“У.Хүрэлсүхийг долоосоор байгаад алчихлаа!”

: 98 өдрийн өмнө / 2018-05-16 09:47:41

Дээхэн үед Өвөр Монголын радиогоор “Оросууд Гагаринг нис нис гэсээр байгаад нисгээд алчихлаа” гэж мэдээлсэн юм гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг маань эрүүл ухаантай хүн бол ичсэндээ амиа хорлотол нь “долоолоо”, манай хэвлэлүүд. Аав ээж нь автын ослоор нас барсан бүтэн өнчин есөн хүүхдэд байрны түлхүүр гардуулж асуудлыг “газар дээр нь” шийдлээ л гэнэ. Халуун тогоо руу бензин хийгээд өөрийгөө шатаачихсан залууг хувийн онгоцоор тээвэрлэж хотод авчирав, Ерөнхий сайд очоогүй байсан бол ер нь тэр залуу үхэх байлаа л гэнэ. Даанч нөгөөхөд нь ичсэн хүний төрх шинж алга аа.

Уг нь бол Онцгой байдлын сайдаар нэг удаа, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа ажиллахдаа онцгой байдлынхандаа ганц нисдэг тэрэг аваад өгчих сэтгэл энэ хүнд байгаагүй учраас л хүмүүс ингэж үхээд байгаа юм шүү дээ. Эмгэнэх ёстой бол үүнд л эмгэнэх ёстой юм. Түүнээс биш Ерөнхий сайд очихгүй болохоор хүмүүс үхээд байгаа юм биш. Өнчин хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан нь бол бүр ч гамшиг.

Аймгийн Засаг дарга нь хоёр сарын өмнө хүүхдүүдэд байрны түлхүүрийг өгчихсөн байж. (худлаа гэвэл хараарай, нийгмийн сүлжээн дээр зураг хөрөгтэйгөө тавигдсан байгаа) Гэтэл Ерөнхий сайд гэв гэнэт аймагт нь буугаад очихоор бас нөгөө “долоох” аргаа олж ядаад байрны түлхүүрийг хоёр дахиа гардуулсан байгаа юм. Тэр нь баригдангуут бүтэн нэг цагийн телевизийн нэвтрүүлэг хийж, “Хүүхдүүд аймгийнхаа удирдлагад орон байрны хүсэлт гаргасан, тэрийг нь Засгийн газрын түвшинд ярьж шийдсэн, орон нутаг төсвийг нь гаргаад манай Ерөнхий сайд түлхүүрийг нь гардуулсан” гэдэг залруулгыг орон даяар хийв. Хэрэв тэгээгүй бол байрны түлхүүр гардуулсан Засаг дарга лав толгойноосоо салах байсан биз.

Мань хүнийг МАН-ын генсек байхад нь манай нэг сэтгүүлч “Бага даргын имижтэй том намын дарга” гэж хөрөг бичиж байв. Нөгөө МАН-ын шатсан тугийг толгойдоо зангидчихаад УИХ-ын чуулган дээр улаан хамгаалагчийн дүрд тоглож байх үе л дээ. Тэр үеэ бодвол манай хүн бас ч гэж намба суужээ. Дор хаяж л “нэгдлийн даргын имижтэй” болсон байна. Соц үеийн нэг монгол кинон дээр “Агуулахын цоож эвдэрчихсэн байна. Засах уу, яах вэ дарга аа? Аль эсвэл таныг иртэл хүлээж байх уу?” гээд гүйгээд байдаг даа. Нэгдлийн дарга нөхөр ярвайж ярвайж нэг цохолт хийдэг. Ерөнхий сайдыг аймгуудад ажиллахад нэг ч нэгдлийн дарга (одоогийнхоор Засаг дарга) тайлангаа тавьсангүй. Харин мань хүн өөрөө нэгдлийн дарга болж тоглов.

Сая Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайд ажиллахдаа Ерөнхий сайдын “газар дээр нь асуудлыг шийдсэн” амлалт (аймаг болгонд хүн эмнэлэг, сургуулийн барилга, бас дээр нь дулааны станц...) нь лав хоёр их наяд төгрөгт хүрсэн юм байх. Нэг “муу” нэгдлийн даргад арай л ахадсан тоо юу үгүй юу?

Нэгдүгээрт, хэрэв энэ мөнгө 2018 оны төсөвт суусан байсан бол “Асуудлыг газар дээр нь шийдсэн” хэрэг биш. Хоёрдугаарт, төсөвт суугаагүй бол Ерөнхий сайд хувийн зүгээс ийм хэмжээний амлалт авах эрхгүй. Монгол Улсад эрхээ биш төсвийн сахилга гэж юм бий, түүнийг нь баталдаг парламенттай улс. Өмнөх нийгмийн үед бол яах вэ, нэг том дарга дохиур барьж гарч ирээд шийдээд шийдээд явчихдаг л байсан юм биз. Одоо цаг үе өөр болсон.      

Ерөнхий сайд Баянхонгороос Говь-Алтай руу гарахдаа бас нэг асуудлыг “газар дээр нь” шийджээ. Н.Алтанхуягийн үед тавьж эхэлсэн хатуу хүчилттай замын санхүүжилтийг таслаад хоёр жил болсныг сая мэдэв. Шалтгаан нь тендер будилсан гэнэ. Гэвч тендер өөрөө будилдаггүй юм шүү дээ. Гэвч Ерөнхий сайд будилсан тендерийн будилааныг гаргаж бас нэг нээлт хийлээ. Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн цаг үед барьж байгуулсан автозамын хэмжээгээр өмнөх бүх Ерөнхий сайд нарыг хол орхив. (Уг нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа нийт 20 мянга гаруй км авто замын тууз хайчилсан байдаг юм. Гэхдээ тэр одоо хэнд хамаатай).

Монголчууд угаасаа цэцэн билэгтэй ард түмэн болохоороо хэн нэг даргаас салж хагацахын түүс болбол зүгээр л долоогоод эхэлдэг зантай. Удахгүй Өвөр Монголын телевизээр “Монголчууд Хүүкийгээ долоосоор байгаад алчихаж гэнэ ээ” гэж мэдээлэх нь бараг л тодорхой болов.

Нийтлэлч Сэмүүн
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
97 өдрийн өмнө / 202.179.27.100

өөрөө ингэж энд тэнд гүйж явахаар шат шатандаа ажлыг нь сайн хийлгэвэл болоо бишүү

zochin
97 өдрийн өмнө / 182.160.4.26

yamar mundag yum be yag Putin shig geed ongirch bsan chine iim muuhai yum hiigeed yavaa yum uu Ene nuhur chine said hun shig baih yum getel Zairmag shig doloolgood duusah ni ee.yamar hoid solongosiin erunhiilugch BAndi bish dee bugdeeree jagsaad tug bariad lUlaan talbain prpdnaas ch surtei yum geech60terbumiinhan zasag darga arai gej bolson bolohoor aigaad buur shees ni asgaraad dolooj ugch dee.muusain Pyldaganuud

САНАЛ
97 өдрийн өмнө / 202.72.245.205

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙГ ЗҮГЭЭР БАЙЛГААЧ ЭЭ

Зочин
97 өдрийн өмнө / 59.153.114.80

ЭНЭ БОЛ УЛС ТӨРЧИДИЙН ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨХ ГЭСЭН ОЛИГГҮЙ МУУХАЙ АРГА. 2004 ОНЫ СОНГУУЛИАР Ц. МӨНХОРГИЛ МАНАЙ СБД-ЭЭС УИХ-Д НЭР ДЭВШИХДЭЭ ТӨРӨЛХИЙН ЗЭРЭМДЭГ НӨХРӨӨ ТЭРГЭНЦЭР ДЭЭР ТҮРЭЭД ЯВДАГ ЭХНЭР, НӨХӨР ХОЁРТ НЭГ ӨРӨӨ БАЙР ӨГСНӨӨ УУЛЗАЛТ БОЛГОН ДЭЭРЭЭ ЗАРЛААД ТҮЛХҮҮРИЙГ НЬ ДАХИН, ДАХИН ГАРДУУЛЖ ЯВСААР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ДУУСГАЖ БИЛЭЭ. ХӨӨРХИЙ ЭХНЭР НЬ НӨХРӨӨ ТҮРЭЭД ӨДӨР БҮР ТОЙРГООР ХЭСЧ, ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ТҮЛХҮҮР ГАРДАЖ АВСААР ЗАЛХСАН БАЙХ АА. САЯ БАЯНХОНГОРТ ЯГ ТЭРЭН ШИГ ЮМ БОЛЖЭЭ. ХҮНИЙ ЗОВЛОНГ НЭР ТӨРӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БОЛГОН АШИГЛАЖ БАЙГАА ИЙМ УВАЙГҮЙ ХҮМҮҮС МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ ТОЛГОЙД БАЙГААД ҮНЭХЭЭР ХАРАМСМААР.