С.Баярын хүсэлт ба Б.Хурцын томилгоо

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 09:22:12

Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн  долоодугаар сарын 22-нд Гадаад харилцааны яаманд ирүүлсэн байдаг. Хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай. Гэсэн ч С.Баярын Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлт хаа нэгтээ гацчихаад  дөрвөн сар болж байна. 

Шийдвэр гараагүй  учраас Элчин сайд мөн ч юм шиг өргөдлөө өгсөн болохоор биш ч юм шиг ийм л хачин нөхцөл байдал үүсээд удлаа. С.Баярын  ажлаас чөлөөлөгдөх хүсэлт Гадаад харилцааны яаманд ирэхээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эргүүлэн татах санал хүргүүлсэн байдаг. 

Харин УИХ-ын тамгын газраас “Засгийн газрын мэдэх хэрэг” гэх утга бүхий хариу барьж, асуудлаас бултсан.   Мөн Элчин сайд С.Баярын өргөдөл ирсний дараа Гадаад харилцааны яамнаас “Энэхүү хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж, зохих шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл хүсэлт чухам хаана гацсан нь тодорхойгүй байна. 

Дипломат албаны тухай хуульд Элчин сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргасан тохиолдолд хүсэлтийг хэрхэн хүлээж авах талаар нарийвчилсан зохицуулалт тусгаж өгөөгүй байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өргөдөл гаргаснаас хойш 30 хоногт багтаан Засгийн газраас уг асуудлыг УИХ-аар оруулах ёстой байсан талаар хуульчид ярьдаг.  Гэхдээ хуулийн хугацаа хэдийнээ өнгөрчихсөн.

С.Баярыг эгүүлэн татах уу, тэр ажлаа үргэлжлүүлэх үү гэдэг асуудал таавар хэвээр. Харин энэ дундуур зарим нэг Элчин сайдын асуудал ёстой л нүд ирмэхийн зуур шийдэгдэж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын  шийдвэр энэ сарын 1-нд гарсан. Чөлөөлсөн шийдвэрийн дараагаас 10 хүрэхгүй минутын хугацаанд шууд л БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдаж эхлэв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Б.Хурцтай холбоотой хурц мэдэгдлүүдийг хийж байсан ч Элчин сайдаар томилогдох асуудалд нэг ч үг дуугарсангүй. Түүний хувьд Б.Хурцаас өөр муу  муухай хүн байгаагүй ч нэг үг “хаяхгүй” байгаа нь Элчин сайдаар томилох асуудалд тийм ч таагүй биш бололтой.

Энэ явдал болсноос хойших 10 хоногийн дотор Б.Хурцыг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн ганц гишүүн нь Ж.Батзандан. Тэрээр энэ асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргасан. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гаднын орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Гэсэн ч Ж.Батзандангийн энэ  мэдэгдлүүд Б.Хурцын хувьд тийм ч ноцтой асуудал биш байсан бололтой. БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудал нь ногоон гэрлээр шийдэгдэж мэдэхээр байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд  Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг томилох  Засгийн газрын саналыг зөвшөөрсөн талаар эх сурвалж мэдээллээ. Одоо  УИХ-ын чуулган гэсэн давааг давчихвал Б.Хурц Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоно гэсэн үг.  Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх товтой байна.

Ялангуяа Б.Хурцтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгож буй. Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудал чухам хаахна яваа юм бол доо.  Дөрвөн сар гацсан хүсэлт байхад 10 гаруйхан хоногийн дотор шийдэгдэх “том” эрх ашгууд Монголын улс төрд байна.

Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
4 өдрийн өмнө / 202.9.42.170

Б.Хурц гэгч муу бүхэнтэй нэр холбогдсон энэ бохир амьтнаас өөр хариуцлагатай алба хашчих боловсролтой,чадалтай,шудрага залуус Монголд зөндөө байна. Хүн хулгайлж, олон улсад бөөн асуудал үүсгэж, Монголын нэрийг муугаар мандуулсан хүнийг АН их аргадаж, хаацайлж бн даа. Хулгай хийгээд ирэнгүүт АТГ-ын дэд дарга болгож байсан байх аа. Зориг агсныг зэрлэгээр хөнөөсөн захиалагчийг Монголын ард түмэн аль эрт илрүүлчихсээн. Найруулга муутай жүжгээ дуусгаж гэмгүй хүмүүсийн хувь заяагаар тоглохоо зогсоогооч.