу хүүхэнтэй явалдаад хүүхэдтэй болоод хамт амьдардаг юм уу чи хөгийн ац гэдгийг чинь Дарханынхан мэднэ дээ чи өөрөө пялдага тарвага

чи дут
29 өдрийн өмнө / 27.123.214.115

Хаянирваа одоо боль доо өөрөө жинхэнэ пялдага болцонийн бишүү

Ээ
29 өдрийн өмнө / 114.248.121.40

ХУЛГАЙЧУУДТАЙ ЭВЛЭРНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ТЭДНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ БАЙЖ Л ТИЙМ ЮМ ЯРИНА

mgl
29 өдрийн өмнө / 202.70.46.208

ene harin helj bgaad doloodog ym bna

Дарханы иргэн
29 өдрийн өмнө / 27.123.214.124

Хаянхярваа болиосой. Новшийн луйварчин. Хонгорыг хордуулсан, Дарханыг дордуулсан хөгийн луйварчин. Эв нэгдлээр халхавчилж элдэв бузар арга сүвэгчлэхээ боль

Зочин
29 өдрийн өмнө / 59.153.114.111

Ta narii uursdiin buruu enkhboldiin uruu, chii tiim sain zuvluh baisan bol yurunhii saidaar enkhbold hamaatanii batsaan, aimagiin zasar darga tomilokhod n eserguutseh yostoi baisan, yurunhii said leader bj l bugdiig bazna odoo erdenebat maniig hayaad yavsan ch nohoi ch araas n shinshlengui tiim l hun shuuu dd, khurelsukh hayaad yavval man 2 huvaagdans tom yalgaas bga biz ddd,

Иргэн
29 өдрийн өмнө / 66.181.190.131

Хаянхярваа аргагүй л голтой зүйл ярьж дээ. Буруутайг нь хууль хяналтын байгууллага тогтоочихоор нам, ЗГ дотроо хариуцлагаа тооцож л таараа. Нам боловсон хүчний бодлогоо шинэчлэх, бүх насны төлөөлөлд тэгш хандах цагт болжээ.

Амаа тат
29 өдрийн өмнө / 73.135.49.137

Өндөр албан тушаал хашихгүй ч гэсэн дадлага, туршлагыг нь ашиглах хэрэгтэй ч гэх шиг... Инээд хүрчихлээ. Яаж Төрийн албан тушаал наймаалдаг, хүчний байг. дыг эрхэндээ яаж оруулдаг, монголын газар нутгаар наймаа яаж хийж болдог тухай л туршлага ярих байх даа... Та нар ер ядаж нэг хэсэгтээ чимээгүй бсан нь дээр дээ Та барын амнаас гарч бгаа хий, хийж бгаа үйлдэл болгон чинь ард түмнийг өөрсдийнхөө өмнөөс босгох тэмцэлд уриалж бна шүү Ард түмний хилэгнэл та нарыг амаа ангалзах тоолонд нэмэгдэж бгаа шүү