Санхүүгийн зах зээлийн холбоод, байгууллагууд СЗХ-г дэмжиж, хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ

: 76 өдрийн өмнө / 2018-04-09 15:26:22

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсууд болон нийгмийн сүлжээгээр сүүлийн үед Санхүүгийн зохицуулах хороо, Хорооны дарга С.Даваасүрэнгийн үйл ажиллагааг харлуулах, гутаах зорилготойгоор гүтгэлгийн шинж чанартай элдэв мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байгаа үйлдлийг дэмжихгүйгээ илэрхийлж үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын холбоо, нийгэмлэг, зөвлөлүүд хамтран мэдэгдэл гаргажээ.

Санхүүгийн салбарын 13 байгууллага хамтран гаргасан уг мэдэгдэлд, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, эрсдэл даах чадварыг сайжруулах бодлого баримтлан ажилласныг бид анхнаас нь дэмжиж, хамтран зүтгэсэн. Үүний үр дүнд банк бус санхүүгийн, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны болон үнэт цаасны салбарт ихээхэн өсөлт гарч буй бөгөөд үүнд Санхүүгийн зохицуулах хорооны эрчимтэй ажиллагаа нөлөөлснийг онцлон дурдахыг хүсэж байна. Цаашид зах зээлийн өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж буйг бид сайшаан, нягт хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Түүнчлэн, “улс төрийн бохир зорилготой мэдээллийг олон нийтэд санаатай тарааж, УИХ-д хүртэл гүжир баримт бүхий өргөх бичиг барьж буй дээрх бусармаг үйлдэл, түүний далд зорилго нь санхүүгийн салбарынхан бидний нийтлэг санаа бодол, байр суурь биш болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гээд санхүүгийн олон салбарын үйл ажиллагааг цөөн тооны хүмүүсийн үзэл бодлоор нийтэд нь дүгнэж, зохицуулагч байгууллага болон бизнес эрхлэгчдийн ажил хэрэгт эргэлзэн, итгэл алдахгүй байхыг уриалжээ.

Мөн Монголын Даатгагчдын холбоо мэдэгдэл гарган, доктор С.Даваасүрэнгийн явуулж байгаа зах зээлийн оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон эрсдэлийг бууруулж, хүртээмжийг тэлэх бодлогын үр дүнд зах зээл ихээхэн идэвхжиж байгааг онцлон дурдсан байна. Тиймээс олон жил хүлээгдсэн нааштай өөрчлөлтийг эхлүүлж буй Хорооны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих