Тэмдэглэлээс дэлгэцэнд задарсан "Байтаг богд"-ын түүх

: 125 өдрийн өмнө / 2018-03-15 10:33:36

ХЭЗЭЭД ҮЛ ДАВТАГДАХЫН ХҮСЛЭН БА ЦОР ГАНЦХАН ТҮҮХ

Түүх бүр цорын ганц байдаг. Бидэнд бахархах түүх олон ч тэд өөрсдийн гэсэн нулимс, зүрх эмтрэм дурсамжийг эргэн сануулах нь олонтаа. Үүний нэг нь “Байтаг Богдын тулалдаан” бөгөөд 1993 онд хэвлэгдсэн “Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл” номын хуудсанд тодорхой өгүүлэгдсэн байдаг.

1948 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан /тасгийн ахлагч/, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв. Яг эндээс халаглаж харамсам боловч эрэлхэг хилчдийн алдарыг үүрд мөнхөлж үлдээсэн “бараан түүх” эхэлнэ.

Харин “Байтаг Богдын тулгаралт”-аар “Фантастик” продакшны авьяаслаг залуусын баг кино хийхээр зориглож зураг авалт хэдийн эхэлсэн тухай мэдээлэл сонин сэтгүүлээр тарж, үзэгчидэд дахин нэг “томоохон” хүлээлтийг үүсгээд байв. Мэдээж “Маш нууц 1” киноны үргэлжлэл хэмээн ойлгох үзэгчид ч байсан. Нэрний хувьд нууцлалт байдал нь эхний киноны драматик үйл явдлуудыг хангалттай тодорхойлж байсан ч Байтаг Богдын тулгаралтын хувьд бол энэхүү нэр менежмент маягаар өгөгдсөн нь үнэн. Тиймдээ ч “Байтаг Богд” хэмээх дэд нэрийг өгсөн нь тун оновчтой.

Уншигчид эх орондоо амиа дэвссэн эрсийн зориг, энэхүү түүхийн гашуун төгсгөлийг мэднэ. Гагцхүү хэзээд дахин ийм түүх үл давтагдаасай хэмээн залбирч иргэн бүр энх тайван цагийн тэнгэр доорх эрх чөлөөг хүсэмжилж байсан нь лавтай.
 
ӨГӨГДСӨН НӨХЦЛИЙН ХОЛБООС

Торгуудын алтан овоог тахиж, нутгийн өвгөн домборын утсыг эгшиглүүлэн, хөөмийлж буйгаар кино эхэлдэг. Байтаг Богд, Ац Улаан уул, Хужирт, Уушигийн уулс зэрэг түүхэн газруудад үйл явдал болох бөгөөд байгалийн зураг авалт нь эрэлхэг хилчдийн гавьяаг харуулах киноны үйл явдалд харшлах байдлаар кадр зөрүүлж, зураг авалтыг чөлөөтэй, зоргоороо зурсан үйлдэл харагдсангүй.

Хожим нь болох томоохон тулалдааны эхлэл нь гадаадын эрдэмтэн Байтаг Богдоос “уран” олсноос болж тэрхүү газрыг эзлэхээр Гоминданы арми цөмрөн орж ирдэг. Харин киноны эхэнд шуудхан л үйл явдал эрчтэй хөврөх ба хожим болох үйл явдалтай энэ бүх зөрчил нь ил болоод далдуур шууд холбоотой байсныг харж болно. Ерөнхийдөө МУГЖ О.Бат-Өлзий, СТА Б.Тамир нарын найруулсан уг бүтээл Монголын кино урлагт өмнө хийгдэж байгаагүй шинэ дүр төрх, арга барил илэрсний томоохон баталгаа болов.
 
Мэдээж уран сайхны кино боловч өгөгдөл нь “Байтаг Богд”-ын тулгаралт. Үүнээс сэдэл авч зохиол бүрэлдэж, эцэст нь дэлгэцийн урлаг болон үзэгчдэд хүрч байна. Харин хэрхэн урлаг болгож, өгөгдсөн нөхцлийн холбоосуудыг яахин бүтээхийг О.Бат-Өлзий найруулагч сайтар төлөвлөж бодсон нь илт харагдлаа.

Кино Хасагуудтай тулгарснаар эхлээгүй бөгөөд шуудхан л Гоминданы армийн захирагч өөрийн биеэр явж нутгийн айлыг дээрэмдэн түйвээж, эр нөхрийг нь хороож, хилчидтэй зөрчилдөснөөр эхэлж байна. Тиймдээ ч энэхүү “драм” цааш хэрхэн хөврөх нь сонирхолтой болно. Байлдагч Тэгшээ дайсанд амьд олз өгч буйгаа мэдэвч анд нөхрөө буудаж хороох зориг түүнээс гарсангүй. Басхүү тоогоор хагас илүү хүмүүсийн өмнөөс буу тулган ганцаар гарч ирдэг. Энэ нь дүрийн зан төрх, сэтгэлийн байдлыг тодорхойлоод зогсохгүй цаашид хөврөх олон үйл явдалд түүний оролцож буй гэнэн цайлган болоод баатарлаг зан чанарын тодорхойлолт байв. Тухайн нөхцөлд үүсч буй иймэрхүү анхдагч шалтгаан байсан учир цаашид эргэлзэх, хариулт өгч чадах үндсэн ойлголт ургаж гардаг.

Цонж хотын цэргийн штабын захирагч Кан Си Зан болон тусгай даалгавартай тагнуулч Насан болон Монголоос ээжийн хамт багадаа дүрвэж очсон эмсийн хүрээлэнгийн дууч эмэгтэй Буянхишиг гурвын харилцаа эдүгээгийн Үрэмчид өрнөх аж. Киноны хамгийн чухаг уран сайхны хэсэг нь тэнд болж буй үйл явдлууд гэдэгтэй олон хүн санал нийлэх буй. Хэд, хэдэн ноцтой алдааг хожим дурдана. Ямартаа ч үзэгчдийн таашаалд нийцүүлэх гэсэн хөнгөн хуумгай үйл явдлын зохиомж, хуурай гаргалгаа үүсгээгүй нь эхлэл хэсэг, өгөгдсөн нөхцөл байдал, төгсгөлд дэхь сценүүдэд гарах холбоосноос харагдаж байсан нь тун олзуурхууштай.

Мөнхүү тус бүтээлийн зохиол нь хэдий бодит түүхэнд суурилсан ч “Маш нууц 1” кинотой харьцуулахад хэтэрхий хөнгөн болчихсон мэт санагдана. Эхний кинон дээр жагсаалын даргын дэглэлтээс үүссэн зодоон бослогын хэмжээнд хүрч сүүлдээ улс төрийн томоохон нөхцөл байдалд очно. Төгсгөл ойртох тусам хувь хүний оршихуйн асуудал үгүйлэгдэж, нэгэнт өөрсдийг нь үхсэн хэмээн үзсэн тул эрх чөлөөгөө тунхаглах, амьдаараа ялзрахын аль нэгийг сонгох хэрэгцээ хоригдол болсон цэргүүдэд шаардагддаг. Харин энэхүү драматик байдал Байтаг Богд киноноос үгүйлэгдэх хэдий ч үйл явдал өрнөх эрч хүч нь хавьгүй дайчин, түргэн хэмнэл, хурцадмал хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд идеалист талаас нь ч бодож үзэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн билээ.
 
НЭГЖИЛСЭН АЖИГЛАЛТ ХИЙГЭЭД АХУЙ


Тус киног нэг бүрчлэн задалж, нэгжлэн судлахад хамгийн эхэнд монгол ахуй, Торгууд түмний ёс заншил зэргийг хэрхэн дүрсэлснийг дүгнэх шаардлага гарна. Мэдээж эх нутгийн баруун хязгаарт болж буй үйл явдлыг үзүүлэхэд нэн түрүүнд анхаарах зүйл нь ахуйг хэрхэн бүтээхээс шалтгаална.

Хасагууд үргэлж л хилчидтэй зөрчилдөж, мал хуй дээрэмдэн, энгийн иргэдийн аминд халдаж байсан тэрхүү нутагт мал бэлчиж буй дүр зураг нэгээхэн ч харагдсангүй. Гэвч хилчид тулгаралт болохын өмнөх орой нутгийн өвгөнийд дайлуулж суусан хэсгийг санацгаая. Ихэнх айлууд дүрвэж нүүсэн тухай нутгийн өвгөн хэлдэг. Тиймээс энд санамсаргүй ч бай санаатай ч бай алдаа гаргасангүй харагдана.

Нөхрөө дайсанд олзлуулчихаад өөрөө амьд мэнд ирсэнд нь уурлан бухимдаж буй байлдагч Даваадорж, өөрийг нь магтахад ичиж буй мэргэн бууч Архад, айлын тавагнаас “байн, байн” ааруул шүүрэх Баян, аливаад эрэлхэгээр хандаж, манаанд гарахгүй гэхээс нүдэнд нь нулимс цийлэгнэх, барагтай бол үг үл дуугарах тасгийн дарга Гиваан, “Айлын удам залгах ганц хүү болохоор манаанд гаргадаггүй” гэх үгийг шинээр шилжиж ирсэн Дандархайдаваас сонсох мөчид бусад нь ам алдасныг мэдээд “Адуугаа манана гэдэг чинь хилээ манаж байна гэсэн үг” хэмээн нөхөддөө хандан хэлэх Пэлжээ нарын үг, харуулах үйлдэл бүрт нь торгон баганаа сахин хамгаалж буй хилчин эрсийн зан чанар нэвт шингэжээ.
 
Философич Мартин Хайдеггер “Ахуйгаас бусад нь юу ч биш” хэмээсэн байдаг. Үүнтэй агаар нэгэн адил нууц тагнуулч Насангийн хувьд эх орныхоо төлөө өргөсөн тангараг даалгавараас бусад нь юу ч биш байв. Үүнийг нууц тагнуулч гэдэг нь илэрч хоригдосны дараа “Би алдаа гаргасан” гэдэг үгнээс нь харж болно. Тэр алдаа гаргасандаа харуусч сууна. Гаргасан алдаа нь буруу мэдээлэл байсан хэдий ч үнэндээ Торгууд эмэгтэй Буянхишигийг хороож чадалгүй өөрийгөө барьж өгсөн нь алдаа байв. Ийм л аюултай нөхцөл байдал дунд эх орныхоо бүрэн эрхт байдал, өөрсдийн ахуйг авч үлдэхийн төлөөх их тэмцэл өрнөжээ.

“Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв”.

Түүхэнд ингэж тэмдэглэгдэн үлдсэн буй. Харин киног хэрхэн уран сайханжуулж, ахуйг бүрдүүлэв. Байлдагч Тэгшээ аргагүй байдалд хөлийнхөө тасарсан хэсгийн ясаар дайсны салаан даргын хүзүү руу зоож байгаа хэсэг, “Энэ бол Монголын газар нутаг” хэмээн хоолой зангируулж, шүд зуун хэлээд сэтгэлтэй бүсгүйнхээ урлаж өгсөн тугийг буундаа зүүн толгодын оройд мандуулдаг. Яг энэ мөчид зүрхэн хавьцаагаа буудуулан унана. Тасгийн дарга Гиваан сүүлийн гранатаа Даваадоржид шилжүүлж өгчихөөд амь тасрав. Эцсийн мөчид дайсны дунд аянга болон дэлбэрсэн Даваадоржийн гранат сүүлчийн зэвсэг нь байлаа.

Мөнхүү хүний ганц хүү гэдгийг нь мэдэх учир Дандархайдав хүрэн халзан морийг бусгаж, омголонтоод байсан гэх шалтгаанаар Пэлжээг хуурч мордуулчихаад өөрөө үлдэн тулалдаг. Монгол хүн л ингэж нэгнийхээ оршихуйг хайрлах сэтгэл гаргах буй. Пэлжээ замдаа эмээлээ хөнгөлж, Тэгшээгийн хэлж байснаар хоолой мэдэн гуугалахад хүрэн халзан морь улам хурдалж, нэхэж байсан дайснууд ард үлдэнэ. Түүнийг мэдээ дамжуулан очихтой зэрэгцэн нууц тагнуулч Насанг буруу газар отож буй армийн тэнд хүлээтэй орхиж буй нь ч, баруун өндөрлөг дэлбэрч тугийн далбаа намирах үед эх нутагтаа ирэн шороо атган уйлж буй Буянхишиг зэрэг үйл явдлуудыг хооронд нь чадамгай холбож өгчээ.

Басхүү Цонж дахь монгол холбоочин мэдээ дамжуулж байх үед төхөөрөмжийн “дон, дон” хийх дууг цай самарч далдах, Чэкист Сампилд “Алдаа гарсан бол хариуцлагыг нь би хүлээе, шагнал байдаг юм бол чи ав” гэх хийгээд захирагч Хаянхярваа хамгийн нас залуу байлдагч Баянг өөрийнхөө дэргэд дагуулж, “Малгай тавивал юу гэдэг билээ” хэмээн асууж “Манайх” гэж хэлэхэд нь “Тэгээд, гэртээ байгаа хүн чинь зоригтой байна шүү” хэмээн анхааруулж буй хэсэг, миномётын галд өртөж шархадсан ч “яасан айхтар эд вэ” хэмээгээд тулалдаж, эцсийн ганц сумаа найзынхаа төлөө зориулах Архадын дүр уг киноны чимэг байсныг дурдууштай.

Чэкист Сампил төгсгөл хэсэгт тагнуулч Насанг буруу мэдээлэл дамжуулсан хэмээн үг сүггүй буудаж орхидог. Дүрийг эцэст нь тултал үзүүлнэ гэдэг энэ. Үнэндээ Насан амьд үлдэж Буянхишигтэй уулзсан бол кино нийтэд зориулагдсан хиймэл утга санаа, үзэгчдэд хандуулсан сүржин төгсгөлөө хадгалж ноцтой алдаа хийх байсан хэдий ч найруулагчид түүн дээр эндэгдэл гаргасангүй.
 
ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА БУЮУ ДҮРИЙН ЭРТЭДСЭН ЗАДАРГАА

“Сюжет гэдэг нь кинонд толилуулагдах үйл явдлуудын агуулга ба дараалал. Гэвч үзэгч л энэ сюжетийн дагуу өөрийн хүүрнэлийг буюу үйл явдлуудын зангилаат хийсвэр системийг толгойдоо бий болгодог” хэмээн  Дэвид Бордуэлл хэлсэн нь бий. Тиймээс өөртөө найдаад үзье.

Үзэгчдийн санаанд нийцүүлэхийн тулд жүжиглэх нь тайзны урлагийг бурантагласан хэрэг болно. Нэгэнт сонгогдсон дүрийг өөрийн мэдрэмж, найруулагчийн хурц харааны тусламжтайгаар гүйцэтгэлгүй орхивол хэчнээн хөнгөн болоод алдаа гаргаж бүтэлгүйтдэгийн томоохон жишээ нь Насан буюу Тамирын дүр. Мэдээж хэн ч нүүрний хувирал, үйл хөдлөлөөр дүрийг илэрхийлж болох ч гэлээ сэтгэл зүйн талаас ч тэр, харагдах байдлаас ч тэр Тамирт огтоос хувирал байсангүй. Магадгүй энэ дүрд тасгийн дарга Гиваанд тоглосон Алтаншагай илүү тохирох мэт санагдсаныг нууцгүй хэлчихэе.
 
Мөн Тамирын дүрийг бүр эрт задалчихсан нь киноны нэг том алдаа. Дээр нь “Монгол хүн мууранд сүжиггүй” буюу амьтнаар төлөөлүүлэн тайлал хийсэн нь хэтэрхий гэнэн санагдана. Дү генерал өөрийн биеэр морилж ирсэн буюу Кан Си Заны цолтой ярина хэмээн хатуу анхааруулдаг тэр л өрөөн дэхь үйл явдлын үед тагнуулч Насанг гар хэмээн дохисны дараа нууц даалгавар өгдөг. Энэ л хэсгээс дүр задарч, цаашид өрнөх нууц үйл явдлууд хиймэл талдаа өрнөчихсөн юм.

Тулалдааны үеэр хорж зогсоо морьд, /дунд нь бөмбөг тэсэрдэг/, Насанг буудуулахад камерын дэлгэцэнд тусах цус, толгодын оройд гранат дэлбэрэхэд бүтэн үлдэж буй туг, захирагч Хаянхярваагийн дүрийг бүтээсэн Эрхэмбаярын хуурай жүжиглэлт зэрэг хэд, хэдэн алдаа ажиглагдаж байлаа.

Киноны монтаж хэдийгээр эвлүүлгийн нөлөөгөөр бий болдог ч гэлээ жүжигчдийн хөдөлгөөнөөс хамааралтайгаар хувьсдаг. Энэхүү хувьсал нь утга санаанд ч бүрнээ нөлөөлөхүйц хүрээг хамарч оршино. Тиймдээ ч захирагч Хаянхярваагийн “Цэргүүд тушаал биелүүл, өнөөдөр үхэж болохгүй цаг” гэх үгсийг сүүлд давтан хэлэх буюу тулгаралт эцэс болсны хойно “Монгол Улсын дархан хил тайван амгалан” хэмээж буй нь нэг л хоосон, хуурай санагдана.

Төгсгөлд намирч буй Төрийн далбаа гарахад “Төрийн сүлд” дуулал ард нь дэвсч өгөхөөс илүүтэй кинон дундуур эгшиглэж байсан “Үеийн үед” дууг оруулсан бол илүүтэй зүрхэнд ойр санагдаж, бүтээлийн нандин чанараа хадгалж үлдэх байсан болов уу.

Ямартаа ч “Байтаг Богдын тулгаралт” нэртэйгээр албан бичгийн хэдэн хуудас дээр уг түүх тэмдэглэгдэн үлдсэн нь лавтай. Сүүлд ном товхимол хэвлэх цаг дор хүн бүрт хүрсэн биз. Харин өдгөө дэлгэцэнд заларч кино болов. Мартаж болохгүй түүхийг мартаж орхихвий хэмээн “урлаг” бидэнд дахин санууллаа.

Тийм ээ, мартаж болохгүй түүхийг мартаж орхивол...
 
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
bi
123 өдрийн өмнө / 103.229.121.112

yun uran ene er be tuuh tuuheeree bh heregtei busuu

Тунгаа
125 өдрийн өмнө / 66.181.189.90

Бараг л кино үзчихлээ дээ