С.Баярцогт, Ч.Сайханбилэг болон "Оюу Толгой"

: 180 өдрийн өмнө / 2018-04-18 10:38:29

1.1929 онд байгуулсан "Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг тогтоосон хэлэлцээр"-ээр Зөвлөлт Оросуудын заавар, шахалтаар гадаадын ( Оросын биш) бүх бизнэсүүдийг Монголын зах зээлээс хөөн гаргаснаар бид дараачийн 60 гаруй жилийн туршид ЗХУ-ын 100% дагуул улс болсон бөгөөд тэднээс зөвшөөрөл авахгүйгээр ямар ч алхам хийж байгаагүй. 

"Хэнд мөнгө байна, түүнд л жинхэнэ эрх мэдэл оршдог". Монголын бүх зах зээл, орлого ЗХУ-аас хамаарч байсан учир улс төрийн эрх мэдэл тэдний гарт байхаас ч өөр яахав дээ. 
 
2. 1990 онд сүүлийн хэдэн зуун жил анх удаа биеэ даан шийдвэр гаргах эрхтэй, жинхэнээсээ тусгаар улс болох боломж бидэнд нээгдсэн. 
 
Өнгөрсөн туршлагаасаа сургамж авч гадаад бодлого, эдийн засгийн харилцаан дээр Монголын зах зээл дэх хоёр хөршийн хөрөнгө, оролцоог тус бүр 30% орчим байлгаж, харин барууны хөрөнгө оруулалтыг 40% орчим байлгаж тусгаар хөгжье гэсэн мөрөөдлийн чиг баримжааг барих болсон. 

Тэгээд 1990 оноос хойшхи Монголын бүх Засгийн Газар барууны хөрөнгө оруулалт, технологийг Монголд оруулж ирэх гэж хичээн оролдож ирсэн ба Оюу Толгой бол сүүлийн хэдэн зуун жилд гурав дахь орноос Монголд орж ирсэн хамгийн анхны дорвитой хөрөнгө оруулалт, дэлхийн хэмжээний бизнэс юм. 
Хоёр Их Гүрний дунд орших жижигхэн Монгол Улс барууны томхон хөрөнгө оруулалтыг авчирч чадлаа хэмээн баярлан тууз хайчилж байсан маань саяхан. 
 
3. Гэтэл сүүлийн 10-аад жилийн Монголын нийгэм дэх уур амьсгалыг харвал Оюу Толгойн гэрээг, энэ бизнэсийг улс төрчдөөсөө эхлээд гудамжинд явах жирийн иргэд хүртэл ихэд "үзэн ядах" болсон бөгөөд гэрээг хийсэн хүмүүсийг барьж хорин, яллахаар зэхэн түүндээ ихэд баярлан, сэтгэл нь ханацгаах аж. 

Хүмүүсийн яриа шуугианыг сонсвол Рио Тинто биднийг шулж манай асар их баялагийг зөөгөөд байнаа гэх. 

Үнэн бодит байдал дээр бол 1300 метр газрын гүнээс эрдэс баялаг олборлох техник технологи шаардсан ийм том уурхай бариад ашиглах чадвар бидэнд өөрсдөд бүү хэл манай хөршүүдэд ч байхгүй. 
 
Монголын эдийн засгийг өсгөж авч яваа хоёр дахь том бизнес бөгөөд 2010-2017 оны хооронд улсын төсөвт 1 тэрбум 480 гаруй сая доллар төлжээ. Тэнд ажиллаж байгаа ажилчдын 94% нь монгол ажилчид.  

За тэгээд ийм том, олон миллиард долларын бизнэс бүү хэл хоёр хүн нийлээд бизнэс хийхэд ч "энэ их авлаа, би бүгдийг нь хийж байхад энэ намайг шуллаа" гэсэн яриа маргаан ер тасардаггүй. Тэнд ярих маргах сайжруулах зүйлс байгаа л байх, угаасаа ямар ч бизнэст байдаг л зүйлс. 

Харин нэгэнт ажиллаж байгаа энэ том бизнэсийг зогсоох гэж, "хорлох" гэж оролдохын оронд Монгол улс олж болох ашиг болгоныг олохын тулд бид өөрсдөө санаачлагатай ажиллахад юу нь болохгүй байна вэ? 

2010 оноос өнөөдрийг хүртэл энэ том уурхай хэрэглэж байгаа цахилгаанаа Хятадаас худалдаж авч, баяжмалаа Хятад руу машинаар зөөж байна. 

Монгол улс яагаад хажууд нь нэг цахилгаан станц барьчихаад цахилгаан зараад, төмөр зам барьж тээвэрлэлтийг нь хийж ашиг орлогоо хавьгүй нэмэгдүүлж болохгүй байгаа юм бэ? Яагаад нэгэнт ажиллаж байгаа энэ том бизнэсийг ашиглая гэхээсээ түрүүнд нураая, больё гэцгээх болов?
 
4. Өнөөдрийн байдлаар гэрээг анхлан хийхэд оролцсон тэр үеийн Ерөнхий Сайд С. Баяр, Сангийн сайд байсан С. Баярцогт, сүүлд Оюу Толгойн гүний уурхай эхлэхгүй гацчихаад байхад нь гацаанаас гаргасан мөн л Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг нарыг барьж хорьлоо. 

Хүмүүс их баярлаж байнаа. Нэг Их Хурлын гишүүн ярихдаа "эдгээр хүмүүс Оюу Толгойгоос хахууль авсан тогтоогдвол Оюу Толгойн гэрээг цуцлах боломж бидэнд гарч ирнэ" гэж догдлон ярьж байна. 

Буянгийн Жаргалсайхан "Баяр, Баярцогтоор туг тахиж Оюу Толгойн гэрээнээс мултрах боломж" гарч ирлээ гэж тунхаглаж байна. 

Өөрөөр хэлбэл С. Баяр, Ч. Сайханбилэг, С. Баярцогтыг "шатрын хүү" болгон хаяад Рио Тинтог "мад" тавина хэмээн хүсэж байгаа мэт.   Эдгээр хүмүүс үнэхээр Рио Тинтогоос хахууль авч Монгол улсын эрх ашгийг хохироож хорлосон юм болов уу? Эсвэл энэ хүмүүс нөгөө Монголчууд бидний тусгаар тогтнолынхоо баталгаа болгох гэж гурав дахь орноос асар том хөрөнгө оруулалт оруулж ирсэн гавьяатай хүмүүс юм болов уу? 

Хахууль авсаныг батлах хамгийн том баримт гэж тэдний үзээд байгаа С. Баярцогтын нэр дээрх Швейцарь дахь дансыг нь тэндхийн шүүх шалгаж байгаа, удахгүй бүх мэдээлэл нь тодрох биз. Хүн ер нь өөрийнхөө нэрээр данс нээгээд түүндээ хахуулиа шилжүүлж аваад сууж байх уу?
 
"Надад хардах эрх байгаа" гэдэг хэллэг сүүлийн үед их хэрэглэгдэх болжээ.  Тэгвэл би ч гэсэн "хардах эрхээ" ашиглаад өнөөдөр өрнөж байгаа үйл явдлуудыг хардаж байна:
 
-Манай хоёр хөрш Монголоос гурав дахь орны хөрөнгө оруулалтыг зайлуулж, зөвхөн өөрсдөөсөө хамааралтай болгохын тулд сүүлийн жилүүдэд маш идэвхтэй ажиллаж байна. Хөршөө муулж байгаа юм биш, ямар ч их гүрний бодлого ийм л байдаг, жижиг хөршийгөө өсөж өндийхийг биш харин, өөрсдөөсөө хамааралтай "дагуул улс" байлгахад л чиглэсэн бодлого явуулдаг. 
Орос, Хятад хоёр Монголд барууны хөрөнгө, бизнэс түүнийг нь дагасан улс төрийн сонирхол орж ирэхийг зүгээр хараад, зөвшөөрөөд сууна гэж та бодож байна уу. 

Оюу Толгойг оролцуулаад Монголд орж ирсэн барууны бизнэс болгоныг л онилон  сүүлийн жилүүдэд тасралтгүйгээр, тууштайгаар монголчуудаар өөрсдөөр нь муулуулж байна. Үр дүнд нь бид нийтээрээ Оюу Толгойн төслийг "үзэн ядацгаах" боллоо.  
 
- Энэ бүх хийрхэл эцэстээ Оюу Толгойн төслийг дахин гацаах байдалд оруулна. Тэгэхэд нь Оросын ч юмуу, Хятадын ч юмуу, эсвэл тэдний хамтарсан, барууны аль нэг оронд бүртгэлтэй компани Рио Тинто-гоос Оюу Толгойг худалдаж авах "татгалзах аргагүй санал" өгнө. Тэгэхэд нь Монголчуудтай харьцахаас залхсан Рио Тинтогийнхон (  Дэлхийн 6 тивийн 35 оронд  бизнэстэй компани шүү, худалдан авагч гараад ирсэн нөхцөлд Оюу Толгойгоор нээх дутахгүй ээ ) зарчихаад Монголоос гараад явчих боломжтой. 
 
Ингээд хөршүүд эсвэл хөрш улс маань Оюу Толгойг өөрсдийнх болгоод авчихвал дахиж Монголд дорвитой хөрөнгө оруулах барууны компани ч олдохгүй, бид дахиад л хоёр хөршийн дохио зангаагаар хөдөлдөг тэдний дундах тусгаар нэртэй ч эдийн засаг, улс төрийн хувьд "дагуул улс" л болж үлдэнэ. 
   
..."Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
    Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
    Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
    Өлөн хөх чоноор хонио мануулж байна
    Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
    Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
... Уур минь хүрч байна" гэж нэгэн цагт Ринчений Чойном шүлэглэж байсан билээ. Тэгэхэд бас л толгойтой болгон түүнийг шүүж, муулж, шоронд суулгаж байсан. 
 
Харин тэр цагийн хийрхэлийн салхи өнгөрөхөд түүнийг муулсан, шүүсэн тэр олон хүмүүсийнх биш харин ганцхан түүний зөв байсныг хожим ухаарах нь бидний эмгэнэл. 

Өнөөдөр Монголын улс төрийн тогоо хийрхэлээр хөөсөрч байна. Бид хоорондоо ойртож нэгдэхийн оронд улам хагарч, холдож байна. Харин энэ тогоог өөр хэн нэгэн хутгаж суугааг бид харж байна уу?

Монголхүү
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
177 өдрийн өмнө / 27.123.212.135

Монголхүү минь ээ. Монгол улс айл өрх хүн бүр цааш амьдрах орших асуудал тэдний тэсвэр тэвчээрээс халилаа. Чи баян хүнд долигонох өвчтэй юм уу хаашаа юм. Эсвэл юу ч харах нүдгүй хүний . энд улс төр энэ тэр ерөөсөө хамаагүй. хотлоороо улсаараа улам л Со нараас Хятадаас Оросоос хоцрогдож ядуурч байна. Харин С.Батболд Баяр Сайханбилэг мэтийн баячууд улам баяжиж байгаа. Тийм учраас ядаж баяжих аргын судалж мэдэх шаардлагатай биз дээ. Орчин үед монголд яаж баяжих вэ гэдэг чинь ШУ боллоо.

asdfg
180 өдрийн өмнө / 193.80.236.21

orosuud jamar ich bayarlaj baigaa bol