Оюутолгойн гэрээний гол гарын үсэгний эзэн бол С.Баярын хүн Д.Зоригт

: 120 өдрийн өмнө / 2018-04-24 12:17:50

Оюутолгойн гэрээ сайн, эсвэл муу гэж есөн жил маргалдсан. Тэгвэл өнөөдөр тэр гэрээ тааруухан болсон нь батлагдаж байх шиг байна.

Гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр цагдан хоригдоод шалгуулж байна. Мөн тэр Засгийн газрын Сангийн сайд байсан С.Баярцогт оффшор дансад олон сая евротой байсан нь илэрч бас хоригдоод байгаа.

Үүний зэрэгцээ УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний олигтой, олиггүйг шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Тэд юу гэж тайлагнах нь одоогоор тодорхойгүй байгаа.

Энэ бүхнээс үзэхэд Монголын хууль тогтоох дээд байгууллага, бас хууль хүчний байгууллагууд Оюутолгойн гэрээнд анхаарал хандуулаад эхэлжээ. Мөн ард түмэн ч анхааралтай ажиглаж байна.

Гэхдээ хууль хяналтын­хан 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний гол гарын үсгийг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хэрхэж байгаа нь тодорхойгүй байна.

Д.Зоригт бол тэр өдөр гарын үсэг зурсан гурван гэрээний хамгийн том нь болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан хүн. Тэрээр Хөрөнгө оруулагч буюу Рио Тинто-тай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч байсан юм. Д.Зоригтын араас Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан тухай түүхэнд үлджээ.

Д.Зоригт 1971 онд төр­сөн. Орос III сургуулийг төгс­сөн. 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэсэн. 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцжээ. Хятад, орос, англи хэлээр ярьдаг.

Тэрээр 1994 оноос Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1997 онд 27 настайдаа Бодлого зохи­цуулалтын газрын дэд даргаар ажилласан. 2004 онд Сангийн яаманд газрын дарга, 2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зур­гаа­хан сар ажилласны дараа “Эрдэнэс MGL” хэмээх зуун хувийн төрийн орол­цоотой компанийн гүй­­цэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Д.Зоригт нь МАХН-д 2004 онд элсч, МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн зэргээр сонгогдож байсан нэгэн. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэгт МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байдаг.

Үүний дараа С.Баяр Стандарт бус Засгийн газар бай­гуулж, Оюутолгойн гэрээг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэх, басхүү гэрээний нөхцөлийг Рио Тинто-тай тохирох ажлыг хариуцуулахаар Д.Зоригтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар то­ми­лон ажиллуулсан тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Харин өнөөдөр Д.Зоригтыг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор шалгаж байгаа эсэх нь, бас тэрээр хаана яваа нь тодорхойгүй байгаа юм.

Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Дамдин
119 өдрийн өмнө / 207.237.213.83

Энэ зоригт гэдэг өвөрмонгол залуу баярын гарын хүн гэдэг нь тодорхой