Төрийн гарыг хараад төөрч будилахаас цаашгүй дээ

: 36 өдрийн өмнө / 2018-05-19 13:14:19

Америкт эмч, өмгөөлөгч хоёр маш өндөр цалинтайг та бүхэн мэдэх байх. Тэгвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй сувилагчийн цалин эмчээсээ даван гарсан тухай саяхан уншиж байсан. Япон, Солонгос, Герман гээд ази европын хөгжингүй баян улс орнуудад сувилагчийн эрэлт хэрэгцээ асар их, тэр хэрээр цалин хөлс маш өндөр байдаг нь хүн амын хөгшрөлттэй холбоо бүхий нь тодорхой. Энэтхэг Хятад хоёр улс олон улсын зах зээл дээр бэлтгэгдсэн сайн сувилагчийн эрэлт өндөр байгааг соргог ажиглаж мэдээд төрийн тусгай бодлого гарган энэ зүгийн чанартай сургуулиуд байгуулж эхлээд ажиллаж байна. Сувилагчийн хэрэгцээ өндөр улс орнууд гадаадаас сувилагч авч ажиллуулахдаа тухайн орны хэлний болоод зан заншлын зохих мэдлэгтэй байх босго тавьдаг нь сургалтанд бодолцож үзэлцэх асуудал болдог ажээ. Филиппин улс англи хэлтэй сайн бэлтгэгдсэн сувилагч нарыг Америкийн зах зээл дээр хэдэн арван мянгаар нь амжилттай гаргасныг та мэдэх үү?

Ойрын үед 400 мянган сувилагчийн хэрэгцээ шаардлагатай байгаа япон улс Индонези, Малайзаас сувилагч нар оруулж иртэл толгойгоо алчуураар боосон нөгөө бүсгүйчүүдээс япон хөгшчүүд жийрхээд тэр талын хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн туршлага бий. Одоо Сүхбаатарын талбайд сувилагч эмнэлгийн ажилчид маань цалингаа нэмүүлэхээр суулт хийж байгаа бололтой. Тэд нарын маань тавьж байгаа цалин уг нь бусад улстай харьцуулахад хариугүй "ичмээр дамшиг" байгаа бололтой. Цалинг нь нэг сая төгрөгт хүргэ гэсэн шаардлага тавьсан юм даг уу даа?

Гэтэл японд л гэхэд жилдээ зуун сая монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний цалинг сувилагчдаа өгдөг гэвэл та үнэмших үү? Би энэ боломжийг нэлээд дээхнэ олж хараад нэг гайгүй нэр хүндтэй улсын их хурлын гишүүнд хоёр шавийн хамт бараалхаж билээ. Тэгээд "Манай Гэгээ боловсролын төв дээр гадаад хэл маш хурдан, хялбархан, чанартай сургах арга зүйг боловсруулчихлаа. Та манай хоёр шавиас тэр тухай сонсож болно. Тийм болохоор манай арга зүйгээр сувилагч нартаа гадаад хэл гайгүй сургаад хөгжингүй орнуудад гаргах боломж байна." гээд танилцуулж ярьсан л даа. Гэтэл өөдөөс юу ч билээ нэг монгол үг хэлээд "Та наадхиа хятадаар орчуулж чадах уу?" гэж байна. Би ч яахав орчуулаад л биччихлээ. Улсын Их хурлын захын гишүүн мэргэжлийн хятад хэлний орчуулагчийн мэдлэгийг шалгаад унахаар бахадмаар ч юм шиг балмагдмаар ч юм шиг сонин санагдсаныг нуух юун. Нэг үгээр хэлбэл жаахан санагдсан шүү. За тэр ч яахав. Тэгээд миний бичсэн өөрийнх нь мэдлэгт нэлээд дөхүү очиж таарсан юм болов уу даа? Нэлээд удаан дуугаа хурааж суусан нь өөр шалгачих юу байдаг билээ гэдгээ бодсон хэрэг байж таарна. Тэгж тэгж ганц үг унагасан нь "100 сая төгрөгийн цалин гэдэг тийм их мөнгө биш." гэж билээ. Би арга буюу хоёр шавиа дагуулаад ум хумгүй өрөөнөөс нь гарахын түйс болсон доо. Жаахан удаахан суувал энд бичихийн аргагүй сонин сонин зүйлс яриад унаж мэдэх юм гэдгээс айсан хэрэг. Ядаж хоёр шавиасаа ичсэн гэдэг жигтэйхэн.

Хожим би тэр тухай өөр нэг танилдаа ярьтал тас тас хөхрөөд: "Наад асуудлыг чинь японы засгийн газрын нэлээд өндөр албан тушаалын хүн бас л нэг нэр хүндтэй улсын их хурлын гишүүнд санал болгон тавьсан юм гэнэ лээ. Гэтэл өөдөөс нь: Манай монгол улс бүсгүйчүүдийнхээ ариун гарыг япон өвгөд эмгэдийн баас шээстэй хутгах дээрээ тулаагүй шүү гэсэн утгатай үгээр амыг нь таглаад явуулсан гэдэг шүү. Чи түүнийг бодох юм бол харин танагтай гарч иржээ. Хөөрхийс минь олон улсад маш хөгжөөд байгаа сувилагчийн мэргэжлийг дээр үеийн өвчтөнгийн хөтөвч зөөдөг төдийхнөөр төсөөлдөг улс дээр сууж байгаа гэхээр яана даа." гэж билээ. Би хоёр сайн шавьтайгаа ороод зургаан чихээр сонссон зүйлийг арай эеэрүүлэн бичиж байгааг минь та бүхэн эрхбиш ойлгоно буй за.

Сувилагч нар минь, олон улсын хөдөлмөрийн зах зээл даяарчлалын нөхцөлд та бүхэнд маш өргөн боломжийг олгож байна. Тийм болохоор та бүхэн төр засгийн гарыг харж ганц сая төгрөг горьдох биш биеэ дайчлан гадаад хэлний мэдлэгт шамдан суралц. Гадаад улсын сувилагчийн мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтанд тэнцэхээр өөрийгөө бэлд. 
Тэгвэл маш өргөн саруул амьдралын боломж өөрсдөд чинь байна шүү.

Төрийн толгойд суугаа эрхмүүд маань жаахан сүйхээтэйхэн хүмүүс байдаг бол бүр төрийн бодлогоор Ай Ти-гээр суралцаж байгаа сайхан инженер залуусыг сувилагчийн сургуулийн цэцэг цэврүү шиг охидтой танилцуулах арга хэмжээ ойр ойрхон зохион байгуулаасай. Тэгээд тэдэнд гадаад хэлний маш өндөр мэдлэг олгох сургалт явуулаад хос хосоор нь дээр дурдсан улс орнуудын хөдөлмөрийн зах зээлд гаргахсан. Тийм сайхан орчинд ажиллаж амьдарч байгаа оюунлаг монгол гэр бүлээс ямар сайхан эрүүл биетэй саруул ухаантай боловсролтой монгол хүүхдүүд өсөн торних нь ч тодорхой. Яагаад би ингэж бичиж байна гэвэл дээрхи орнуудад Ай Тигийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ сувилагчийн мэргэжлээс дутуугүй их байгаа юм. Гэвч дээрээс ийм ухаалаг бодлоготой арга хэмжээ авна даа гэж бодох гэхээр нэг л итгэл алдардаг болчихоод байна шүү.

Хятад судлаач Д.Болдбаатар
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
35 өдрийн өмнө / 176.179.148.189

uher mongolchuud yu ch surahgui chadahgui zuvhun shunal

Зочин
36 өдрийн өмнө / 193.80.238.243

aa muu hujaagiin erliiz chi mongol ohidiig hujaanuudad zarah n uu ....... haha jag ingej bodno