Японд суралцахыг хүсэгчдэд сэтгэлээ гаргаж бичсэн бяцхан зөвлөгөө

: 104 өдрийн өмнө / 2018-01-12 15:39:46

Японы их сургуульд суралцах, хэлний бэлтгэлд суралцах, тэтгэлгээр суралцах, хувийн зардлаар, солилцоогоор суралцах, сонингийн тэтгэлгээр суралцах зэрэг олон боломж байгаа ба тэдгээрийн талаар олон мэдээллийг интернэтээс харж болно.

Харин тэдгээр дотроос хэлний бэлтгэлд суралцахаар бодож байгаа залуусын шийдвэрт нь бага ч гэсэн тус болоосой гэсэн үүднээс хувийн бодлоо хэрэг болох хэдэн тоотой хамт сийрүүллээ.

1.Суралцах шийдвэр

“Гадаадад суралцах” гэсэн энэ үг нь сүүлийн хэдэн жилийн дотор Монгол орны маань нийгмийн байдлаас шалтгаалан агуулгын хувьд суралцах гэдгээсээ гадна олон утгыг агуулах болсон билээ. “Гадаадад суралцая” гэж бодохоосоо өмнө бидний толгойд орж ирдэг зүйл нь хэдэн төгрөг хэрэгтэй вэ? Виз гарахад хэцүү болов уу юу юу бүрдүүлдэг бол? За цаашлаад мөнгө хурааж чадах болов уу? гэсэн асуудал байдаггүй гэж үү?

Японд л сурая гэж бодож байгаа хүмүүст мэдээж, мөн хаа нэгэн “гадаадад л суралцая” гэж бодож хэн бүхэнд энэ асуултуудын талаар ерөнхий ойлголт өгөхийг оролдоё. Эхний ээлжинд явахад зарцуулагдах мөнгө нь жилийн сургалтын төлбөр сургуулиасаа шалтгаалан 650,000~880,000 иен буюу Монгол мөнгөөр 14 саяаас 18 сая төгрөг ба үүн дээр нэмээд онгоцны зардал, эхний 2–3 сарын байрны төлбөр амжиргааны зардал шаардлагатай.

Виз гарах магадлал нь ерөнхийдөө (одоогийн байдлаар) Монголын хувьд харьцангуй бусад орноос сайн гэж ойлгоод байгаа. Виз гарахад нөлөөлөх хүчин зүйл нь:

Ⅰ.Таны өөрийн нөхцөл байдал (Япон хэлний мэдлэг, эзэмшсэн боловсрол, өдийг хүртэлх ажил амьдралын түүх, санхүүгийн батлан даагчийн байдал)

Ⅱ. Монгол дахь сургалтын төв

Ⅲ. Япон дахь сургууль

( мөн багахан хувь таны аз хувь тавилан байдаг гэж хувьдаа би боддог ) зэргээс хүчин зүйлс нөлөөлнө.

Мөнгө хурааж чадах уу гэдэг тал дээр хэрвээ та ирээд шууд ажил хийх чадвартай хэлний мэдлэгтэй ирээд дээрх зарцуулагдах төлбөр хадгаламжид тань байгаад, (үгүй гэхэд өндөр хүүтэй зээл биш)ирээд тэвчээртэй, зорилгоо мартахгүй, хариуцлагатай, сэтгэлийн хаттай байвал боломжгүй зүйл байхгүй ч эдгээр зүйлүүдийн аль нь ч танд байхгүй бол мөнгө хураах биш өртэй, магадгүй завгүй нийгэмд ажил хичээлээ алдагдуулахгүйн тулд биеэ ч ядрааж өвтгөөд, сурсан хэлгүй, цаг хугацаа алдаад нутаг буцах болно гэж хэлэх байна.

Мөнгө хураана гэсэн бодлоо түр хойш тавиад хэлээ сурж, өөрийгөө дайчлая гэж бодож байвал таны гарт бүх боломж байна. Тийм залуус ч маш олон байгаа. (Амжилттай яваа хүний араас мөнгө өөрөө дагаад байдаг гэсэн :)

За тэгэхээр энэ асуудлууд бол асуудал биш мэдлэг боловсрол, хэл устай болоё, ажил амьдралаа өөд нь татая, залуу насандаа гадаадад амьдарч үзэе,гэр бүлээ аз жаргалтай болгоё, улс орондоо хэрэгтэй хүн болоё гэж бодож байвал шийдвэрээ бататгаад , төлөвлөгөөгөө гаргая!

Нэгэнт шийдвэрээ гаргаад ирэхээр шийдсэн учраас өөрийгөө Японд ирсэн байна гэж төсөөлөөд сайн судалсны дээр шийдвэрээ гаргая. Хэн нэгэнд өөрийнхаа амьдралыг даатгалгүйгээр өөрөө бүгдийг шийдэе. Хэн нэгэнд даатгавал дараа тэр хүнээсээ хариуцлага нэхэх хэцүү шүү дээ.

Хэлний сургуулиуд жилд 4 удаа элсэлт авдаг. Доорхи хүснэгтээс өөрт хамгийн тохирох элсэлтийг сонгоорой. Богино хугацаанд хэлний бэлтгэлээ төгсөж дараагийн сургуульдаа дэвшихийг хүсвэл 1 сар, 10 сарын элсэлтийг сонгож цаг хугацаа болон төлбөр хэмнэж болох ч ихэнхи сургуулиуд хэлний мэдлэг сайтай байх шаардлагыг энэ элсэлтийн оюутнуудад тавьдаг . Харин хэлний мэдлэгийн хамгийн бага түвшин буюу 150 цагийн курсээ л төгссөн анхан шатны мэдлэгтэй байгаа бол 4,7 сарын элсэлтээр буюу 2 жил ба 1,9 жилийн хугацааны элсэлтийг сонгож хэлээ сайтар сурж тэр хугацаандаа Японы амьдралд дасч, тэр хугацаандаа дараагийн сургуулийн төлбөрөө цуглуулах нь ч муугүй.

Хэлний бэлтгэлд суралцах шийдвэр гаргасан л бол төгсөөд дараа нь яах эсэхээ ч мөн төлөвлөх хэрэгтэй. Ихэнхи оюутнууд 1.Японы коллеж, их сургуульд магистрт орж дахин суралцах 2.Компанид ажилд орох 3.Монголдоо ирэх гэсэн жимээр явдаг. Мэдээж хүн бүхэн Японд ажиллахыг хүсэх боловч хэлний бэлтгэлээ төгсөхдөө N2 буюу түүнээс дээш мэдлэгтэй төгссөн Монголд их сургууль төгссөн дээд мэргэжилтэй, тэр мэргэжлээрээ Японд хөрвөн ажиллах боломжтой хүнээс бусад залуус өөрийгөө Японд илүү ҮНЭТЭЙ ЗАРАХ, дахиад хэдэн жил баталгаатай чанартайгаар Японд амьдрахыг хүсвэл мөн Монголдоо дээд боловсрол эзэмшээгүй бол дахин суралцсан нь илүү ухаалаг шийдвэр юм.


Хаа газар сайн муу зүйл хослон байдаг учир амар хялбар зам зөв зүйл рүү хөтөлддөггүйг санаж л явахад илүүдэхгүй. Мөн та [ Япон хэлний сургууль] гэсэн “ОРОХ ХААЛГА”-аар Японд ирсэн бол сургуулиа албан ёсоор амжилттай төгсөж байж дараа дараагийн үүд хаалга нээгдэх болохыг анхаарах хэрэгтэй.



Ингээд, явах шийдвэрээ гаргаад Япон явах өдрөөс хэлний бэлтгэлээ төгссөний дараах төлөвлөгөө хүртлээ гаргасан бол хамгийн урт мөн хамгийн чухал эхний хэсгээ дуусгаад дараагийн чухал сэдэв рүүгээ ороё.

2.Хэлний суурь мэдлэг

Очоод бүхэл бүтэн хэлний сургуульд орчинд нь очоод сурахын хооронд Монголд сурах юу нь тийм чухал байна гэж бодож байгаа хүн байж магадгүй. Тэгж бодоод ирвэл Нарита дээр буугаад хөл тавиад л нэг ч болтугай үг цээжилж сурч байх минь яав гэж харамсах вий. Хэрвээ таныг харж хандаад, хаа явсан газар тань дагуулж яваад, сургууль руу тань хөтөлж аваачаад, цагийн ажлын ярилцлагад өмнөөс тань хариулаад, хичээлд суухад тань хамт суугаад Япон багшийн яриад байгааг орчуулаад өгөх үл үзэгдэгч хүн байхгүй л бол эдгээр бүх зүйлийг та өөрөө л хийх болно.


Хэлний бэлтгэлийн 1 жилийн сургалтын төлбөрийг тооцвол 1 сард ойролцоогоор 50,000 иен буюу багадаа нэг сая төгрөгөөр хичээл үзэж байгаа гэсэн үг. Харин Монголоос ирэхдээ сууриа тавиагүй ирсэн бол Япон багш хичнээн удаан ойлгомжтой яриад байгааг ойлгохгүй байсаар сая саяаар төлбөр урссаар байх болно. Ойр зуур ойлгодог болоод ирсэн байхад ядаж л цагийн ажлаа цаг алдалгүй олох нь хэлний мэдлэгээс шууд хамааралтай.

3.Монгол дахь зуучлалын төвөө сонгох

Японд очоод 1 сард 1 сая төгрөг төлж сурахаас дутахгүй харин ч илүү байж болох сургалтыг та эх орондоо. эх хэлээрээ хэд дахин бага үнээр авч болно. Монголд сурах хугацаа тань үнэ цэнэ үр дүн нь нүдэн дээр харагдахгүй байвч ирээд хэр амжилттай суралцаж, Японд амжилттай амьдрах тань энэ үеэс шууд хамааралтай.

Энэ сургалтыг та зуучлалын төвөөсөө авах ба өөрийнхөө түвшин, цаг зав нөхцөлд таарсан төвийг сонгох хэрэгтэй. Нэгэнт та өөрөө сургуультайгаа шууд харьцах боломж бололцоо хязгаарлагдмал хангалттай мэдээлэл олж авч чадахгүй бол чанартай, туршлагатай төвд хандсан нь дээр бизээ. Харин та өөрөө эсвэл Японд буй хамаатан садан танил тань сургууль руу шууд холбогдох боломжтой байсан ч ихэнхи сургуулиуд өөрсдийн гэрээт төвүүдээр заавал зуучлуулахыг шаардах вий.Сургалтын төвийн хамгийн чухал үүрэг нь сургуулиас шаарддаг олон зүйлийг танд ойлгогдохоор тайлбарлаж, таны визийг гарах хүртэл бүх шаардлагатай зүйлсийг бүрдүүлэхэд тань тусалж, виз гараад Японд очсны дараа ч таны тус дэм тань болох газар тань байдаг тул олон талаар судалсны дээр өөрт тохирох газраа сонгоорой.

4.Японд суралцах сургуулиа сонгох

Зуучлалын төвөө сонгох үедээ тэр төвийн гэрээтэй сургуулиуд дотроос таны хайсан, таалагдсан сургууль тань байна уу гэдгийг мэдээж харна. Хэрвээ таних мэдэх хүнгүй бол очоод амьдрах байр, төлбөрийн нөхцөл, суралцах үеийн өдөр тутмын амьдрал болон сурлагын төлөвлөгөөнд тань тус болохоор үнэхээр боловсрол олгохыг гол болгосон тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй сургууль байна уу гэдгийг асууж тодруулж, судлах хэрэгтэй. Японд урт хугацааны визээр амьдрахад хэн бүхэнд олгогдох эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ зэрэг наад захын зүйлээс илүү сургуулийн байрлаж буй бүс нутаг орчин, хүн ам, цагийн ажлын олдоц, хот хөдөө, нийтийн тээврийн олдоц, дэвшин суралцах талаар дэмжлэг зэрэг хэрэгтэй зүйлст анхаарлаа хандуулаад үзээрэй.

5.Японд ирсний дараах эхний үе, шинэ оюутны амьдрал

Энэ даваануудыг даваад Японд газардсан бол та зорилгыхоо талд нь хүрлээ гэсэн үг. Юмыг эхлэнэ гэдэг тэр зүйлийн талыг нь хийлээ гэсэн үг. Гэхдээ Японд ирсний бас нэгэн ЭХЛЭЛ эхлэнэ. Бүх зүйлийн эхлэл хамгийн хэцүү гэдэг үг байдаг. Японд суралцахаар ирсэн оюутнууд зөвхөн Монгол ч биш бүхий л гадаад оюутнуудад байдаг зүйл учраас зорилгоосоо ухрахгүй хичээгээд байдгийм шүү дээ. Хичээж байгаа хүнд үр шимээ заавал өгнө.

6.Төгссөний дараа, Япон дахь цаашдын карьераа эхлүүлэх.

Хэрэг болох линк:

Японы оюутныг дэмжих нийгэмлэгийн Японд суралцах мэдээллийн нэгдсэн сайт :
http://www.g-studyinjapan.jasso.go.jp/

2. Японд суралцах мэдээллийн нэгдсэн сайт :

https://www.jpss.jp/ja/

3. Японд суралцах мэдээлэл:

https://www.studyjapan.jp/

4.Японы дахь Япон хэлний бэлтгэл, Мэргэжлийн сургуулийн нэгдсэн сайт :

http://www.aikgroup.co.jp/j-school/japanese/50/menu_j/a.htm

Японд амьдардаг гадаад хүний блогоос Японд суралцах талаархи бичлэг:

https://study.gaijinpot.com/guide/why-study-language-school-japan/

Японд тэтгэлэгээр суралцдаг Монгол охиний туршлагаасаа хуваалцсан блог:

http://undarga9.blogspot.jp/2017/03/blog-post_6.html
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих