Нүүдэлчин монголын үгийн ухаан

: 11 өдрийн өмнө / 2017-12-04 12:57:51

Үг хүчтэй. Тэр дундаас гаднаас нь харахад ийм ядар хүнээс ийм үг яаж гараваа гэмээрээс гайхалтай мэргэн ончтой, егөөтэй, донжтой үг гардаг. Энэ бол өөр элдэвт самуурч хиртээгүй тархи, сэтгэлд нь дээд хөх тэнгэрийн эрчис хүч,доод ногоон газрын зэрлэг догшин байгалийг сөрөх ухаан, од гаргийн тохиолдлоор суусан хар бор ухааны онгод, түүний шидээр түгжрэлгүй гардаг нүүдэлчин монгол үгийн ухааны шуудхан илэрхийлэл юм. Өвгөд дээдсийн үгийн нүдийг олж хэлдэг энэ гайхамшиг бүр "Монголын нууц товчооны" мөр бүрээс илэрхий мэдэгдэж, мэдрэгддэг. Монголчуудын энэхүү дэлхийд манай нүүрийг тахалж, бишрүүлсээр ирсэн агуу бүтээлийн өмнө дор хаяж 1О ийм "Нууц товчоо" шиг бүтээлийг хийсэн байж таарна. "Үндэс байж мод ургадаг, угшил байж мэргэд төрдөг" хов хоосон орон зайд ийм сор бүтээл гарах боломжгүй. ХIХ зуунд Монгол нутгаар явж өнгөрсөн өрнөдийн эрдэмтний тэмдэглэлд "Монголчууд эрдэмтэн шиг ярьдаг" гэсэн баярламаар үг үлджээ. Америкийн эрдэмтэн түүхч, Роберт А.Рупен "Монголчууд шиг угшлынхан "соёлын генийг" тээж явдаг агаад дэлхийг олон өнгөтэй болгож, тэрхүү олон янзын өнгийг бүрдүүлдэгээрээ "дэлхийн генийн санг" хүчирхэг болгодог юм. Ижилгүй шинж, хосгүй өвөрмөц Монгол алга болбол даяанд эмгэнэл төрнө" гэж хэлсэн нь бахархалтай. "Монголчууд ой тогтоолтын дэлхийн аварга болоод байгаа зэргийн монгол генийн судалгааг нарийвчилан хиймээр байх юм" гэж саявтархан Монгол Улсын Ерөнхийлэгч Х.Баттулга шинжлэх ухааныханд хандаж хэлээд авна лээ. Америк болоод өрнөдийнхөн гайхаад байхад бид чимээгүй суугаад байж таармааргүй.

Арваад жилийн өмнө германаар зохиолоо бичиж өвгөн европод алдаршсан Чианагийн Галсантай ярилцлага хийхэд, тэрбээр нэгэн уулзалтад хэн нэгэнд хандаж "чихгүй толгой" гээд хэлчихэж...Гэтэл нижигнэтэл алга ташжээ.Тэд германаар "чихгүй толгой" гэж хэн ч хэлээгүй л дээ гэсэн. Энэ үгийг манайд хэлбэл ёстой гурван настай хүүхэд хацар руу маажихын дайтай ч тоохгүй. Ухаанд нэвчинэ гэдэг энэ. Нүүдэлчин монгол ухаан, нүүдэлчин монгол ахуй, оюун ухааныхаа баялагаа нээгээгүй уурхай шиг байнаа. Ч.Галсанд алдарт Шамилсоны болоод олон шагнал гардуулахдаа "Германы уран зохиолыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, герман хэлийг хөгжүүлж байна, германы уран зохиолын цусыг сэлбэлээ" зэргээр үнэлжээ. Гэхдээ энэ зохиолчийн бүтээл монгол хэлд бараг байхгүй шахам.

Саяхан хэлбичгийн ухааны нэртэй эрдэмтэн Б.Пүрэв-Очир багшийн мэндэлсэний 7О жилийн ой, эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн монгол хэлний тэнхим маш цэгцтэй, чамбай зохион байгуулав. Тэрхүү хуралд МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш доктор Д.Батжаргалын "Ардын дүрслэлийн хэл-5" буюу "По" багшийн үгийн эрчим" гэсэн илтгэл энгийн агаад, монголчуудын үг ухааны нүдийг олсон, жаахан сульдсхийж байсан хуралдагсдыг хөгжөөж, олонд хүрцтэй болсноороо онцлог боллоо. Ерөөс энэ эрдэмэн аман болоод бичгийн онч мэргэн, содон, сонирхолтой ёгтлолтой үгийг олон жил цуглуулж байгаа нь өглөөний өвсний шүүдрийг цуглуулж, монгол үг хэллэгийн эрдэнэсийн санд дусал дуслаар хувь нэмрээ оруулж яваа судлаач юм. Илтгэлд нь донжтой, ёгтлолтой хошинлог, ёстой эрчис хүч хуран хуримтагдсан шиг, болорын олон талст гялалзах шиг ардын үгс оржээ. Цухас дурдваас, хүргэнээ хоосон ирээд хөрөнгөжиж бэлтэй болсныг "Ханын нүдээр ирээд,хаалгаар багтахгүй болсон" гэх юмуу "Эр хүн дөрөөгөө цоортол явж, эм хүн адсагаа цоортол суух ёстой", "Айлд орж суусан хүн авдар дээр ассан зул хоёр ав адил "Сахлын будаа хоолонд нэмэргүй гэдэг шиг шалихгүй амьтан шив дээ,чи ахаараа оролдвол Богд уулыг бойтогтой хөлөөрөө өшиглөсөнтэй адил юм болно шүү. Тарагныхаа савны бүтэн дээр, талхныхаа голыг нойтон дээр хурдан зайл" "Нүд гэж нүх, шүд гэж шүр боллоо" гэх зэргийн 53 настайгаас 85 нас хүртэл аргалынхаа хөх цогныхоо дэргэд суугаа ардын хөх ухаантны үг ухааныг түүж шингээсэн сонирхолтой илтгэл болсон юм. "Хөгшин морины чихэнд хөхөө донгодож байна" гэсэн үг гэхэд л шилдэг афоризм мөнөөс мөн. Энэ үгийн тайлал нь хөгшин морь онд мэнд орсон төдийгүй, хөхөө донгодохыг сонсож, хөх ногоо үнэрлэж байгаа "азтай морь" гэсэн санаа юм. Уг нь зохиолчдоос гармаар үг. Ер нь манай зохиолч, уран бүтээлчид дээхнэ үеийн тавьдаг шаардлагаар "материал цугуулж", өвсний шүүдрийг тунгааж, өвгөд эмгэдийн аманд орчих шахан байж, цээжний арын хонхорцогт нуугдсан эрдэнэсийн авдрын түлхүүрийг олж байж, аман яриа, аман түүх, ардын үг ухаанаар тархи сэтгэлээ цэнэглэж бүтээлээ туурвихгүй бол "Бүргэдийн жижүүр хумсхийж, болжморын чинээ ч жиргээгүй" болохтойдог шүү.

Сүүлд нь тэмдэглэхэд, "Утга зохиолд тайлалзүй (hermenevtic) нэвтэрснээр барууны утга зохиол судлал онолын хатуу хүрээнээс гарч сэтгүүлзүй"эсээ-ний чиг хандлагыг олжээ" гэж утга зохиолын онолч С.Энхбаярын үгийг давтмаар байна. Энгийн болоод үнэн тайлалд эрдмийн шид оршиж болох юм даа.

Дашрамд хэлэхэд алдарт Расул Гамзатовын "Миний Дагестан" ном хүүхэд, залуусын ширээний ном болоосой. "Газраас ухсан алтнаас амнаас түүсэн алт илүү" гэж өчүүхэн би мунхагладаг аа. Расул Гамзатовын энэ ном шиг нүүдэлчин монголын хөх аргалын үнэр, хөх мэргэдийн ухаан оршсон номыг монголын хэн нэгэн эрдэмтэн, сэтгүүлч, зохиолч, туурвигчид, хэн санамсаргүй нэгэн бүтээгээсэй. Надад "Миний Дагестан" ном хоёр ч байгаад яасныг мэдэхгүй алга болж үрэгдэхэд, "Өвөл угтаж, үнэр нь үлдэж хоцорсон хөхүүртэй айргаа үгүйлэх шиг" болох ахуйд " Аливаа орчуулгыг зохиолчоос нь ч илүү хийх хэрэгтэй гэж ам бардам хэлж чадсан агуу дуун хөрвүүлэгч Мишигийн Цэдэндорж агсны орчуулсан эл номыг дүү авьяаслаг зохиолч Б.Пүрэвдоржийн хичээнгүйлэн бэлтгэж, "Соёмбо принтинг" хэвлэлийн үйлдвэрт 2О16 онд 35О-хан ширхэг хэвлүүлсэнд "Ачтантайгаа гэнэт уулзсан шиг, алс хол хоцорсон балчир настайгаа учирсан шиг" машид баярласанаа үлдээеэ.

До.Цэнджав
2О17-12-О4. Даваа гариг
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
10 өдрийн өмнө / 103.57.95.134

ug bol setgel