Түүнд мөрөөдөл бий

: 64 өдрийн өмнө / 2017-10-12 16:14:26

Би түүнийг зүс таньдаг болоод нэлээд хэдэн жил өнгөрчээ. Миний л мэдэхийн тэр үргэлж хөдөлмөрлөж байдаг байлаа. Тийм хүн ажил хийж чаддаг, ажилд авах газар олддог юм байж дээ хэмээн би анхандаа хачирхдаг байв. Над мэтийн олон хүний нүдийг бүлтийлгэн ажилласаар тэр лав арваад жилийг үдлээ. Нэг сонсоход нүүрс зарж байгаа гэсэн бол дахиад дуулахад мод тарьж байв. Саяхан түүнийг төмөр хийцийн үйлдвэрт ажиллаж байгааг мэдээд Дулааны IV цахилгаан станцын ойролцоо байрлах “Мегастиил фабрикаторс” ХХК-ийг зорилоо. Угтагч бүсгүй “Улаанаагийн тухай бичих гэж байгаа юм уу? Одоо манай үйлдвэрт ажиллаж байгаа. Өмнө нь манай байгууллагын гаднах цэцэрлэгийн бүх мод, бутыг тарьж, ургуулсан юм шүү дээ” гэсээр угтав.

Улаанааг уг нь Б.Ламжав гэдэг ч хүмүүс түүнийг багынх нь нэрээр танина. Бага насандаа хэвтэрт орж, эмнэлгээс салахаа байсан түүнд эмч нар менингит гэсэн онош тавьж, нугаснаас нь ус аван, элдэв хүчтэй тариа хийсэн ч тус болоогүй байна. Аав нь түүнийг таван настайгаас нь эхлэн Шаргалжуут руу жил бүр авч явж сувилуулан, эмийн хордлогыг нь тайлуулсан гэнэ. Үүний үр дүн ч юм уу, Улаанаа найман настайдаа хөл дээрээ босчээ. Түүнээс хойш 13 нас хүртлээ нийт долоон жил Шаргалжуутад сувилуулсан аж. Гэвч түүний өвчний онош тодорхой бус. Менингит, стрептомицины хордлого гэсэн хоёр онош байдаг ч хүү нь яагаад ийм болсныг аав, ээж нь мэддэггүй. “Орон дээрээс унаснаасаа хойш л бие нь өвдөж эхэлсэн” гэж ээж нь ярьсан юм. Харин би түүнийг саажилттай гэж боддог байв. Хариугүй ойчих нь уу гэмээр явдаг түүнийг байнга л ажил төрөл хийж явдагт би бахархдаг юм.

Үйлдвэрт ороход хүмүүс төмөр тасалж, гагнан, дор бүртээ завгүй байлаа. Хувцас эсгэхэд даавууны өөдөс гардагтай адил төмрөөр бүтээгдэхүүн хийхэд ч хаягдал бий болдог. Тэрийг цэвэрлэх нь Улаанаагийн үндсэн ажил. Тэр энд ажиллаад дөрвөн сар болж байгаа ажээ. Засварчин И.Сүхбаатар “Төмрийн хаягдлыг харахад бага санагдаж магадгүй. Бөөгнүүлээд зөөхөд хүнд шүү. Плазм (огтлогч) хийхэд хаягдал хамгийн их гардаг ч Улаанаа давгүй цэвэрлэчихдэг юм” гэсэн бол гагнуурчин Э.Ууганбаяр “Манайх цахилгаан станц, уул уурхайн зориулалтын тоноглол хийдэг.



Өмнө нь бид хаягдлаа өөрсдөө цэвэрлэдэг байсан юм. Одоо бол ажил хийж байхад хөл дор хаягдал хөглөрөөд байхгүй, ажил тарах үед үйлдвэр цэвэрхэн сайхан болсон” гэж ярилаа. “Мегастиил фабрикаторс” ХХК-ийн дэд захирал Б.Баянбаттай уулзахад “Улаанаа аливаад хариуцлагатай, ажлаас хоцордоггүй. Хариуцсан ажлаа хийж дуусгачихаад санаачилгаараа өөр ажил хийгээд явж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэлээ лав л ажлаас хоцрох ч юм уу, ямар нэг асуудал гаргадаггүй” хэмээн Улаанаад ам сайтай байлаа.

Энэ компанийн оффисын гаднах талбай их цэмцгэр юм. Ийм байлгахад Улаанаа санаа тавьдаг юм байна. Тэр 2014 онд эдний гаднах цэцэрлэгт чацарганы мод суулгасан нь жимслээд арааны шүлс асгаруулан бөнжийнө. Гацуур, улиас, шар хуайсанд өнгө нэмэн алаглах цэцэгсийн балыг амтлахаар эрвээхэйнүүд эргэлдэнэ. Зарим мод, бутыг Улаанаа өнгөрсөн хавар нэмж тарьсан гэнэ. Энэ бяцхан ногоон байгууламж бүхэлдээ түүний гараар бүтжээ.

Улаанааг анх группт оруулахдаа эмч нар хөдөлмөрийн чадварынхаа 70 хувийг алдсан гэж дүгнэсэн бол хэдэн жилийн өмнө 80 хувь хэмээн тогтоожээ. Гэвч хөл, гар хөдөлж л байгаа бол ажил хийж чадна гэсэн үг хэмээн боддог Улаанаад энэ нь огтхон ч саад болдоггүй шинжтэй. Говь-Алтайд байхдаа тэр аймгийн төвдөө ноолуурын наймаа эрхэлж үзжээ. Сумдаас ирсэн малчдын ноолуурыг өдөр нь авч, Улаанбаатар луу ноолуур зөөдөг ченжүүдэд орой нь өгөхдөө боломжийн ашиг унагана.

2002 онд гэрээрээ Улаанбаатарт шилжиж ирээд аавтайгаа хамт хэдэн жил нүүрс зарсан бол 2007 онд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн мод үржүүлгийн газарт ажилчнаар орж, зургаан жил ажиллахдаа мод тарьж, арчилж ургуулахыг сурчээ. Дараа нь 2014, 2015 онд барилгын компанид туслах ажилчин хийж байгаад одоогийн ажилдаа орсон юм байна. Сүүлийн жилүүдэд ядрахаараа хөл, гараа хөдөлгөж чадахаа байчихдаг болоод байгаа учраас, бас өвөл халтирч унах аюултай тул тэрээр улирлын чанартай ажил хийдэг аж. Арав, арваннэгдүгээр сарын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, өвөл амарч, гуравдугаар сард ажилдаа гарна.

Тэр хоёрхон хүүхэдтэй айлын бага нь. Одоо 31 настай. Ажлаа тарсных нь дараа гэрт нь очиход аав нь ээлжийн ажилдаа явсан, ээж нь ажлаасаа дөнгөж ирсэн, зуны амралтаараа өвөөгийндөө зочлоод буй хоёр дүү (эгчийнх нь хүүхдүүд) нь тоглож байлаа. Эгч нь Дарханд тусдаа амьдардаг, цэцэрлэгт ажилладаг аж. Гэрийнхэн нь анхандаа түүнийг бэртэж гэмтэх вий гэж болгоомжлоод гадуур гаргахаас дургүйцдэг байсан ч дийлээгүй гэнэ. “Улаанааг таньдаггүй хүн манай аймагт байгаагүй. Одоо хотод амьдардаг алтайнхан ч андахаа больж байгаа бололтой. Нутгийнхны Шинэ жилийн баяр, Цагаан сарын золголтод бид очиж амжихгүй явахад Улаанаа л оролцдог. Найз нь гээд машинтай хүмүүс хүргээд ирдэг” гэж ээж нь ярьсан юм. Түүнийг гэр бүлийнхээ “ургийн бичиг” гэхэд хилсдэхгүй юм билээ.

Ямар садан төрөл нь хаана байдгийг тэр андахгүй. Тэднийгээ хооронд нь холбож, хэл сураг дуулгаж явдаг хүн нь Улаанаа. Гэрийнхнээсээ ганцаараа Төрийн ордонд орж, Есөн хөлт цагаан туганд мөргөн, гэрэл зургаа авахуулж амжсан тэр аялах дуртай. Хамарын хийд, Баянхонгор аймаг руу аялж, Цагаан сараар Хийморийн овоон дээр гарч, Говь-Алтайдаа ганцаараа оччихоод ирсэн гэж байгаа. Эрүүл сэн бол энэ дэлхийг тойрон аялах байсан гэдэгтэй нь би лав маргахгүй. “Чи ийм ажил хийх үү” гэж түүнд санал тавьдаг хүн ганц ч үгүй, ар гэрийнхэн нь ч түүнийг ажилд оруулах гэж явдаггүй.

Тэр өөрөө л хөөцөлдөж яваад, ажил олоод хийчихдэг, эмнэлэгт очиж үзүүлээд хэвтчихдэг, халамжийн мөнгө, цалингаа авчихдаг, ямар ч тохиолдолд хүний гар хардаггүй юм билээ. “Бид хүүгийнхээ төлөө нэг ч алхам хийж чадаагүй ээ. Өөрөө л бүгдийг болгож, амьдралд дэм болж яваа” хэмээн аав, ээж нь хүүгээрээ бахархаж сууна. Энэ хүүгээр маш олон хүн бахархдагийг би мэднэ.

“Эрүүл байсан бол одоогийнхоосоо өөр явах байсан” хэмээн итгэлтэйгээр өгүүлсэн энэ залуу шударга бус зүйлд дургүй. Тиймээс ч цагдаа болохыг мөрөөддөг байжээ. Харин одоо тэр “Монгол хүн бүр эрүүл энх байж, Монгол Улс маань ямар ч өвчнийг эмчилж чадахаар болтлоо цэцэглэн хөгжөөсэй” гэж хүсдэг. Тийм цагийг хурдхан ирүүлэхийн тулд хүн бүр ажил хийж, түүндээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй, УИХ-ын гишүүд (Улаанаа тэднийг 76 гэж хэлсэн) үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэж тэр боддог.

Бүх монгол хүний зүтгэлийн үр дүнд эх орон нь өндөр хөгжилтэй орны тоонд багтаж, хүн бүр өвчин зовлонгүй, жаргалтай амьдрах болно гэж тэр итгэдэг. Тийм ирээдүйг хурдан наашлуулахын тулд тэр өөрийн хувь нэмрээ оруулахаар чадлаараа ажиллаж байгаа юм байна гэж би ойлгосон. Ийм гэгээн мөрөөдөлтэй энэ хөдөлмөрч залуугийн энгэрийг МАСЗХ 2013 онд алтан медалиараа мялаажээ.

Тэр сургуульд сураагүй ч гарын үсгээ зурж, тоо бодож, удаан ч гэсэн уншиж чадна. Хэн ч түүнд бичиг үсэг зааж өгөөгүй ч өөрөө бусдаас асууж, ажиглаж байгаад сурчээ. Сайн ярьж чаддаггүй болохоор өөрийгөө бусдад ойлгуулахдаа маруухан. Такси барих гэхээр жолооч нар зогсдоггүй, зогссон нэг нь эхлээд мөнгөө харуулахыг шаарддаг гэнэ. Ер нь бурхан түүнээс дэндүү том, арай л олон зүйл харамласан ч тэр авч чадах бүхнээ өөрийн хүчээр, хичээл зүтгэлээрээ олж авдаг мэт санагдав. Тэр амьдралд дэндүү хайртай. “Амьдрах сайхан” хэмээн инээмсэглэх тэр одоо эгчийнхээ хоёр хүүхдийг хүний зэрэгт хүрэхэд нь нэмэр болох зорилготой.

Газар дээрх ганц эгчийнх нь хань ноднин бурхны орон руу буцжээ. “Аав, ээжийгээ авч явах нь миний үүрэг. Дээр нь хоёр дүүгээ том болгочихвол боллоо” гэх тэр эгчийнхээ хоёр хүүхдийн хичээлийн хэрэгслийг бараг бүгдийг бэлдчихсэн, одоо хэдхэн зүйл дутуу гэнэ лээ. “Чи ажил хийхгүй байж болдоггүй юм уу?” гэж намайг асуухад тэр “Үгүй ээ, юм хиймээр санагдаад байдаг юм. Ажил хийх сайхан” гэсэн юм даа.

“Өргөө” кинотеатрын арын гэр хороололд ийм нэгэн гишүүнтэй гурван халуун ам бүл дулаахан амьдардаг. Улаанаагийн гараар бүтсэн бяцхан цэцэрлэг дэх цэцэгсийн балыг амтлахаар эрвээхэйнүүд эргэлдэж, тэр өөрөө амьдралын “бал”-ыг цуглуулахаар ажилласаар байгаа. Түүний мөрөөдөл биелэх нь гарцаагүй. Тэр цаг хурдан ирэх болтугай.

Сэтгүүлч Х.Болормаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2016 оны наймдугаар сарын 22

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
63 өдрийн өмнө / 183.81.171.2

Амьдралын төлөө тэмцдэг сайн залуу байна. Амжилт, аз жаргалыг хүсье.

tumka
63 өдрийн өмнө / 117.16.180.50

myndag zaluu bnadaa. tsaashdaa az jargaltai yrt udaan naslahiig husie

иргэн
63 өдрийн өмнө / 182.160.34.81

Урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсье

Зочин
63 өдрийн өмнө / 122.201.26.171

Amjilt az jargaliig hvsen eruue. Ingeed yvj bga n hvn bolgonii baharhal shvv dvv mini, ervvl enhiig hvsen eruue

Зочин
64 өдрийн өмнө / 71.201.16.137

Сайн залуу байнаа. Амьдралын төлөө тэмцдэг. Амжилт

irgen
64 өдрийн өмнө / 62.167.114.16

haramsaltai umaa ovchnii tyyh ni , iim saihan setgeltei, zov, shudarga hymyyst saihan ireedui baigaa, chaddag bol tusalj emchlyyleh umsandaa

irgen
64 өдрийн өмнө / 62.167.114.16

haramsaltai umaa ovchnii tyyh ni , iim saihan setgeltei, zov, shudarga hymyyst saihan ireedui baigaa, chaddag bol tusalj emchlyyleh umsandaa