"Глобал Шейперс Улаанбаатар" нийгэмлэгээс сайн дураар цусаа хандивлах аян өрнүүлж байна

: 9 өдрийн өмнө / 2017-12-06 10:50:15

"Глобал Шейперс Улаанбаатар" нийгэмлэгээс “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран энэ сарын 2-10-ныг хүртэл 9 хоногийн турш сайн дураар цусаа хандивлах аян өрнүүлж байна.

Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90.0 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэн цуглуулдаг хэдий ч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй байна. Хүний алтан амь насыг аврах цус үйлдвэрлэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Аливаа улсад цусны донорууд нийт хүн амын 3,0 хувийг эзэлж байх тохиолдолд аюулгүй, найдвартай цусан хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бөгөөд дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1 хувь нь цусаа өгч байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна.

2016 онд дэлхий даяар хүн амын төвлөрөл ихтэй томоохон хотуудад цус хандивлах аяныг олон улсын "Глобал Шэйперс" байгууллагын залуучууд зохион байгуулсан бөгөөд тус аянд энэ жилээс Улаанбаатар хот нэгдэж цус хандивлах хөдөлгөөнд нэгдэж байгаа аж. Энэ хүрээнд "Глобал Шейперс Улаанбаатар" нийгэмлэг нь Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран өөрсдийн гишүүд болон бусад сайн дурын, ашгийн болон ашгийн бус байгуулагуудыг цусаа хандивлахыг уриалж тус ажилд дэмжлэг үзүүлж байна. 



Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн тэргүүн З.Ариун "Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм. 2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 6,100 гаруй залуусыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 450 өөр хотод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Глобал шейперүүд нь өөрсдийн орон нутаг, хотуудад тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэх санаачлагууд боловсруулж, үүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгохоор ажилладаг. Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг бодит хувь нэмэр оруулах үүднээс залуус болон байгууллага хамт олныг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна" гэлээ.

Хэрэв иргэн та цусны донор болохыг хүсвэл доорх төвүүдэд 08:30-13.30 цагийн хооронд 1-р төв:  БЗД-ийн Цус цуглуулах төв  Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн зүүн хойд талд, 2-р төв:  БГД-ийн БГ-Эрүүл мэндийн төвийн 2 давхарт 212 тоотод очиж цус хандивлах боломжтой юм. Аяныг Улаанбаатар дахь Америк Сургуулийн (ASU) дэмжлэгтэй зохион байгуулж байгаа аж. 

Н.Гантуяа

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих