АТГ-ын дарга Х.Энхжаргал Хөрөнгө буцаах санаачилгын төлөөлөгчидтэй уулзжээ

: 268 өдрийн өмнө / 2018-03-21 12:23:33

Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д хийсэн туршлага судлах айлчлалынхаа хүрээнд 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Дэлхийн банкинд зочилжээ. 

Дэлхийн банк болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны хамтарсан Хулгайлагдсан хөрөнгийг буцаах “СтАР” санаачилгын мэргэжилтэн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Нийтийн албаны салбарын асуудал хариуцсан нэгжийн ахлагч Жоел Туркевитз өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай улсын хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын санхүүгийн болон авлигын гэмт хэргийг илрүүлж, шалгах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай зохион байгуулж ирснийг онцлоод шинээр хэрэгжиж буй төсөлд тусгах саналуудаа харилцан ярилцав. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх, гарын авлага боловсруулах зэргээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Дэлхийн банк болон Хулгайлагдсан хөрөнгийг буцаах СтАР санаачилгын мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийллээ.

Цаашид шинээр хэрэгжүүлэх төсөлдөө авлига, санхүүгийн гэмт хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах чиглэлд мэргэшүүлэх сургалтуудыг тусган оруулж, хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгасан юм.

Уулзалтын төгсгөлд хоёр тал үргэлжлэн санал солилцож, нэмэлт ажлуудыг тусгахаар тохиролцсон байна. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих