Б.Хурцын асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ

: 30 өдрийн өмнө / 2017-11-15 19:16:15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.15) хуралдаан  14 цаг  40 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал-ыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.



Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Б.Хурц нь төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгааг танилцуулгад дурдсан байна.

Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, А.Ундраа, Я.Санжмятав, Н.Энхболд, О.Содбилэг нар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нараас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас АНУ, Япон, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг асуудлыг өмнө нь Улсын Их Хурлаар хэлэлцэн дэмжигдэж Ерөнхийлөгчийн зарлиг гарч, улмаар тухайн улс нь хариугаа ирүүлсэн байтал Элчин сайд нарыг томилогдсон улс оронд нь яагаад явуулахгүй 75-130 хоног хүлээлгэж байгааг тодруулахад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал өмнө нь томилогдсон таван Элчин сайдын асуудал удааширсан тал бий, асуудал эхнээсээ шийдэгдэж зарим Элчин сайд нар тухайн орондоо суухаар явж байгаа, одоо үлдээд байгаа гурван Элчин сайдын асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн хариулт өгөв. Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг хуулийн дагуу зохих түвшинд зөвшилцөж, шалгаж нягтлах асуудал журмын хийгдсэн. Нэр дэвшигч нь Монгол Улсаас Унгар, Турк улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан дипломат ажлын зохих дадлага туршлагыг нь энэ томилгоонд харгалзан үзсэн гэдгийг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, А.Ундраа нар нэр дэвшигч нь хууль хүчний байгууллагад олон жил ажилласан төрийн ажлын туршлагатай албан хаагч. Харин одоо шинэ салбарт ажиллах гэж байгаа учраас дипломат ёс зүйг чанд сахиж ажиллах, хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг улам ахиулах, иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалахад анхаарахыг захилаа.

Ингээд Батын Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр гаргасан саналын дагуу энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов.  

Байнгын хорооны Ажлын хэсэг Томилгооны сонсгол явуулах хугацааг Улсын Их Хурлын удирдлагатай ярилцаж шийдэх бөгөөд Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг.

Дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас Дэл хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм.

Ингээд Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо.

Х.Онон
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих