Ц.ЦЭРЭНПУНЦАГ : Иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо чухал юм гэдгийг ойлгож байна

: 274 өдрийн өмнө / 2018-03-15 10:12:44

Архидалт-хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэг сарын нэгдсэн арга хэмжээ явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.

Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг яагаад Архидалт-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна вэ?  

ЦЕГ, НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран 2017 оноос эхлэн иргэд олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд хүчирхийллийн эсрэг “Хайрлая-Хамгаалъя”, хулгайлах гэмт хэргийн эсрэг “Сэрэмжилье-Нэгдэе” зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бол энэ удаад “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний гол зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурах явдлыг бууруулах, архины хор уршгаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан үедээ үйлдэж буй гэмт хэргийг багасгах зорилготой.

“Хуулийн хэрэгжилт” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Эмзэг цэг хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 1520 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж , 65 иргэнд 500 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан.  Мөн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Бид цаг үе, нөхцөл байдлаас хамааран шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, тоо үзүүлэлтүүд дээр үндэслэн нэгдсэн арга хэмжээ зохиодог.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол олон нийтийн хүчинд түшиглэсэн, олон нийтийн идэвхи оролцоотойгоор хийгддэг ажил. Иргэдийн ухамсар гэмт хэргийн гаралттай зайлшгүй холбоотой. Ер нь болгоомжгүй байдлаар бусад төрлийн гэмт хэргийг үйлдэгч этгээд өөрөө бодож, төлөвлөж байж хийсэн нь тогтоогддог. Тиймээс тэр санаа зорилгыг нь таслан зогсоох, гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх тал дээр голлон анхаарч нөлөөллийн ажил, арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ жил бид Цагдаагийн байгууллагын үндсэн зорилтоо биелүүлэхээс гадна “Иргэд, олон нийтийн оролцоог түшиглэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” жил болгон ажиллаж байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон ТББ-ууд, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч  байгаа. Мөн ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс энэ ажлыг маань дэмжин ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд архидалтын хор уршгийг таниулж, ойлгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулгын арга хэмжээ зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ : Иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо чухал юм гэдгийг ойлгож байна Arslan.mn


Иргэдэд мэдээлэл өгч, тэднийг гэмт хэрэгт  холбогдохгүй байх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа гэж та дээр хэллээ. Тэгвэл иргэдийн хандлага хэр байна вэ?

Тийм ээ. Бид ухуулга, сурталчилгаа, нөлөөллийн тал дээр олон талын ажлуудыг зохион байгуулж байна. Иргэд, олон нийтэд зориулсан богино хэмжээний видео болон зурагт сурталчилгаа, ярилцлагууд, зорилтот нэвтрүүлгүүдийг мэдээллийн сайт, телевиз сонин, өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээж ажиллаж байна. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн дэмжиж ажиллаж байгаад их баяртай байна.
 

Иргэдийн зүгээс энэ арга хэмжээнүүдийг маань дэмжсэн, санал санаачилга авсан, иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн миний оролцоо чухал юм байна шүү гэдгийг ойлгож түүнийгээ бидэнд мэдэгдсэн жишээ олон байна.

Иргэд маань гэмт хэрэг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой ойлголттой болж байна. Гэхдээ энэ удаа ойлгочихсон юм чинь боллоо гэж бодож болохгүй, ойлголтыг нь улам бататгаад, нөлөөллийн ажлуудыг шат дараатай цаашид хийнэ.

Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг “Архидалт үгүй – Гэмт хэрэг үгүй”  нэрийн дор явуулж байна гэлээ. Ер нь архи нийгэмд хүчирхийлэл, аливаа муу муухай зүйлийн эхлэл болж байдаг. Архи уусан үедээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэдэн хувьтай байдаг вэ?

Архи бол энэ амьдралыг үгүй хийдэг хамгийн том шалтгааны нэг. Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэлтэй шууд хамааралтай болсон нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийллийн 90 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авдаг 107 утсыг олон нийтэд сурталчилж таниулах, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлсэн.

Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна зан үйлд нь нөлөөлөх сургалтыг ШШГЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Цаашдаа ч мөн хамтран олон ажил хийхээр төлөвлөж байгаа.
 

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулвал 66.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч архи гэмт хэрэг үйлдэгдэх хамгийн том шалтгаан болсон хэвээрээ л байна.

Ер нь архины хэрэглээ нь хувь хүний ухамсар, соёлтой шууд холбоотой. Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх нь хамгийн чухал.

Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлж, юуг анхаарах ёстой вэ?
Архины хэрэглээ нь нийгэмд бүхэлдээ гэхээсээ илүү тодорхой түвшний хэрэглээ болсон. Бид архи хэрэглэдэг зорилтот бүлгүүдээ тодорхойлж, тэр бүлэгт чиглэсэн ажлуудыг түлхүү хийхийг зорьж байна. Мөн их, дээд сургуулиуд дээр гэмт хэргийн хор уршиг, архи, согтуурууруулах ундааны зохисгүй хэрэглэснээс үүдэн гарах хор уршиг, зөв амьдралын хэв маягийг бий болгох талаар сурталчилгааны ажил, сургалтуудыг тасралтгүй хийх, оюутан, залуучуудад архины хор уршиг, зөв зохистой хэрэглээний талаар ухуулга сурталчилгааны ажлыг хийж байна.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд хэрэгт өртөж, холбогдох явдал мэр сэр гардаг болсон. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байн вэ?

Оны өмнө ЦЕГ хүүхдийн нэгжтэй болсон. Ерөнхий газар дээр улсын хэмжээний бодлогын тасаг, Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан.

Сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэн “Сургуулийн эргүүл”, “Гараас гарт” хөтөлбөр, өсвөрийн цагдаа бүлгэмүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлж байна.

Энэхүү ажлуудын хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, багш нарын үүрэг оролцоо нэмэгдэх юм.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих