Монголын гол тоглогчдын онц сонирхолтой түүх хэвлэгдлээ

: 126 өдрийн өмнө / 2018-05-17 09:34:31

Монголын гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн “Гол тоглогч” ном хэвлэгджээ. Номын нээлт өчигдөр Интерном их дэлгүүрт болж өндөрлөлөө.

Сэтгүүл зүйн төрлүүд дотроо нэлээд хүндэд тооцогддог хөрөг, памфлет ээлтэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир зэрэг Монголын сэтгүүл зүйн хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

“Гол тоглогч” ном нь сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын гурав дахь бүтээл бөгөөд өмнө нь “Бусдын сүм дэх миний эрх чөлөө” яруу найраг, эчнээ ярилцлагын ном, “Зурхний хэл” яруу найргийн номоо гаргаж байжээ.

Номын нээлтэд ирсэн зочид “Гол тоглогч “ ном гарсанд сэтгэл өндөр байгаагаа дуулгаад, бүгд энэхүү номыг сэтгүүл зүйн салбарт нэгэн шинэ өнгө, хуудсыг нэмэн орж ирлээ хэмээцгээж байв. Учир нь тус номонд улстөрийн томчуудын талаар тун зоримог, ур чадварлагаар  илэрхийлснээс гадна телевизийн салбарт өөрийн гэсэн шангаа татаж яваа “Херо” Б.Баатар, Дархан аварга Ж.Мөнхбат, мэргэжлийн боксын тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн тухай чухам үнэнийг мэдэх боломжтой юм.

Ингээд та бүхэнд номны талаар ойлголт өгөхийн тулд номноос авсан доорх ишлэлүүдийг хүргэж байна.

  • ...Ц.Элбэгдорж намхан. Гэвч улс төрийн тэнгэр түүнд хэзээ ч өндөрдөж байгаагүй юм. Улс төрийн тайз хатуу. Ямар ч хүн тэр тайзан дээр 26 жилийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр “жүжиг” тоглоно гэдэг хэцүү.

                                                            (“Сүүлчийн гавьяат жүжигчин” нийтлэлээс...)

  • ...Улс төрийн хувьд хэдийнээ “үхдэл” болчихлоо доо гэж бодтол эргээд л босоод ирэв. Тэр толгойг нь тасдсан ч дахиад л толгой ургаж гарч ирээд байдаг мангас аятай л аашилж байна. Н.Энхбаяр бол аюул занал, “хадны мангаа” байсан юм.

(“Манай үеийн мангас” нийтлэлээс...)

  • ...Хотонд хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтэрээ манадаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Зуумтгай чанар бол түүний оршин байхын үндэс. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж, 25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь...

(“Хүн зуудаг хоточ” нийтлэлээс...)

  • ...Шазуураа зуучихаараа тавьдаггүй “шавилхан биетэй бацаан”-ыг алх барьчихаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн санах билээ. Бөхөөр бол тэр зодог тайлах болоогүй байсан юм. Тэр ч бүү хэл, тахимаа ч өгөх хүсэлгүй байна...

(“Зэлтэрийн гацааны Зи бацаан” нийтлэлээс...)

  • Тэр өөрийгөө бурханы алдаа гэж тодорхойлсон. Алдаа, алдаадаа бүр цор ганц алдаа нь аж. Дахин давтагдахгүй, ахиж хийе гээд ч арга хэлбэр, ааш араншинг нь ав адилхан зурж, бүтээж чадахааргүй агуу том “алдаа” юм.

(“Тэр бол бурханы алдаа” нийтлэлээс...)

Б.Баргужин

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих