Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн өдрөөрөө 106 хүртэлх настай ЕСӨН БУУРАЙГ БАЯРЛУУЛЛАА

: 196 өдрийн өмнө / 2018-03-09 10:09:47

Өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Кёкүшюзан хөгжил сан", Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн, монгол төдийгүй Японы ард түмэнд Кёкүшюзан гэдэг нэрээрээ танигдсан УИХ-ын гишүүн асан Даваагийн Батбаяр түүний гэргий МУГЖ, дуучин  Т.Баясгалан нар есөн дүүргийн 90-106 хүртэлх настай есөн буурайг "Пума империал" зочид буудлын хүндэтгэлийн танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа.

Энэ өдөр МУГТ Кёкүшюзан Д.Батбаярын төрсөн өдөр тохиодог бөгөөд өндөр настан, эгэл жирийн ээжүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсоор нэлээд удаж байгаа юм.  

Нийслэлийн есөн дүүргийн есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, ХУД-ийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, СБД-ийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, БГД ийн иргэн 95 настай Ц.Рэгзэдмаа, БЗД-ийн иргэн 93 настай Ч.Бужаа, СХД-ийн иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцлоо.

Хүндэтгэлийн хүлээн авалтад МУГЖ, уртын дуучин С.Эрхэмбаяр монгол ардын уртын сайхан дуунуудаар ая барьж, МУГЖ Т.Баясгалан хань Кёкүшюзан Д.Батбаярын хамтаар ээжийн сайхан дуу дуулж өндөр настай буурайнуудаа өөрийн гараар хийсэн буузаар дайлж, чин сэтгэлийн үгээ дэлгэж, ерөөл талбиж нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.  

Кёкүшюзан Д.Батбаяр арга хэмжээнийхээ үеэр “Ерөөл багадна гэж байдаг юм байна. Манай монголчууд 100 насалж зургаадай таяг тулаарай хэмээн ерөөдөг. Гэтэл энд цугларсан буурайнууд маань 90,100, бүр 106 насыг зооглосон болохоор хамаг сайхан ерөөл ч багадах юм шиг санагдаж байна. Тиймээс та нарыгаа хамгийн гол нь эрүүл энх байж, мөнх наслаарай хэмээн ерөөе дөө” хэмээсэн бол гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан “Энд цугларсан бүх сайхан ээжүүддээ маш их баярлалаа. Бурхан та нарт маш их хайртайгаа илэрхийлж ийм өндөр наслуулжээ. Мөнхийн ус уусан юм шиг л харагдаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээсэн юм.

Мөн арга хэмжээний дундуур Кёкүшюзан Д.Батбаяр хэвлэлийнхэнд яриа өгөх үеэрээ гэргий Т.Баясгаландаа "1000 сарнайгаар биш 1000 шүлгээр бэлэг барьж байна" хэмээгээд алтанзул цэцгийн хамт "Ханьдаа" хэмээх шүлгийн номоо бэлэглэсэн юм. Өчигдөр буюу энэ сарын 7-нд тэрээр гэргийдээ зориулж цахим орчинд явуулсан "Хайрын шүлэг"-ийн наадмынхаа ялагчдыг тодруулж, тэргүүн байрт шалгарсан есөн оролцогчдодоо шагналыг нь гардуулсан билээ. Наадамд 3000 орчим шүлэг ирснээс мэргэжлийн шүүгчдээр шүүлгэн ариутгуулж 400 орчим шүлгээр нь ийн "Ханьдаа" хэмээх номыг бүтээлгэжээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих