Улсаа худалдаж иддэг оффшорчдын бүлэглэл байгаа цагт утаа арилахгүй

: 217 өдрийн өмнө / 2018-01-16 17:09:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ, эхлээд намынхаа, дараа нь улсынхаа, тэгээд Улаанбаатарынхаа “утааг” арилгачих юмсан
 
Монголд утааны нөлөөтэйгөөр жилд 1400 хүн таалал төгсч байгаагийн 450-нь хүүхэд байгаа гэнэ. Гамшигийн хэмжээнд хүрсэн энэ утааг бууруулахаар сүүлийн 10 жилд 208 тэрбум төгрөг зарж, санаачилга гаргаад байгаа дүр эсгэдэг боловч, утаа улам нэмэгдсээр байгаа нь нууц биш. Бидний тархийг эрх мэдэлтнүүд угааж байгаа нь энэ. Сүүлдээ “харахад утаа буураагүй боловч, хортой найрлага нь буурсан” гэж худал хэлэх болсон. Тэгтэл, агаарын бохирдлын талаар анагаах ухааны академич, доктор Н.Сайжаа “Утаа л байгаа бол хорт найрлага нь буурна гэж байдаггүй юм” гэлээ. Яг үнэнийг хэлэхэд,  Монголд утааг бууруулах биш, утаатай байлгахын төлөө бүхэл бүтэн сүлжээ олон жил ажиллаж ирлээ. Ашигтай мөн ч олон төсөл хөтөлбөр гарсан. Эрх баригчид чимээгүйхэн дараад өнгөрөөдөг юм.

Үүнийг батлахын тулд “Улаанбаатарын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах” төсөл бариад 10 жил хөөцөлдөн, энэ харгис хар сүлжээн дундуур яваад нас нь гүйцэлгүй өнөө жил таалал төгссөн инженер Даянгийн Рэнцэндоржийн туулсан замыг танд сонирхуулах гэж байна. Инженер Д.Рэнцэндорж бол түлш цахилгааны мэргэжлийн хүн. ТЭЦ-4 ийн нүүрсний цехэд олон жил ажилласан, Уул уурхайн яаманд нүүрсний чиглэлээр мэргэжлийн ажил хийж байсан, нэг үгээр хэлвэл  насаараа “нүүрсчин” байсан хүн. Сүүлийн арваад жил нийслэл хотоо утаагүй байлгах гэж том төсөл боловсруулаад, намайг  сурталчлагч болгон хань татаад явдаг байлаа.

Д.Рэнцэндорж төслийнхөө эхний хэсгийг лабораторийн шинжилгээгээр хийсэн. Монголд байгаа арваад том нүүрсний уурхайн дээжийг геологийн төв лаборатороор шинжлүүлсэн байдаг. Ингэхдээ уурхай тус бүрээр нь гаргаж байгаа нүүрсийг илчлэг, утаа, үнслэг, чийглэг гэх  мэт 4-5 үзүүлэлтээр гаргасан байна. Ингэхэд хамгийн их илчлэгтэй, бараг утаа, үнсгүй нүүрс нь Тавантолгойн коксжсон нүүрс, хамгийн их утаа үнстэй, илчлэг бага хортой нүүрс нь Бага-нуурын уурхайн нүүрс байдаг. Ингэтэл манай нам төрийн удирдлагууд  Бага-нуур, Налайхын нүүрсээрээ Улаанбаатарын иргэдээ утаад, Таван-толгойн коксжсон нүүрсээ Хятад руу зөөгөөд байдаг, хачин юм шүү. Тэр, 100 км үргэлжилсэн нүүрсний цуваа чинь утаагүй нүүрс-жинхэнэ алт явж байгаа байхгүй юу. Тэхэд баялагийн эзэн бид нар төрөлх нийслэлдээ хамгийн хортой, утаатай нүүрс түлээд, тарвага утуулж байгаа юм шиг суугаа нь даанч өрөвдөлтэй. Рэнцэндорж маань нэг удаа бухимдахдаа:  “Эд нарт Хятадын уушиг л эрүүл байвал, нийслэлийнхэн үхнэ үү, сэхнэ үү, хамаагүй болсон” гэж үглэж байсансан.

Уул нь Бага-нуур, Налайхын нүүрс бол цахилгаан станцуудад зориулалттай, тэгээд ч нийслэлийн хэдэн цахилгаан станцыг энэ нүүрсний уурхайнуудад түшиглэж барьсан юм билээ. Гэтэл хүнээ боддоггүй удирдлагууд маань тэр нүүрсийг борлуулах гол эх үүсвэрээ нийслэлийн айл өрхүүдийг болгосон. Зүйл бүрийн аргаар гэр хорооллуудад шахаж, энэ хорт утааг бий болгож байгаа. Тэр ч байтугай дарагдаад олон жил болсон Гүн-галуутайн чулуужсан нүүрсийг уснаас шүүж хатаагаад авчирч үнэ хүргэдэг байж магадгүй гэсэн хардлага бий.

Д.Рэнцэндоржийн төслийн хоёр дахь хэсэг нь Тавантолгойн утаа, үнсгүй шахам нүүрсээр нийслэлчүүдээ хангая гэсэн санаа юм. Тэгээд бас судалгаа хийсэн. Тавантолгойн нүүрсний өчүүхэн хэсэг нь Улаанбаатарын гэр хорооллуудыг хангачих юм билээ. Одоо тэр хил хүртэл  100 км үргэлжилж байгаа нүүрсний цувааг л Улаанбаатар руу авчирахад, нийслэлийнхний жилийн хэрэгцээг хангачих юм. Зөвхөн гэр хороолол, уурын зуухнуудыг хангана гэсэн үг.  Том цахилгаан станцуудад бол түлж болохгүй. Стандарт нь таардаггүй юм гэсэн. Хэдэн цахилгаан станцаа Бага-нуурын зориулалтын нүүрсээр нь хангаад байж болно л доо. Энэ хооронд нь Налайхад шинэ уурхай нээж болно. Налайхын нүүрсний нөөц бараг л хэвээрээ байгаа. Олон цооног гаргаж, жилд өчнөөн хүн амь насаа алдаж байсанд орвол, хотын ойр Налайхын  уурхайгаа сэргээхэд юу нь буруу байх билээ.

Таван толгойн коксжсон нүүрсийг ашиглаад олон жил болсон. Монголчуудад наалдсан зүйл байхгүй. Хэдэн дарга сайд нар л дэлхий даамгүй баяжсан. Сү. Батболд тэргүүтэй хүмүүс Монголдоо хураагаад ханалгүй, илүү гарсан мөнгөө оффшор бүсэд аваачаад нуучихсан байгаа.

Энэ коксжсон нүүрсний өчүүхэн хувиар нийслэлийн гэр хорооллыг хангая гэхээр энэ мафийн бүлэглэлийнхэн ил далд янз бүрээр эсэргүүцнэ. Д.Рэнцэндорж минь арга ядаад “Та нар тэр чанартай нүүрсээ гадагшаа гаргадаг юм байгаа биз. Хятадууд голоод хаячихаж байгаа өнгөн хэсгийн нүүрсээ нийслэлд оруулаач” гэж гуйсан. Бас л зөвшөөрдөгүй юм билээ.

Хятадууд манай нүүрсийг их голж сонгоно. Өнгөн хэсгийг буюу  1-1,5м-ийн зузаантай хэсгийг хуулаад хаячихдаг юм билээ. Тэр нүүрс, ямарч эзэнгүй, газар дээрээ шатаж байгааг телевизээр харуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тийм нүүрсийг хүртэл ард түмнээсээ харамлаад байгаа юм. Олон янзын худлаа зүйл хэлж бидний тархийг угаана. “Коксжсон нүүрсийг жирийн пийшинд түлж болохгүй, илчлэг ихтэй учир бүх зүйлийг хайлуулна. Гал түймэр гаргана” гэнэ. Худлаа шүү дээ! 

Манайх түлж л байсан. Утаа үнсгүй, илч сайтай сайхан түлш. Одоо манай говийнхон түлээд л байгаа. Осол аваар гарч гэнэ гэж  дуулдсан юм алга.

Коксжсон нүүрсийг түлэхэд анхаарах хэдэн зүйл бий. Юуны өмнө шавар пийшин юмуу, шавраар доторлосон, тоосго өрж доторлосон пийшинд бага багаар түлдэг. Илч сайтай тул хувингийн тал нүүрс л өдрийг даана шүү дээ. Гайхалтай сайн нүүрс. Монголдоо бол алт л гэсэн үг. Энэ хэдэн хүн ийм алт шиг нүүрсээ биднээс харамласан хэрнээ, гадагш нь бараг үнэгүй гаргаж байсан. Тонн нь 8 ам. доллар ч гэлүү. Бодвол зөрүү мөнгө нь эдний оффшор дансанд ордог байсан юм болуу даа. Дэлхийн нүүрсний зах зээлтэй уялдаад, манайхны эсэргүүцэлтэй тулгараад үнэ нь арай өссөн сураг байна билээ. Манай нүүрсийг зөөсөн хятадын жолооч дэлхийн тэрбумтан болчихоод байхад Тавантолгойг хувьдаа эзэмшсэн оффшор бүлэглэлийнхэн бол, хэдэн тэрбумтан болох хөрөнгийг нуугаа байлгүй.

Инженер Д.Рэнцэндоржийн төслийн дараагийн хэсэг нь Таван толгойн нүүрсийг яаж хотод оруулж ирэх вэ, яаж иргэддээ хүргэх вэ гэсэн санаа юм. Рэнцэндорж маань тун түвэггүй, зун намрын гуравхан сарын дотор зөөчих судалгаа гаргасан. Таван толгойгоос хамгийн дөт замаар, машинаар Улаанбаатар-Сайншандын төмөр замын аль нэг өртөөнд хүргэнэ. Чойр, Даланжаргалан, Айраг, Сайншандын өртөөнүүдийн аль нэгэнд хүргээд, тэндээсээ вагоноор хотод оруулж ирэх юм. Улаанбаатар хотод маш цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй компани байгуулахаар төсөл төлөвлөгөөг боловсруулсан. Дарга , ня-бо, түгээгчид... гээд арваадхан хүнтэй энэ компани, нөгөө зуун хорин тоннын даацтай машинуудыг түрээслээд төмөр замын өртөө рүү татуулчих юм билээ. Төмөр замаар авчраад түлшний том хашаанд буулгана. Эндээсээ машинд ачих юмуу, шуудайлж савлах замаар иргэддээ хүргэнэ. Жилд л гэхэд тун ялихгүй зардал хөлс гарах юм билээ. Сүүлийн 10 жилд утааг бууруулах янз бүрийн төсөл хөтөлбөрт 208 тэрбум төгрөг зарсан бол Д.Рэнцэндоржийн энэ тооцоогоор жилд тэрбум хүрэхгүй төгрөг зарлагадаад хотын утааг 50-60 хувь бууруулах юм билээ.

Д.Рэнцэндорж инженерийн төслийн дараагийн хэсэг нь үнэ тарифийн асуудал юм. Инженер маань татаж авчирсан коксжсон нүүрсээ эхлээд иргэдэд Бага-нуурын нүүрсний үнээр худалдах тооцоо гаргасан. Би бол эхний нэг жилд нийслэлийн гэр хорооллынхондоо үнэгүй тараая гэдэг санал тавьсан. Ард түмэн минь төр засагтаа баярлаг. Утаагүй амьдраг. “Байгалийн хишигээ” жинхэнэ утгаар нь мэдрэг. Эхний нэг жилд үнэгүй тараая гэсэн юм.

Бид хоёр энэ төслөө бариад олон дарга дээр орсон доо. Бүгд л “их сайхан санаачилга байна” гэж хүлээж авдаг. Тэгээд л мартдаг. Бодвол өнөөх Таван толгойг эзэгнэж байгаа олигархи бүлэглэлүүд нь дургүйцдэг байх  л даа.  Хав дарагдаж байгаа юм. Харин Да.Ганболд хотын захиргааны орлогч дарга байхдаа нэлээд нааштай хандсан боловч, сүүлдээ замхрана билээ.

Ийм төсөл санаачилж, арван жил хад мөргөж явсан инженер Д.Рэнцэндорж маань “нүүрсний тоосжилтоор” уушиг нь  муудсаар өнөө жил таалал төгссөн. Хэвтэрт байхдаа намайг дуудаж уулзаад: “Жамьян минь, агаарын бохирдлыг бууруулах төслийг минь “амь”  оруулахад хүчин зүтгээрэй” хэмээн захиж билээ.

Би нь өчүүхэн амьтан юм. Ном сонинд бичихээс цаашгүй. Дарга нар бол “Жамьян гуай солиорч байна” л гэж боддог байх. Яалтай билээ дээ! Тэгсэн чинь үүний цаана Сү.Батболд, С.Баяр, Л.Энх-Амгалан нарын удирдсан олигархи бүлэглэлийн босгосон бат бэх “хана хэрэм” байсан юмсанж. Сүүлийн үеийн үйл явдлууд энэ бүхний учир утгыг ард түмэндээ нээгээд өглөө. Асар их баялагтай хэрнээ ард түмэн хоосорч, цөөн хэдэн хүн баяжаад байдагийн учир утга ч тайлагдлаа. Хятад руу өдөр шөнөгүй зөөж байгаа тэр их нүүрсний чинь өчүүхэн хэсэг нь төгрөг болж эх орондоо үлдээд, асар их хувь нь валют болоод оффшор бүсэд нууцлагдчихдаг юм байна. Оюу-толгой, Тавантолгойгоос баяжсан хүмүүс АНУ-д долоон хаустай болчихсон байдаг юм байна. Улаанбаатартаа алтан абжууртай байранд амьдарцгаадаг юм байна. Алтан суултууртай байранд амьдардаг нь хэд байгаа юм бүү мэд. Оффшор бүсээс цөөн хэдэн нууц мэдээлэл задрахад л Сү.Батболдынхны нэр яваад байгаа. Цаана нь хичнээн оронд нууцаар валют хадгалагдаж байгааг бүү мэд.

Манай ганцхан эмэгтэй сурвалжлагч яваад оффшорын нууцыг онгичоод ил болгочихож байхад Авилгатай тэмцэх газар, цагдаа хуулийнхны байгаа царайг!  Ерөнхийлөгч үүрэг өгөөд байхад оффшорын нуугдмал мөнгийг оруулаад ирж чадахгүй байгаа юм даа. Эрх баригчдад, тэр дундаа, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд тэргүүтэй бүлэглэлд үйлчилж байгаа нь энэ.

В.Путин, Си-Жиньпин нарыг харалдаа! Гадаадад мөнгөө нуусан хүмүүсийг мөнгө хөрөнгөтэй нь оруулж ирээд хичнээн хүнд ял тулгав?! Хууль бусаар хураасан, татвараас зугтаалгасан, зарим тохиолдолд террористуудыг нууцаар санхүүжүүлсэн хөрөнгийг нь хурааж, зарим тохиолдолд ялын дээд хэмжээ оногдуулсан байна билээ. Гэтэл манай оффшорчид ивээн тэтгэгчид, хаацайлдаг хуульчдынхаа буянаар албан тушаал ахиад л, тарвалзаад байдаг сонин юм шүү!

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаландаа монголчууд баярлахаас өөр аргагүй. Энэ дайчин сэтгүүлчтэй миний бие “Өдрийн сонины” тоймчийн өрөөнд хамт ажиллаж байж билээ. Шулуун шудрага, сэтгүүлчийн хөдөлмөртөө үнэнч, үнэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэргүүн байлдагч даа. Ийм хүнд Монголд ямар гавъяа шагнал байдаг юм, тэр болгоныг хүртээмээр шүү дээ. Өнөөдөр эрх мэдэлтнүүд эрээ цээрээ алдаж ална хядна гэж заналхийлэх боллоо. Л. Мөнхбаясгалан мэтийн шудрага хүмүүсээ хамгаалалтанд авах юмсан.

Хотын утааны тухай их ярьж, их мөнгө төлөвлөж байна. Би үүнд чинь итгэхгүй байна. Энэ мөнгөний чинь ард, дарга сайд нарын гэр бүл найз нөхрийн компаний эзэд амаа ангайгаад л сууж байдаг юм.  Тэд энэ олон тэрбум төгрөгийг аваад, биднийг яаж хуурахаа аль хэдийнэ төлөвлөчихсөн суугаа. У.Хүрэлсүх тэргүүтэй шинэ засгийн газар маань арай өөрөөр хандаасай.

Нэгдүгээрт: Түрүү ач холбогдолгүй зарлагдсан 208 тэрбум төгрөгийн эздийг илрүүлж, юу хийснийг нь, юу авсныг нь эргэж нэг тооцохгүйгээр урагшаа явахгүй.

Хоёрдугаарт: Улаанбаатар хотод гуч дөчин уурын зуух байдаг юм гэсэн. Түүнийг нийтийн шугам сүлжээнд холбож болдог юм бол, өнөө жилийн урин дулаан цагт холбочихмоор байна.

Гуравдугаарт: Инженер Д.Рэнцэндорж агсны төсөл мэт сайхан төслүүд зөндөө дараатай хэвтээ. Тэр бүхнийг мэргэжлийн комисс юмуу ажлын хэсгээр үзүүлж өнөө зун, намрын урин дулаан цагт ажил болгомоор байна.

Дөрөвдүгээрт: Утаагүй амьдаръя гэсэн санал санаачилга их гарч байна. Саяхан телевизээр сайхан нэвтрүүлэг явлаа. “Бэржин хангай” компанийхан самарын ясаар утаагүй шахмал түлш үйлдвэрлээд дээжийг нь ядарсан айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тонн тонноор нь өөрийн унаагаараа үнэ төлбөргүй буулгаж өгч байх юм. Ямар их буян бэ?!   Монголд самараас биш юм алга. Түүнийг дотооддоо ингэж боловсруулаад борогцой, хальсаар нь утаагүй шахмал түлш үйдвэрлэж болох л юм байна шүү дээ. Тэхэд өөрсдийнхөө хэдэн компанийг тэрбум тэрбум төгрөгөөр угжиж байх ямар хэрэг байна?!      

Тавдугаарт:   Автобус унаануудад асар их үнэтэй шүүлтүүр авч тавина гэнэ.  Шахааны  бизнес явах нь л дээ. Машин тэрэгний утаа бууруулах олон арга бий. Замын цагдаагийнхан мөнгө л бодохоос утаа бууруулъя гэдэг бодол байдаг гэж үү?!  Замын цагдаагийн дэргэдүүр, зүгээр л утаа гэмээр бөөн хар юм өнгөрөөд гарч байгаа. Ямар даргынх нь ивээлийн техник байдаг юм, түүнтэй тэмцэл хийдэггүй. Жил болгон улсын үзлэг болж байна. Үзлэгийн  мөнгө л авч байвал тэр утаа мутаа падлийгүй. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Зургадугаарт: Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан агаарын бохирдлыг бууруулъя гэхээр л амандаа багтсан мөнгө нэхэж, Их хурал, Засгийн газрыг айлгадаг. Санаачилга гаргавал агаарын бохирдлыг бууруулах мөн ч олон хямд төсөр арга байна даа.

Долдугаарт: Шалны халаалт гэдэг чинь их сайн юм. Би, нэг компанийн хэдэн залуучуудтай очиж Дархан хотод Лхамжав хөгшний амбаарт шалны халаалга үнэ төлбөргүй тавиулж өгсөн. Шалнаасаа дулаацаад, плиткээр цай хоолоо хийж ууж идээд ямарч утаа тортог байхгүй их сайн юм билээ. Лхамжав гуай гэдэг маань манлай баатар Дамдинсүрэнгийн ач авгай шүү дээ. Сүүлд Лхамжав гуай над руу утасдаж “та нарынхаа ач буянаар жаргаж байна аа” гэсэнсэн. Саяхан сайн санаатнууд орон сууц өгсөн сураг байсан.

Наймдугаарт: Хотын бүх гэр хорооллыг шалнаас нь дулаацуулдаг болно гэвэл асар их хямдруулсан цахилгаан хэрэгтэй. Тэгээд би ТЭЦ-5-аа бариач гэж бичээд байдаг юм.  “Барих газар олдохгүй байна” гэнэ. Дургүйд хүчгүй гэдэг энэ л дээ. Бүр, хотынхныг бухимдуулах гэсэн юм шиг нийслэлийн төв дунд, Туул  голын эрэгт шав тавиад хэдэн жил боллоо. ТЭЦ-5 чинь нүүрсээр л ажилладаг байж таарна. Налайх, Бага-нуур хоёроо түшиглээд, тэр их хөндийд барьчих л даа. Утаа нь цаашаа яваг. Усаа Туулаас татчихаг. Яагаад болохгүй гэж! Оюутны хотхон, Арьс ширний үйлдвэрүүд, авто, барилгын захуудаа тийшээ нүүлгэчихсэн ч яадаг юм. Оросын  цэрэг ангийн орхигдсон онгоцны том буудал бий. Олон улсын онгоцны буудлыг Төв аймгийн эзгүй хээр, хотоос 60-70 км-т аваачиж барьж байхын оронд энэ буудлыг өргөтгөөч. Ядаж хотод ойр, дэд бүтэц сайн, аялал жуулчлалын гол газар Тэрэлждээ ойр дөт... гэхчлэн ямар их санал тавилаа даа. Энэ хэдэн сайд дарга нар чихгүй юм шиг өнгөрөөсөн. Хүмүүс бол Төв аймгийн хэдэн дарга нар нутагтаа ойртуулж байгаа юм гэдэг. Аль, жилийн өмнө ашиглалтад орно гэсэн Хөшигтийн буудал одоо хэрнээ сураггүй. Манийнхаа тархийг угааж байгаа нь энэ. ТЭЦ-5 ашиглалтад орчихвол хотоо гэрэл цахилгаан, дулаанаар найдвартай хангах юмсан даа. Шөнийн тариф, энээ тэрээ гэлтгүй, иргэдээ хямд цахилгаан дулаанаар хангаж болохсон.

Есдүгээрт: Хотын утаа бууруулах үлгэрүүдээсээ одоо салъя. Юун утаагүй зуух, юун утаагүй түлш, юун агааржуулалт, юун баг маск! Нийслэл хотоо, хотын амьдрал мэддэг хүнээр удирдуулъя. Хөдөөнөөс нэг найз уяачийнхаа хүүхдийг дуудаж авчраад хотын дарга болгочихдогоо больё. Улаанбаатараа, их хотын зовлон жаргал мэдэх сайн хүнээр удирдуулж, тэр хүнээ Засгийн газрын гишүүн болгоё. Миний санал энэ.

Саяхан би, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Цэвэрлэх байгууламж шинээр барих, хотын утааг мэдэгдэхүйц бууруулах, ТЭЦ-5-ыг барих зэрэг олон ажил төлөвлөөд шуурхай орж байгаа юм билээ. Олон жил хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн, мафийн бүлэглэлийнхэн л саад битгий болоосой доо.     

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамьян 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
216 өдрийн өмнө / 103.57.93.143

HUND NUUTSAA HELEHGUI BOL HEREG BUTEHGUI GEJ BIBLI DEER BAIDAG

Зочин
216 өдрийн өмнө / 103.57.93.143

OROS HYATDIIN OFSHORCHID EH ORNOO GESEN SETGELTEI BAIHAD MONGOLIIN OFSHORCHID HUVIA HICHEESEN YUMAA

Мафийг
216 өдрийн өмнө / 125.176.190.90

Мафийгаа тэгээд устгаж чадахгуй тёр АТГ Хуулийнхан гээд байгаад л байх нээ

Мафийг
216 өдрийн өмнө / 125.176.190.90

Мафийгаа тэгээд устгаж чадахгуй тёр АТГ Хуулийнхан гээд байгаад л байх нээ

irgen
217 өдрийн өмнө / 62.167.114.16

ehe Tor um hiihgui hol ard timen zasgiig gartaa avah zag bolson, dendyy baina heleh muu yg bagadaad baina

irgen
217 өдрийн өмнө / 62.167.114.16

ehe Tor um hiihgui hol ard timen zasgiig gartaa avah zag bolson, dendyy baina heleh muu yg bagadaad baina