МАХН-ын II Их чуулганд оролцож буй төлөөлөгчид ярьж байна

: 100 өдрийн өмнө / 2018-02-10 12:45:10

МАХН-ын ээлжит II Их чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1044 төлөөлөгч оролцож байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Их Чуулганы төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Хэнтий аймгийн төлөөлөгч М.Нанжид: Н.Энхбаяр даргыг улираан сонгох албан бичигтэй ирсэн

-Өнөөдрийн чуулган халуун дотно уур амьсгалтай сайхан болж байна. Чуулганы нээлт миний залуу үеийн санагдууллаа. Урьд нь намынхаа 13-дугаар хуралд төлөөлөгчөөр ирж байсан. Намаа ялалтад хүргэхэд орон нутагтаа уриалан манлайлж ажиллана. Их чуулганы төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Бид Мөрийн хөтөлбөртөө их, дээд сургуулиудыг төлбөргүй болгоно. Эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгохоор тусгасан нь биеллээ олох бүрэн үндэслэлтэй. Мянганы замыг МАХН анх эхлүүлж 21 аймгийг нийслэлтэй холбосныг олон нийт харж байна. Үүнтэй адил Жаргалын найман хот биелэгдэх бүрэн боломжтой. МАХН-ын даргад Н.Энхбаярыг улируулан сонгох талаар албан бичигтэй хүрэлцэн ирсэн.

Баянзүрх дүүргийн төлөөлөгч Л.Төмөр-Очир: Намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгасан

-Их чуулганы уур амьсгал 1000 төлөөлөгчийн сэтгэгдэл бүрэн дүүрэн сайхан байна. Би 80 нас хүрч байна. МАХН-д хар багадаа элсч ороод өнөөг хүртэл үнэнчээр зүтгэж үйл хэргийг нь дэмжиж ирлээ. Их чуулганд нэг байр суурьтай ирсэн. Тэр бол намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгах ёстой. Тэгэхгүй бол МАХН хэмээх нэр бүтэн түүхэн үйл хэрэгтэй намаасаа урвах гэсэн увайгүй үйлдэл зарим нэгнээс нь гарах боллоо. Намын дүрэмд гишүүнийг хасах, чөлөөлөх талаар маш тодорхой заалт оруулж ирэх хэрэгтэй. Их чуулганы төлөөлөгчид дэмжсэнд баяртай байна.

Сэлэнгэ аймгийн төлөөлөгч М.Насанжаргал: МАХН-д эх орноо аврах олон сайхан залуус бий

-Сэлэнгэ аймгаас МАХН-ын II Их чуулганд 40-өөд төлөөлөгч хүрэлцэн ирлээ. Намынхаа түүхэн арга хэмжээнд оролцож, залуу хүний хувьд бодлогын хэмжээний асуудлуудад байр сууриа илэрхийлж дуу хоолойгоо хүргэж байгаад баяртай байна. Чуулган өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаас МАХН бол улс төрийн гурав дахь том хүчин гэдэг нь харагдаж байна. Чуулганд оролцсон 1000 төлөөлөгчийн цаана оролцох хүсэлтэй хэдэн мянган гишүүн дэмжигчид бий. С.Ганбаатар даргад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал өгсөн хэдэн мянган хүн бүгд МАХН-ыг дэмжигчид шүү дээ. МАХН-д эх орноо аврах олон сайхан залуус бий. Тэр хэмжээгээр намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, алдаа дутагдлыг нь дүрэм журмаар шийдвэрлээд явах нь зүйтэй.

Өвөрхангай аймгийн төлөөлөгч Ч.Цэнд: Ард түмний дунд болж буй үйл явдал, бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа нь үр дүнтэй

-Намынхаа II Их чуулганд Өвөрхангайн гишүүдээ төлөөлж ирлээ. Хэлэлцэж байгаа асуудлууд үр дүнтэй байна. Намын анхан шатны нэгжийн төлөөлөгчдөд үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгож байгаад сэтгэгдэл өндөр байна. Ард түмний дунд болж буй үйл явдал, бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа нь үр дүнтэй байна. Удаан хугацаанд гишүүдийн дунд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан намын дүрэм, Мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж эцэслэн баталлаа. Улс орны хөгжлийн гарцын талаарх олон сайхан илтгэлийг залуучууд маань тавилаа.

Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч Л.Бадамханд: Чуулганы уур амьсгал халуун дулаан үргэлжилж байна

-МАХН-ын Их чуулганд долоон жилийн өмнө оролцож байлаа. Чуулганы уур амьсгал үнэхээр сайхан байна. Олон залуучууд үгээ хэлж улс орныхоо хөгжлийн гарцыг тодорхойлж байна. Тэрдундаа Мөрийн хөтөлбөрийг онцолж хэлмээр байна. Сайн хөтөлбөр болсон.

Намын даргад Н.Энхбаяр даргад саналаа өгсөн. Үнэхээр лидер хүн гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Мэдлэг, чадвар өндөр. Н.Энхбаяр дарга их энгийн. Олон хүний сэтгэлийг татаж чаддаг. Тэртусмаа эмэгтэйчүүдийг дэмждэг удирдагч. Монголд анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Би Н.Энхбаяр даргыг хилс хэргээр баригдаад явахад уйлж байлаа. Санаа зовоод 30 хоног  бүтэн нойртой хоноогүй.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Бор
99 өдрийн өмнө / 103.26.194.57

Хөөрхий дөө өвөө эмээ нар минь намаа гэж ёстой нэг лүд.юм даа