Шинэ Элчин сайдуудыг томилохыг УИХ дэмжлээ

: 126 өдрийн өмнө / 2018-05-17 15:04:41

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж, дэмжлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах санал ирүүлсэн юм. Мөн Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наранхүүгийн Тулга нарыг тус тус томилохоор саналдаа тусгажээ.

Хэлэлцүүлгийн эхэнд О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийн саналыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан ч олонхи дэмжсэнгүй.  Энэ үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн, “Элчин сайдын томилгооны асуудлыг хаалттай хэлэлцэж болохгүй. УИХ хэн гэдэг хүнд, ямар үүрэг даалгавар өгч, аль улсад томилж байгааг Монголын ард түмэн мэдэх ёстой” гэсэн тайлбар өгөв.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас хөрөнгө оруулалт татах чиглэлд хэрхэн ажиллахыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигч Н.Тулгаас тодруулав. Мөн тэрбээр инновацийг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хэрхэн ямар бодлого баримтлахыг Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Батжаргалаас асуусан юм.

750 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих асуудал Монгол, Их Британи улсын хооронд 2013 оноос хойш яригдаж эхэлсэн. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллахаа нэр дэвшигч Н.Тулга хариулав.

Япон Улсад Монголын 400 мэргэжилтнийг хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд сургах асуудал хэлэлцээрийн шатанд үргэлжилж байгаа. Мөн инновацийг хөгжүүлэх чиглэлд Монголын хувийн хэвшлийн байгууллагууд Японы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд Японы Засгийн газартай нягт хамтран ажиллахаа нэр дэвшигч Д.Батжаргал хэллээ.

Энэ  үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй, бүтээлчээр ажиллах, дипломат албаны ёс зүйг чанд сахиж ажиллахыг нэр дэвшигчдэд захив.Түүнчлэн тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа. Мөн өөрийн суугаа орондоо Монгол Улсыг сурталчлах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, Монгол орны нөхцөлд тохирсон техник, технологи, инновацийг судалж, нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй үр дүнтэй ажиллахыг захив.

Ингээд Монгол Улсаас гадаад улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Элчин сайдад нэр дэвшигчдийн товч намтар:

О.Энхцэцэг: 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

Д.Батжаргал: 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд программ зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегиийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны 08 дугаар сараас Монгол Улсаас Япон Улсад  суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байв. Төрийн албанд 28 жил, дипломат албанд 11 жил ажилласан.

Я.Ариунболд: 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бус Хонконг хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 2014-2016 онд  тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байв. Төрийн болон дипломат албанд 22 жил ажилласан.

Н.Тулга: 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил тус тус ажиллаж байгаа аж.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих