О.Баасанхүү: Оффшор хулгайн мөнгөнийхөө араас өөр улсын харьялалтай болсон хүмүүс тэндээ очиж амьдар

: 31 өдрийн өмнө / 2017-10-18 14:55:01

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ давхар иргэншилтэй хүмүүс Засгийн газар болон УИХ-д ажиллаж байж магадгүй гэсэн. Таны таамаглаж буйгаар хэн, хэн давхар иргэншилтэй гэж?


-Давхар иргэншил, давхар харьяалал гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Давхар иргэншил гэж ямар утгатай вэ гэвэл АНУ-ынхаар бол ногоон карт юм. Давхар харьяалал бол тухайн улсын паспорттай, иргэн нь гэсэн үг. Жишээлбэл, Английн гадаад хэргийн сайд америк хүн байсныг иргэд нь мэдсэн ч асуудал үүсгээгүй.

Учир нь Англи давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөг. Давхар харьяалал буюу тухайн улсын иргэн болъё гэвэл хөрөнгө оруулалт хийж компани бүртгүүлээд иргэн нь болдог. Монгол Улсын хуулиар тийм боломж байхгүй. Би давхар иргэншилтэй хүмүүсийг тэр гээд шууд зарлах юм бол баттай эх сурвалж болж чадахгүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн зарлах ёстой.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуул, хүчний байгууллагынхан бусад улс оронтой сүлжээтэй, хамтран ажилладаг. Тиймээс тэд ажиллах ёстой. Миний хувьд давхар харьяалалтай иргэн Монголын төрд ажиллах бололцоо байна, тиймээс шалгуулъя гээд байгаа юм. Манайхан давхар харьяалал гэдгийг зөвхөн Хятадаар төсөөлж урд хөршийнхнөө хардаад байдаг. Яг үнэндээ муу юм бүхэн хятадуудтай биш, манайхантай холбоотой.

Хэрэв манай Засгийн газарт орж ажиллах сайд нар, эсхүл УИХ-ын гишүүд давхар харьяалалтай байвал бид түмний шившиг болно. Манайхан намайг давхар харьяалал гээд яриад эхлэнгүүт муугаар нь байгаа ганц казах гишүүнийгээ хардаад эхэлсэн.

Казах иргэдтэй ямар ч хамаагүй. Жинхэнээсээ авилгачид, төрөөс төрсөн тэрбумтнууд мөнгөөрөө харьяалал, иргэншлийг худалдаад авчихсан байгаа.

-Та хий хардаад байгаа юм уу, эсхүл баримттай мэдэж байна уу?

-Хардах бүрэн үндэслэл надад бий. Ихэнх нь үр хүүхдүүдээ гадны иргэн болгочихоод өөрөө л Монгол Улсын иргэн гээд явж байгаа. Хэрэв хэрэг үүсгээд балрах шинжтэй болоод эхэлбэл нутаг руугаа явчихна гэж бодож байгаа хүмүүс олон байна.

-Тийм хүмүүсийг та шууд нэрлэж чадах уу?

-Тэр, энэ гээд хэлчих юм бол хүний нэр төрд халдсан болно. Яагаад гэхээр миний ярьж буй зүйл нотлох баримтын чанарыг хангахгүй. Наадуул чинь өөрсдөө бүхнийг атгаж байгаа. Тагнуул, цагдаа, шүүх гээд бүхнийг гарынхаа атганд байлгаж байна.

Тийм болохоор О.Баасанхүү хүн гүтгэлээ гээд суучихна. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шалга гээд байгаа юм. Тэртээ тэргүй МАХН олонх болчихвол хариуцлага хүлээлгээд явна.

-Таны мэдээллийг сонсоод ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан хоёрыг юм болов уу гэх мэдээлэл явсан. Тэд мөн үү?

-Би тийм нэр дурдаагүй шүү. Хүн гүтгэмээргүй байна. Мэдээлэл хийсний дараа Н.Оюундарь гишүүн л надаас асуусан. Би Х.Баделхан биш шүү гэж хэлсэн. Би тэгж казах иргэдээ доромжилж, гутаахгүй. УИХ-ын гишүүд дотроос Баян- Өлгийн ганц хүндэт иргэн нь би.

Тэдний төлөө би явдаг. Тэндхийн иргэд гадаадад шорон оронд орчихсон байхад нь би хөөцөлдөөд асуудлын учрыг олж байлаа. Одоо эрх баригчид намайг үндэсний цөөнхийн эсрэг байгаа мэт турхирах гэж байна. Ер нь давхар харьяалалтай иргэдийг би зарлах шаардлагагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга уг асуудлыг ганцхан өдрийн дотор мэдэх боломжтой.

-Та шалгуулж өгнө үү гэх бичгээ Ерөнхийлөгчид өгсөн байх аа?

-Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хуульзүй, дотоод хэргийн сайдад өгсөн. Эд шийдэх ёстой. Уг нь их амархан шүү дээ. Гадаад улсад суугаа Элчин сайд нараараа дамжуулаад мэдээлэл авчихна. Мөн, биш гээд лавлагаа гаргаад ирнэ. Тэр хариуг нь авчраад өгчихнө биз. Дор нь шийдэх асуудал шүү дээ. Асуудлын гол нь хардах үндэслэл бий юу гэдэгт байгаа.

Зүгээр байгаа хүн болгоныг очиж хардаад байгаа юм биш. Манай төрийн томчуул болон УИХ-ын гишүүдийн ихэнхийн үр хүүхэд нь гадны иргэн болчихсон байна. УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа хүмүүсийн ихэнх шүү. Монгол Улсын гурван мянга орчим иргэн хоёр иргэншилтэй явж байгаа. Тэдний дийлэнх нь томчуудын хүүхэд. Гэхдээ Хятадын иргэншил биш шүү.

Өмнөх Ерөнхийлөгч давхар харьяаллын хуулийг оруулах гэж зүтгээд байсан шүү дээ. Тэр үед манайхан хятадууд манайд орж ирэх гэж зүтгээд ийм хууль батлуулах гээд байна гэж байсан шүү дээ. Тэр үед манайхан хятадууд манайд орж ирэх гэж зүтгээд ийм хууль батлуулах гээд байна гэж байсан. Гэтэл тийм биш юм байна. Эд нар өөрсдийгөө давхар харьяалалтай болгох гээд бүр улайрчхаж. Австралийн, эсвэл Канад, Английн иргэн болчихсон мөртлөө манай төрийн янз бүрийн удирдлагын хэмжээнд ажиллаад явж байна.

Ер нь та нар анзаараад байгаарай. Мань мэт шиг амьтан нь тойрог руугаа яваад, өвөө эмээ нартай уулзаад явж байдаг. Гэтэл нөхдүүд тойрог руугаа явдаг ч үгүй. Сонгуулиар очиж нэг харагдсан болдог. Тэгвэл тэд ихэнх хугацааг хаана өнгөрүүлдэг гээч. Гэртээ байж байдаг байхгүй. Тэр гэр нь Монголд байхгүй юу. Өөрөөр хэлбэл хоёр дахь эх орондоо дийлэнх цагаа өнгөрүүлж байгаа.

Шударгаар хэлэхэд тиймэрхүү хүмүүс төрд ажиллахдаа өрөм, ааруулыг нь идэж байна. Бид хусмыг нь идээд явж байгаа. Өмнө нь гадаад эхнэр, нөхөртэй бол гээд балай юм ярьж байсан. Тэр бол огт хэрэггүй шүү дээ. Хувь хүний хайр сэтгэлийн асуудлыг бид хэмжиж чадахгүй. Харин хулгайн хөрөнгөө дагаж нутгаа сонгосон хүмүүсийг Монгол төрд оруулж болохгүй.

-Гэхдээ үүнд ногоон карттай хүмүүс хамаарахгүй биз дээ?

-Хамааралгүй яадаг юм. Сонгуульд оролцохгүй болохоос биш бусад бүх зүйлд тэндхийн иргэдийн нэгэн адил тэгш эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл Монголд ирсэн ч гэлээ зургаан сар тутамд нэг удаа эх орондоо буюу Америкт ирж байгаарай гэсэн үг байхгүй юу.

Ногоон картыг иргэншлийн, паспортыг харьяаллын гээд байгаа юм. Манайд өнөөдөр Монголын иргэншилтэй, гадны харьяалалтай хоёр, гурван мянган хүн бий. Гэхдээ бид тэднийг гадныхан гэж гадуурхдаггүй. Гадуурхах ч ёсгүй. Тэр хүн хаана төрөхөө өөрөө мэдэж байгаа болохоор иргэншлийг нь өгөөд явж байгаа. Харин тийм хүн Монголын төрд орж болохгүй. Хэрэв Монгол Улсын харьяат болчих юм бол асуудал өөрөөр яригдана. Сонгуульд оролцоод сонгох, сонгогдох эрхээ эдлээд явна биз.

Гэтэл гадаадын харьяалалтай, Монголын иргэншилтэй хүмүүсийг төрд оруулахаа больё гээд байгаа юм. Хараар ажиллаж байгаад ногоон карттай болсон хүмүүсийг энд ярьж болохгүй. Оффшорынхоо араас, хулгайн мөнгөнийхөө араас харьяалалтай болсон хүмүүс нь тэр сонгосон улсдаа очиж амьдар. Тэндээ улстөрөө хий, энд ирж худлаа сонгуульдахаа боль. Монголын төрд ажиллахыг хүсээд байгаа юм бол тэндхийн харьяаллаасаа татгалзаад эндээ амьдарч, эрх үүргээ эдэл. Би ийм л зүйл ярьж байгаа. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг.

Давхар харьяалалтай хүмүүс харь үзэлтэй, харь бодолтой болчихсон байгаа. Бараг нөгөө эрлийзүүдээсээ долоон дор болчихож. Тийм давхар харьяалалтай хүмүүс олны анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд бусдын цусыг шинжлээд гүйгээд байна. Төрийн дээр байгаа хар хайрцагны бодлого гэж нарийн зүйл бий. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч “Монгол ялна” гэж сонгуульд оролцоод ялсан биз дээ.

Одоо тэгээд Монголоо ялуулаач. Одоогийн төрд миний яриад байгаа арав гаруй хүн байгаа. Зөвхөн давхар харьяаттай гэвэл дөрвөн хүн бий. Иргэншилтэй арваад хүн байна. Энэ 14 хүнийг төрийн өндөр дээд албан тушаал, УИХ-ын гишүүнээс нь болиулаач гэж байгаа юм.

-Тэр 14 хүн бүгд наад зах нь ногоон карттай юм уу. Та тэрийг баттай мэдэж байгаа юу?

-Тэрийг мэдэж байгаа болохоор л ярьж байгаа биз дээ. Би нотлох эрх бүхий байгууллага биш. Би ганцаараа байгаа. Хэрэв нэг цаас үзүүлчих юм бол наадах чинь худлаа, эвлүүлэг гээд эхэлнэ. Зөрчлийн хуулиар хүний нэр төрд халдсан гээд аягүй бол УИХ-ын гишүүнээс татъя гээд явж байж магадгүй. Хуульч хүний хувьд нотлох баримтыг гаргах эрх бүхий субьект нь ажлаа хийхийг шаардаж байгаа юм. Тэр болтол би хүний нэр зарлаж болохгүй байна.

-Гэхдээ та тоог нь хэлчихлээ?

-Нэр биш тоо зарлаж болно л доо

-Тэр 14 хүн одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа юу. УИХ-ын гишүүн юм уу?

-Холимог 14. Өмнөх Засгийн газарт ч байсан, одоогийнход ч байгаа. УИХ-д бий. Эхний ээлжинд сайд байсан болон сайд болох гэж буй зургаан хүний учрыг олооч гэж байгаа.

-Та бас У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллуулж болохгүй гээд гурван хүний нэр зарласан. Яагаад тэр билээ?

-Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа гэсэн гурван хүнийг нэрлэсэн. З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө өшөөг авч байна ч гэх шиг янз бүрийн зүйл бичээд л байна. Мөнгөтэй хүмүүс гоё юм аа.

Ингээд өөрөөсөө анхаарлыг сарниулахын тулд өөр зүйл бичүүлдэг. Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж буй миний шалтгаан ойлгомжтой. Өнөөдөр Монголын арилжааны банкуудын зээлийн жилийн хүү 18- 26 хувь. Гадаадад 0.75-3 хувийн хүү жилд төлдөг. Ийм банк оруулаад ир. Хятадынх байсан ч хамаагүй.

Орж ирээд Монголын балай банкуудыг дампууруул. Яагаад гэвэл ОУВС хүртэл хэлээд байгаа шүү дээ. Зээлийн хүү 14 хувь байхад үнэхээр хангалттай байхад юун хорь давсан хүү вэ. Хоёрдугаарт, таны мөнгийг барьцаалж байхад эрсдэлгүй гэсэн үг. Гэтэл манай банкууд таны цалинг, тэтгэврийг барьцаалсан мөртлөө дахиад эрсдлийн хүү гэж авдаг. Энэ нь ямар ч ойлгомжгүй байна.

Ингэтлээ улайрсан банкуудын эсрэг бага хүүтэй гадны ч хамаагүй банк оруулаад ир. Гэтэл Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын банк гэдэг нэрээр лоббидож, улайрсан. Ард түмэн санаж байгаа байх, Ч.Хүрэлбаатар бид хоёрын муудалцсаныг.

Би өөрийгөө доромжлуулсандаа гомдоогүй. Баасанхүү гэдгийг баасан нь бааж шээсэн гэсэн утгатай үг гэж уурлаад чичирсэн шүү дээ. Би түүнд уурлах шаардлага байхгүй. Надтай ижил нэртэй хүн олон бий. Ч.Хүрэлбаатарын нутагт ч гэсэн Баасанхүү гээд начин байдаг биз дээ. Хүнийг хоёр янзаар апж болно.

Нэг бол нэр төрийг нь гутаана, эсхүл махан биеийг нь ална. Ийм хүнийг Сангийн сайдаар тавибал бид сүйрнэ. Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувьд би бас саналаа хэлье. Бид яах гэж эрхзүйн шинэчлэлийг хийсэн юм бэ. Ц.Нямдоржийн алдааг засах гэж л хийсэн биз дээ. Ер нь эрхзүйн шинэчлэлийг сайжруулах гэж хийсэн юм уу, улам муутгах гэж хийсэн юм уу. Арван хэдэн жил гарсан хуульзүйн зөрчил 2000 оноос гаралтай.

Системийн хямрал манай Н.Энхбаяр даргыгхаан байх үеэс эхтэй. Н.Энхбаяр хаан байхдаа эднийг хажуудаа авчраад дараа нь өөрөө өөрийнхөө хүүхдэд залгиулсан байхгүй юу. Одоо эргээд энэ систем рүүгээ орох ёстой гэж үү. Ц.Нямдоржийг сайдаар тавибал энэ хүн хамгийн түрүүнд Эрүүгийн хуулийг өөрчилнө.

Хуулийн байгууллагынхан Ц.Нямдоржийг ирэх сургаар Ажлын хэсэг байгуулж байгаа гэсэн. Арван хэдэн жил бэлтгэсэн өөрийнх нь хүүхдүүд, дүү нар нь байгаа. Цагдаа, прокурор, шүүх сүүлийн арав гаруй жилд шинэчлэгдсэн үү. Үгүй биз дээ. Дандаа өөрийнх нь хүмүүс байгаа юм чинь яаж ч шинэчлэх вэ дээ. Өмнө нь агуу ихийн дэмийрэлтэй, хүн сонсдоггүй Х.Тэмүүжин гэж очоод хуулш*н байгууллагыг яаж самрав. Чингэлтэй дүүргийн байшинг булааж авсныгаа шүүхийн шинэчлэл гэж яриад байдаг.

-МАН-ынхан Ц.Нямдоржоос өөр энэ салбарт сайдаар ажиллах хүн байхгүй ухааны юм яриад санал оруулж байгаа биз дээ?

-Ц.Нямдорж энэ салбарыг сайжруулаад явж чадахгүй. Уг нь бол Ц.Нямдорж миний ах байхгүй юу. Чи бараг “Ц.Нямдорж миний ах” гээд ярилцлагаа гарчиглачихаарай. Энэ хүнийг би ахаа гэж дууддаг. Хуульчид дунд Ц.Нямдоржид хүндэтгэлтэй ханддаг ганц хүн нь би байх. Би ч үүнийгээ ний нуугүй хэлж байгаа. Танд би эрхэлье, гэхдээ та больчих гэдэг. Тэр хүн одоо болно.

Ц.Цогзолмаа ч гэсэн дээ. Дүүргийн Засаг дарга байхдаа баахан л хэл аманд ороод байсан. Одоо сайдаар томилогдоогүй байхдаа л халаа сэлгээ ярьж байна. Бодлого ярихын оронд боловсон хүчнээ хална ч гэх шиг. Боловсролын яамыг мэдлэгтэй, боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн авч явах ёстой. Түүнээс биш сэлэм эргүүлдэг хүн тэнд хэрэггүй. Бид боловсролын системээр хангалттай тоглолоо. Мүүний шашинтай гээд нэг хүн гарч ирээд баахан тоглосон. Эмнэлэг, сургууль, хууль гурваараа битгий тоглооч.

Түүнээс биш надад хувь хүнтэй хийх дайн хэрэггүй. Эрүүл мэндийн салбарын хувьд ч ялгаагүй. Японд Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан монгол хүн өнөөдөр эх орондоо ирэхэд ажил олдохгүй байна. Гэтэл сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явах гэж байна. МАН боловсон хүчний хомсдолд ороогүй. Би У.Хүрэлсүхэд үнэхээр гутарч байна.

У.Хүрэлсүх дан дээлтэй, хүчтэй, шударга, барьцаалагдаагүй сайд нар оруулж ирээд унасан байлаа ч нэр төрийн хэрэг байлаа. Дараа нь тэр хүн бүр илүү хол явах байлаа. У.Хүрэлсүх жаахан чангахан дуугарахаар нь ард түмэн төдийгүй би ч гэсэн хүндэлж эхэлсэн. Гэтэл одоо Засгийн газар нь унахад хохь нь гэж хэлэхээр болчихлоо. Мөхөл рүүгээ л явж байна даа. Тиймээс нэн яаралтай МАХН-даа ир гэж уриалаад байгаа юм.

-Нээрээ МАХН руу орж магадгүй гэсэн яриа яваад байсан. МАН-ын нэр бүхий гишүүд танай намынхантай уулзсан уу?

-Намаа шинэчилбэл ирье л гээд байгаа шүү дээ. Багаар бодоход зургаан гишүүн ирье гэж байна.

-Хэн зургаа юм бэ?

-Хүний нэр яриад яахав дээ. Эхлээд намаа шинэчлээдэхье. Намаа шинэчилж чадаагүй байж ирье гэж байгаа хүмүүсийг улстөрчийнх нь хувьд үхдэл болгоод хэрэггүй биз дээ.

-Тэгвэл танай нам шинэчлэгдэж чадах нь уу?

-Ирэх долоо хоногоос ажиллагаа явагдах байлгүй дээ. Дүрэмтэй, журамтай нам шүү дээ.

-Шинэчлэгдвэл юутай ч зургаан гишүүн ирэх нь ээ дээ?

-Багаар бодоход зургаа шүү. Яаж ийж байгаад бүлэг байгуулах хэмжээнд очно. 2020 он гэхэд багаар бодоход хориулаа, томоор бодоход дөч, жаруулаа сууж байя. Миний мөрөөдөл тэр.

-Та Ардчилсан намынхан төмсөгдүүлчихлээ гэсэн. Яагаад тэгж хэлэв?

-Та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Концессын гэрээ, Эрдэнэтийн ард хэн байгаа гэж. Ардчилсан намынхан л байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд байж л байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагийн хэдэн сард ямархуу байдалтай байсан билээ. Чангахан дуугарч ч чадахгүй байсан. Монгол ялж байж эд нар нэг дуугарах сөхөөтэй болсон биз дээ.

Захын Ж.Мөнхбат хүртэл дээрэлхээд байдаг байлаа. МАН-ынхныг гомдоочихвол баларна гээд юм ч ярьдаггүй байсан. Тэрийг чи ч гэсэн мэдэж байгаа. Сүүлийн үед монгол ялчихаад овоо жаахан дуугарч байна. Гэхдээ чанга биш. Өмнө нь сүнс. сүлдгүй болчихсон хүмүүс л байсандаг. Харин би бол эдний өөдөөс ярина, дуугарна. Д.Гантулгын ёс зүйн асуудлыг ярина.

-Д.Гантулгын асуудлыг ёс зүйн дэд хороогоор хаалттай хэлэлцсэн. Яагаад ил тод ярьж болохгүй байна вэ?

-Д.Гантулга болохоор нь ч яриад байгаа юм биш. УИХ-ын гишүүн хүн ийм байж болохгүй байхгүй юу. Өөрт нь би зөвлөмж өгье гэж бодож байгаа, ах Их хурлын гишүүний хувьд. Чиний наад үйлдэл чамайг ард түмэнд муухай харагдуулаад байна. Тиймээс сайн дураараа чөлөөлөгдчих гэсэн утгатай. Тэгвэл дүүд хугацаа бий. Би 37 настайдаа улс төрд орсон.

Дүү 35-тайдаа улс төрд эргээд ороод ирэхэд том явна. Би цаадахыг чинь дүү шигээ хайрлаж байгаа юм. Одоо энэ хэвээрээ яваад байвал дууслаа. Энэ хэдэн намынх нь ах нар Д.Гантулгын өмдийг хэзээ ч өмсүүлэхгүй. Би хүртэл доромжлуулж байгаад дараа нь Их хурлын гишүүн болоод орж ирсэн.

Д.Гантулга одоо өөрөө өргөдөл бичээд огцрохгүй бол хэнтийчүүд дахиад хүлээн зөвшөөрөхгүй шүү. Ц.Элбэгдоржийг гадаадын тагнуул гэхэд нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад дараа нь Ерөнхийлөгч хүртэл яваа биз дээ.

Түүн шиг сайн дураараа чөлөөлөгдөөд эмэгтэйчүүдээс уучлал гуйх хэрэгтэй. Сонгогчдын 64 хувь нь эмэггэйчүүд байдаг. ёс суртахууны хувьд алдаа гаргасан учраас уучлал хүсэж байна гээд зоригтой хэлэх хэрэгтэй. Тэгж чадвал 2020 онд дахиад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Эмэгтэйчүүд чинь уяхан шүү дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
31 өдрийн өмнө / 62.167.114.16

Toriin deed baiguullagad huuli heregjihgui baina gedeg gutamshig, yanz byriin asuudald oroozoldson hymyys goliichihood dylii um shig huuli zorchood suuj baidag, eronhii said ene byhnee yaj yanzlahiig ni harah yldej dee