Үндэсний бөх бол өв соёл, харин бөхчүүд...

: 35 өдрийн өмнө / 2018-04-18 09:25:33

Бөхийн өргөө, бөхийн холбоог булаацалдаж буй аваргууд аман дээрээ “Бөхийн өргөө бол ард түмний өмч” гэж ярих боловч үнэн хэрэгтээ бөхийн холбооны өмч гэх тэр байгууламжийг гартаа оруулчихвал хэдэн төгрөг олдох мэтээр сэтгэж яваа нь өрөвдөлтэй, бас хөөрхийлөлтэй.

Тэдний тархинд бөхийн хөгжил бус өөрийн хөгжил л бодогдож байна. Харин энэ бусармаг үйлдэлдээ мөрөөрөө явж байсан бизнесмен, залуу бөхчүүдийг татан оролцуулаад зогсохгүй халх, ойрдоороо талцаж эхэллээ. Уг нь бол халх ч бай, ойрд ч бай бид нэг л цул. Монгол Улс гэх нэрийн дор дэлхийд цамнаж байна явсан. Одоо ч явсаар байгаа, цаашид ч монгол гэх нэрээр л нэрлэгдэнэ. Бөхийн ёс жудгийн талаар нэгэн жишээ дурдъя.

Анх удаа улсын наадамд тав дараалан түрүүлсэн дархан аварга Д.Дамдин дархан аварга Ж.Мөнхбатыг хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахад нь “Баатрын тэмдгийг чинь мялаах юм алга. Харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгч, би барилдахгүй өнжинө. Зүүнээс босож барилдаарай” хэмээн хүндлэл үзүүлж явсан гэдэг. Монгол хүний сэтгэлийг хөнддөг бөхийн ийм эрхэм ёс, хүндлэл хааччихаа вэ гэсэн бодол эрхгүй төрж байна. “Бөхийн өргөө” гэх ясыг булаалдаж буй бөх нэртэй нохдыг манлайлж яваа хоёр аваргаас Б.Бат-Эрдэнэ нь А.Сүхбатаасаа бүх талаараа илүү. Төрийн наадамд 12 түрүүлсэн аваргаа дүү аварга нь заналхийлээд зогсож байгаа нь бөхөд хайртай олон түмэнд сайхан санагдаагүй нь лавтай.

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр “Эвлэрлийн, эвийн, цайлган сэтгэлийн цагаан хадаг барьж ирлээ” хэмээн жишим ч үгүй ярьж байсан дархан аварга А.Сүхбатын дотоод мөн чанарыг бид энэ өдрүүдэд ил тод харж байна. Яасан ч богинохон настай хадаг вэ, тэр. Олны өмнө жүжиг тоглож, хөшигний цаана өш зангидсаар яваа нь дархан аварга А.Сүхбат та бөх сонирхогчид дунд муухай харагдаж байна. Хоёр аваргын тэмцлийг хараад бөх сонирхогчид жигшиж байна, та бүхнээс. Юун нөгөө ариун цагаан сэтгэл, эвлэрлийн хадаг вэ. Өөрийгөө өөр хүний нүдээр хараад үзээсэй та бүхэн.

Монгол бөхийн манлай болсон аваргууд эвтэй, ёс жудагтай байвал бусад нь дагана. Үндэсний спорт, тэр тусмаа баяр наадмын манлай болсон бөхийн дэвжээ ариун байхыг бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт гаргасан дүр шиг ээ бай л даа. Тэр дүр олон хүнийг баярлуулсан. Бөхөд хайртай монгол түмний мэлмийгээс сувдан сондор асгаруулсан. Монгол бөх одоо л... гэж тайвширч билээ. Үнэндээ гоё байсан, сайхан байсан.

Уран барилдаант “жижиг” А.Сүхбат, цагийг эзэлсэн аварга Б.Бат-Эрдэнэ хоёрын дайсагнал үүгээр дууслаа хэмээн тунхаглаж байлаа. Харамсалтай нь, тийм биш байж. Зүгээр л ард түмнийг хуурсан жүжиг байж. Улс төрд орж ирэхдээ бидний уран гоё үгээрээ хууран мэхэлсэн шиг дахиад мэхэлж чадав, энэ нэвтрүүлгээр. Олны хайрыг хүлээсэн аваргууд одоо олны жигшил зэвүүцлийг төрүүлдэг болсон нь хөөрхийлөлтэй, бас эмгэнэлтэй.

Бөхийн буянаар та бүхэн хангалттай хөрөнгөжлөө. Үндэсний бөхийн спорт та хоёрт их зүйл өгсөн. Гэсэн ч дуусгах болоогүй юу. Ханаж чадаагүй гэж үү. Та нарын хүссэн бүхнийг төр засаг, ард түмэн өгсөн. Түрүүлэх бүрт нь байр, машин барьж гүйсэн. Товчхондоо бол их спортынхонд зориулаагүй их хөрөнгийг зөвхөн үндэсний бөхчүүдэд л егдөг. Харамсалтай нь, тэд хайр даахгүй нь. Бусдад өгч үзээгүй атлаа авах тусам тэдний шунал улам их хөдөлдгийн тод жишээ энэ аж. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ээ, дархан аварга А.Сүхбат аа, Та бүхэн бөхийн өргөөнд шунаагүй. Монгол бөхийг цэвэр ариун байлгахын төлөө тэмцэж байна гэж ярьдаг.

Үнэхээр тийм хүсэл зорилго байдаг бол яагаад нэгнээ хүндэтгэж, нэгдэж болохгүй гэж. Та хоёрын ашиг сонирхол өөр учраас ярьж буйгаас тань тэс өөр учраас зөрчилдөөд байгаа хэрэг биш үү. Тиймгүй сэн бол 20-иод жил үзэн ядалт дунд Бөхийн холбоог удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нар зайгаа тавиад өглөө. Гавьяаныхаа амралтад гарлаа. Ийм байхад эцэс төгсгөлгүй маргаан тань үүгээр өндөрлөх ёстой бус уу. Бөхийн буянаар та бүхэн тансаг байшин, ганган машинтай болжээ. Эдлэн газар ч байна. Эрхлэх бизнес ч байна. Яасан их шунал вэ.

Та нарын шуналаас үүдэлтэй хэрүүлээс болж өнөөдөр олон байгууллага, уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрөхөд хүрч байна. Үүнд ямар хариуцлага хүлээх вэ, та бүхэн. Бөхийн төлөө бус байгууламжийн төлөө улайрсан бух шиг дайрч, залуучуудаа хоморголж буй эрхэм аваргууд аа хэрүүлээ зогсоож, ах нь ах шиг, дүү нь дүү шиг байя. Энэ бол монгол бөх. Монголын үнэт өв соёл. Та бүхний дураар авирладаг талбар биш. Жудагтай байцгаая. Үндэсний бөхөд авлигал, ёс бус зан, гажууд үйлдлийг битгий нэвтрүүл. Залуу аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууддаа зөвөөр үлгэрлэе.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Б.Мөнхзул

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих